ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
Мэдээ
SHARE
2025/07/02 13:48
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ: ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛЫН СИМПОЗИУМ 2025

IMG_3052.JPG

 

2025 оны 7 дугаар сарын 2

НҮБ-ын Хүний эрхийн боловсрол, сургалтын тухай Тунхаглалд “Хүн бүр хүний эрх, суурь эрх чөлөөний тухай мэдээлэл хайх, хүлээн авах, мэдэх эрхтэй” гэж заасан. Үүнийг хэрэгжүүлэх дэлхий нийтийн хамтын ажиллагааны гол хөтөлбөр нь 2005 оноос хэрэгжиж буй Хүний эрхийн боловсролын Дэлхийн хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн 5 дугаар үе шат (2025–2029) нь дэлхий даяар хүүхэд, залуучуудад чиглэсэн хүний эрхийн боловсрол олгохыг гол чиглэлээ болгосон.

 

Энэ хүрээнд 2025 оны 7 дугаар сарын 2-ны өдөр “Хүний эрхийн боловсролын симпозиум 2025” Монгол Улсад амжилттай зохион байгуулагдлаа. Симпозиум нь төрийн болон төрийн бус, олон улсын болон боловсролын байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлаж, боловсролын бүх түвшинд хүний эрхийн боловсролыг системтэй тусгах боломж, арга замыг хэлэлцсэн үндэсний хэмжээний бодлогын уулзалт байв.

 

Өмнөх симпозиумуудын залгамж чанар

Монгол Улсад хүний эрхийн боловсролын симпозиумыг 2 жил тутамд зохион байгуулагдаж байна. Тухайлбал: 

  • 2017 он: “Монгол Улс дахь хүний эрхийн боловсролын өнгөрсөн, одоо, ирээдүй” онол-практикийн бага хурал 
  • 2018 он: “Хүний эрхийн соёлыг бэхжүүлэх нь” симпозиум
  • 2023 он: “Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиум

Эдгээр арга хэмжээ нь салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, бодлогын шинэчлэлд тодорхой үр нөлөө үзүүлсэн байдаг.

 

Симпозиумын онцлог, зорилго

Энэ удаагийн симпозиумын дараах онцлогтой байв.

  • Төр, ТББ-ын хүний эрхийн боловсролын төлөөх хамтын ажиллагааг өргөжүүлэх
  • Өмнөх симпозиумын зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэх, үнэлэх
  • Бүс нутгийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх

 

Симпозиумын гол зорилго нь: 

  • Монгол Улс дахь хүний эрхийн боловсролын үндэсний чадавхыг бэхжүүлэх
  • Бүс нутгийн улс орнуудтай туршлага, мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх
  • Боловсрлын бүх түвшинг хамарсан буюу сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын түвшинд хүний эрхийн боловсролыг агуулгыг хэлэлцэж, матриц боловсруулах

 

Симпозиумд төрийн болон төрийн бус байгууллага, боловсролын салбарын албан хаагч, багш, сурагч, иргэдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцож, боловсролын бүх шатанд хүний эрхийн боловсрол хэрхэн тусч байгааг хэлэлцлээ. Түүнчлэн Тайландын Хаант улсын ерөнхий боловсролын сургуулиудад хүний эрхийн боловсрол түгээх туршлага, Сургуулийн өмнөх насны суралцагчдад хүний эрхийн боловсрол олгох Бүгд Найрамдах Энэтхэг Улсын сайн туршлага, Япон улсын Хүний эрхийн боловсролыг дэмжих тухай хууль зэрэг бүс нутгийн сайн туршлагуудыг онцлон танилцуулсан нь практик ач холбогдол өндөртэй хэлэлцүүлэг болж өнгөрөв.

 

Симпозиумын үеэр салбарын мэргэжилтэн, судлаач, багш нарын оролцоотойгоор боловсролын бүх түвшинд хүний эрхийн боловсролыг хэрхэн үр дүнтэй тусгах талаар матриц боловсруулж хэлэлцсэн нь арга хэмжээний гол үр дүн байв.

 

Мөн симпозиумыг угтаж, “Монгол Улсын боловсролын тогтолцоонд хүний эрхийн боловсрол хэрхэн туссан байдал болон олон улсын туршлагатай харьцуулсан” сэдвийн хүрээнд илтгэлийн уралдаан зохион байгуулагдсан бөгөөд 30 гаруй судлаач бүтээлээ ирүүлжээ. Шилдгээр шалгарсан судлаачид симпозиумын үеэр өөрсдийн судалгааг олон нийтэд танилцуулж, бодлогын хэлэлцүүлэгт хувь нэмрээ орууллаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7000470696504440

Вэб: www.amnesty.mn

 

Зохион байгуулагч байгууллагууд:

  • Монголын Эмнести Интернэшнл
  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс
  • Боловсролын яам
  • Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага
  • Монголын Хуульчдын Холбоо
  • Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль
  • Отгонтэнгэр их сургууль