ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ
Мэдээ
SHARE
2025/03/20 17:43
МОНГОЛ УЛС: МЯНГЫГ АЙЛГАХЫН ТУЛД НЭГИЙГ СОНГОН ЯЛЛАЖ, ШУДАРГААР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХӨСӨРДҮҮЛЖ БАЙНА.

Монгол Улс нь шударгаар шүүлгэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлаж, хүний эрхийн ноцтой ухралт гаргаж байгаад Монголын Эмнести Интернэшнл санаа зовниж байна. Ялангуяа Засгийн газар, түүний бодлого, үйл ажиллагаа, албан тушаалтныг шүүмжилсэн олны танил, сөрөг хүчний гишүүн, сэтгүүлч, хүний эрх хамгаалагч болон бусад хувь хүмүүсийг онилон мөрдөн шалгах, ял оноох, бусад байдлаар дур зоргоор эрх чөлөөг нь хязгаарлах явдал гарсаар байна. 

 

Хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах замаар иргэний орон зай, эдийн засаг, нийгмийн эрхийг хязгаарлан урьд өмнө гаргасан хүний эрхийн ахиц дэвшлээ үгүйсгэх боллоо. Тухайлбал хүний эрх хамгаалагч, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг Эрүүгийн хуулиар[1], үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван хуран цуглах эрх чөлөөг Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга[2], Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар[3] зүй бусаар хязгаарласан.  

 

Эрх баригч нам хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах чиглэлд бодлогын хувьд анхаарах, хүний эрхийн сургалт, судалгааг эрчимжүүлэх, хүний эрхэд суурилсан судалгаанд үндэслэн Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын хүний эрхийн эрх зүйн хэм хэмжээнд хууль тогтоомжийг нийцүүлэх, хүний эрхийн багц хуулиудыг өргөн барих,[4] намынхаа хөтөлбөрт хүний эрхийг хангах асуудлаар тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх, Монгол Улс төдийгүй бүс нутагт хүний эрхийн чиглэлээр манлайлан Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн сургалт, судалгааны төв байгуулахыг амласан[5] зэрэг нааштай алхмууд хийж байгаа талаар олон нийтэд мэдээлсэн. Гэвч авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүний эрхийн зөрчил, хүчирхийллийн үйлдэлд ял завших, байгалийн баялгийн тэгш, шударга хуваарилалтын тогтолцооны хямрал, нийгмийн гишүүдийн эдийн засгийн тэгш бус байдал, амьжиргааны үнийн өсөлт, татвар хураамжийн дарамт, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчил улам гүнзгийрч байгааг иргэд шүүмжилж, 2020-2024 онуудад Засгийн газрыг огцруулах, авилгалтай үр дүнтэй тэмцэхийг шаардсан хүмүүс олон өдөр үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалуудыг[6] зохион байгуулсан. Мөн төрийн өндөр дээд албан тушаалтнууд шүүхийн хараат бус, бие даасан байдалд ноцтой нөлөөлөх мэдэгдлүүдийг хийх нь хэвийн үзэгдэл болсон. Нийгмийг бухимдуулсан хэргүүд болон олон хоногоор үргэлжилсэн жагсаал цуглааны үеийн шаардлагуудад эрх баригчдын зүгээс хариу арга хэмжээ авахдаа уг асуудлын учир шалтгааныг системтэйгээр, үр дүнтэй шийдвэрлэхийн оронд тодорхой хүмүүсийг онилон яллаж, шүүмжлэгчдийг нухчин дарахын тулд дуулиант хэргүүдийг зүй бусаар ашиглаж байна.

 

Төрийн бодлого, үйл ажиллагаа, зарим албан тушаалтны талаар шүүмжлэлт байдлаар үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлсэн хүний эрх хамгаалагч, сэтгүүлч, сөрөг хүчин, олны танил хүмүүсийг онилж, эрүүгийн хэрэгт яллах, нэр төрийг нь гутаан доромжлох, зүй бусаар цоллох, тодорхойгүй хугацаагаар дур зоргоор эрх чөлөөг нь хязгаарлах явдал ихэвчлэн сонгуулийн өмнө эрчимжиж байгаа мэдээлэл Эмнести Интернэшнл хүлээн авсан.  

 

2025 оны 03 дугаар сарын 17-ны шөнө Ноорог креатив хэвлэлийн байгууллагын ажилтнуудыг саатуулан[7], мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хуульд заасан журам болон олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцүүлсэн эсэхэд Эмнести Интернэшнл санаа зовниж байна. Үүнээс гадна эрх бүхий байгууллагууд хэвлэл мэдээллийн ажилтнуудын хэргийг шалгахдаа хууль болон олон улсын хэм хэмжээг зөрчсөн тохиолдлууд нэлээдгүй гарсаар байна. Тухайлбал, “төрийн нууц” гэдгээр хаалттай хэлэлцсэн сэтгүүлчдийн хэргийн үеэр хэрэгтэй бүрэн гүйцэд танилцах өмгөөлөгчдийн эрхийг хязгаарласан.  Үүнээс гадна олны танил, нөлөө бүхий хүмүүсийг онцлон, ялгамжтай хандан, улс төрийн сэдэлтэйгээр шүүсэн байж болзошгүй тохиолдлууд гарсаар байна. Тухайлбал, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн асан Ч.Отгочулуу, захирал асан Н.Мөнхбат нарт тодорхойгүй хугацаагаар хилийн хориг тавьж, эрхийг нь хязгаарлажээ. 

 

Шүүхийн шийдвэр гараагүй байхад төрийн өндөр албан тушаалтнууд мөрдөн шалгагдаж байгаа хүмүүсийг гэм буруутай мэтээр хэвлэл мэдээллээр зарлах нь гэм буруугүйн ойлголтыг зөрчиж, шүүхийн хараат бус, бие даасан байдлыг дордуулж байна. Суллагдсаных нь дараа ч эрх чөлөөг нь хязгаарлах, өөр хэрэгт холбогдуулан шалгасаар байгаа нь тэдгээр хүмүүсийг айлгах замаар бусад хүмүүст ч айдас бий болгож, нөлөөлөхийг оролдож байна. Зөвхөн шүүмжилж эсхүл өөр байр суурь илэрхийлснийх нь төлөө хэнийг ч адалж, онилж, шударга бусаар шүүх ёсгүй.

 

Иймд Эмнести Интернэшнлээс шүүмжлэл, эсрэг үзэл бодлыг нухчин дарахын тулд сэтгүүлчид, сөрөг хүчин, иргэний нийгмийн идэвхтнүүдийг улс төрийн сэдлээр дур зоргоор баривчлах, ял шийтгэх явдлыг зогсоохыг эрх баригчдаас шаардаж байна. Эдгээр хүмүүс нь гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд ч гагцхүү олон улсын хууль, хэм хэмжээнд нийцсэн хараат бус, бие даасан шүүхээр шударгаар шүүлгэх эрхийг нь баталгаажуулах ёстой. 

 

Ингэхдээ хүний эрх чөлөөтэй байх эрх, хувийн халдашгүй байх, нэр төртэй байх зэрэг үндсэн эрх, эрх чөлөөг хүндэтгэж, хангахын тулд мөрдөн шалгах ажиллагааг олон улсын хүний эрхийн суурь зарчимд нийцүүлэх шаардлагатай. Түүнчлэн гэм буруугүйд тооцох зарчмыг хангах; шүүхийн ажиллагаа дуусах хүртэл суллах боломжтой байх; талуудын эрх тэгш байдлыг хангах буюу аливаа эрх бүхий албан тушаалтны гаргасан мэдэгдлийг эсэргүүцэхэд шаардлагатай мэдээллийг олж авах эрхийг хангах; сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллагын эх сурвалжаа нууцлах эрхийг хангах; шүүхээр хэргийг шийдвэрлэхэд үндэслэлгүйгээр удаашруулахгүй байх, шүүгдэгчид ашигтайгаас бусад тохиолдолд өөрчлөгдсөн эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй байх зэрэг эрүүгийн шударга шүүх ажиллагааны зарчмуудыг дагаж мөрдөхийг баталгаажуулах шаардлагатай. 

 

Эмнести Интернэшнлээс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактаар баталгаажсан дур зоргоор баривчлагдахаас ангид байх, шударгаар шүүлгэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, тайван хуран цуглах, чөлөөтэй зорчих эрхүүдийг дур зоргоор, хэтрүүлэн  хязгаарлахаа зогсоохыг эрх баригчдаас шаардаж байна.

 

 


[1] 2015 оны 12 дугаар сарын 3-нд батлагдсан Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн 13.14 дүгээр заалт, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийн нэмэлт, https://legalinfo.mn/mn/detail/11634 

[2] 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, https://legalinfo.mn/mn/detail?lawId=17140718521551&sword=%D0%A1%D1%82%D0%B0%D0%BD%D0%B4%D0%B0%D1%80%D1%82,%20%D1%85%D1%8D%D0%BC%D0%B6%D0%B8%D0%BB%20%D0%B7%D2%AF%D0%B9

[3] 1994 оны 7 дугаар сарын 7-нд батлагдсан Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалт-2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулийн нэмэлт, 7 дугаар зүйлийн 7.7 дахь заалт-2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт, 10 дугаар зүйл 10.1 дэх заалт- 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн нэмэлт, https://legalinfo.mn/mn/detail/252   

[4] Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Монголын Эмнести Интернэшнлд ирүүлсэн албан бичиг, 2024 оны 8 дугаар сарын 7, № 1/206. 

[5] Б.Батцэцэг: НҮБ-ын хүний эрхийн бүс нутгийн сургалт, судалгааны төвийг эх орондоо байгуулна, https://www.24tsag.mn/a/223251

[6] Монгол Улсад зохион байгуулагдсан жагсаалуудын кейс судалгаа, IRIM судалгааны хүрээлэн, 2024 он, https://resource4.sodonsolution.org/irim/File/2024/09/30/4p2hj3o38akrah9q/ICNL-IRIM-%D0%9A%D0%B5%D0%B9%D1%81%20%D1%81%D1%83%D0%B4%D0%B0%D0%BB%D0%B3%D0%B0%D0%B0%D0%BD%D1%8B%20%D1%82%D0%B0%D0%B9%D0%BB%D0%B0%D0%BD%202024.pdf  Монголын Эмнести Интернэшнлийн мэдэгдэл Монгол Улс: Тайван жагсах эрхээ эдэлж байгаа жагсагчдыг хамгаалах ёстой https://amnesty.mn/news/251 

[7] https://news.mn/r/2789296/