Монголын Эмнести Интернэшнл,Монголын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран "Идэвхтэй насжилт: Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” Ази, Номхон далайн бүсийн форум 2025.06.19-ний өдөр зохион байгуулагдлаа.
Форумд БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооны Насжилтын асуудлаарх ажлын хэсгийн ахлагч ноён Ан Чанг Хо, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын Ахмад настны эрх хариуцсан хэлтсийн дарга, хатагтай Читралеха Мари Массей нар хүрэлцэн ирж оролцож юм.
Мөн Филиппин, Балба, Йордан, Тайланд, Энэтхэг, Польш, Катар улсын Хүний эрхийн байгууллагуудын төлөөллөөс гадна Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдууд, олон улсын байгууллага УИХ, Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллага, ахмад иргэдийн төлөөлөл оролцсон.
“Идэвхтэй насжилт: Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” Ази, Номхон далайн бүсийн форум “Ахмад настны эрх: насжилтаас үүдсэн сорилт, боломж” болон “Ахмад настны эрх: Олон улс, бүс нутгийн стратеги, хамтын ажиллагаа” салбар хуралдаанаар үргэлжилж “Ахмад настны эрх: насжилтаас үүдсэн сорилт, боломж” салбар хуралдааныг “Монголын Эмнести Интернэшнл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дэд дарга Б.Болдсүрэн чиглүүлж, панелистаар БНЭУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссын Нарийн бичгийн дарга, ноён Самир Кумар, БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссын Олон улсын хүний эрхийн хэлтсийн ажилтан, хатагтай Юукёнг Парк, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын тэргүүн, хатагтай Сокорро Эскаланте, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц. Сүхбаатар, Азийн Хөгжлийн банкны төслийн зохицуулагч Б.Энхцэцэг нар ажиллалаа.
Форумд оролцогчид ахмад настнуудад тулгарч буй асуудлыг хэлэлцэж туршлага хуваалцан, тэдний эрхийн хэрэгжилтийг хангах эрх зүйн орчныг сайжруулах үндсэн зорилгын хүрээнд санал солилцож хэлэлцүүлэг өрнүүлж, НҮБ-ын Ахмад настны эрхийн бие даасан конвенц батлуулахад түлхэц болох зорилгоор "Улаанбаатарын Уриалга"-ыг батлан гаргалаа. Ингэснээр НҮБ-ын Ахмад настны эрхийн бие даасан конвенц батлах үйл явц нэг алхмаар урагшилсан гэж ойлгож болно.
Энэхүү конвенц батлагдсанаар ахмад настнууд нийгмийн амьдралд тэгш оролцож, эрхээ бүрэн хамгаалуулах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.
#Хүн_бүр_адил_тэгш_эрхтэй. #Нас_ахисанч_энэхүү_эрх_бүдгэрэх_ёсгүй