МОНГОЛ УЛС: ТАЙВАН ЖАГСАХ ЭРХЭЭ ЭДЭЛЖ БАЙГАА ЖАГСАГЧДЫГ ХАМГААЛАХ ЁСТОЙ.
Монгол Улс нь нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Үндсэн хуулиар баталгаажсан тайван жагсаал цуглаан хийх эрхийг хамгаалах үүргээ биелүүлээгүйд Монголын Эмнести Интернэшнл санаа зовниж байна.
Жагсаал цуглааны үеэр нийгмийн хэв журам сахиулах чиг үүрэг бүхий хууль сахиулах байгууллагын ажилтнууд нь зохион байгуулагч, оролцогчдын тайван жагсаал, цуглаанд оролцох үндсэн эрхийг хүндэтгэж, эрхээ эдлэх баталгааг хангах, сэтгүүлч, хөндлөнгийн мониторинг, ажиглалт хийж байгаа иргэд, эмнэлгийн ажилтнууд болон олон нийтийн бусад гишүүд, мөн нийтийн болон хувийн өмч хохирохоос хамгаалах ёстой.[1]
Гэвч 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатарын талбайд болсон жагсаалын үеэр хэсэг бүлэг хүмүүс жагсагчдын биед халдаж, талбайгаас чирч гаргахыг завдсан үйлдлийг хууль сахиулагчдын зүгээс таслан зогсоох, жагсагч эмэгтэйг хамгаалах арга хэмжээ авах, тайван жагсагчдыг хөндлөнгийн аюул, заналхийллээс хамгаалах тухай Монгол Улсын холбогдох хууль болон олон улсын хүний эрхийн эрх зүйн хэм хэмжээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй.
Тайван жагсаал цуглааны үеэр хүчирхийлэлд уриалах, жагсагчдад халдах зэргээр эмх замбараагүй байдалд хүргэж болзошгүй аливаа үйлдлийг хууль сахиулах байгууллагын ажилтнууд таслан зогсоох үүрэгтэй. Жагсаалд оролцож буй тодорхой бүлэгт хамаарах хүмүүсийн тухайлан нас, хүйс, хөгжлийн бэрхшээл, үндэс угсаа, гарал үүсэл, шашин шүтлэг, бэлгийн чиг баримжаа зэргээс шалтгаалан тэдний эсрэг дайралт гарч болзошгүй гэдэгт цагдаагийн байгууллага үргэлж сонор сэрэмжтэй хандах ёстой.[2]
Иймд Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлж, тайван хуран цуглах иргэдийнхээ эрхийг хамгаалахыг Монголын Эмнести Интернэшнлээс эрх баригчдад хандан уриалж байна. Мөн жагсаал, цуглааны үеэр үйлдэгдэж буй хүчирхийлэлд тохирох арга хэмжээг авч, жагсагчдад халдсан тухайн үйлдлийг нэн даруй мөрдөн шалгаж, буруутай этгээдэд зохих хариуцлага тооцохыг шаардаж байна.
[1] НҮБ-ын Хүний Эрхийн Хорооны Тайван хуран цуглах эрхийн (21 дүгээр зүйл) талаарх Ерөнхий тайлбар No. 37, para 74
[2] Office for Democratic Institutions and Human Rights (ODIHR), Human Rights Handbook on Policing Assemblies, 2016, https://www.osce.org/files/f/documents/c/5/226981.pdf