БИДНИЙ ТУХАЙ

Эмнести Интернэшнл 150 гаруй улс орон, газар нутагт 10 сая хүнийг эгнээндээ нэгтгэсэн дэлхий даяарх хүний эрх хамгаалагчдын хөдөлгөөн юм.

Эрх баригчид олон улсын эрх зүй, хэм хэмжээг хүндэтгэдэг, хариуцлагаа хүлээдэг, амлалтдаа хүрдэг дэлхий ертөнцийг бий болгохын төлөө бид ажилладаг.

Бид аливаа засгийн газар, улс төрийн үзэл суртал, эдийн засгийн ашиг сонирхол, шашин шүтлэгээс ангид бие даасан, хараат бус бөгөөд гишүүд дэмжигчдийнхээ хандив тусламжаар санхүүждэг.

Хүмүүс эв санааны нэгдэлтэй, хүмүүнлэг энэрэнгүй байснаар илүү сайхан нийгмийг бий болгож, өөрчилж чадна гэдэгт бид итгэдэг.

Манай байгууллагын хүч бол хүмүүс. Олон хүмүүс шударга ёсны төлөө дуугардаг учраас Эмнести Интернэшнл гайхалтай амжилтуудыг гаргасаар ирсэн.

Эмнести Интернэшнл бол хүний эрхийн талаарх дуу хоолой юм. Бид 60 гаруй жилийн турш хүний эрхийн зөрчил, олон улсын хүний эрхийн хууль тогтоомж, стандартын талаар найдвартай, үнэн зөв мэдээллээр дэлхий нийтэд хүргэсээр ирсэн.

Эмнести Интернэшнл нь аливаа засгийн газар, улс төрийн үзэл суртал, эдийн засгийн ашиг сонирхол, шашин шүтлэгээс үл хамаардаг. Бид хүний эрхийн судалгаа, сурталчилгааны ажилд зориулж ямар ч засгийн газраас санхүүжилт авдаггүй ба бид хувь хүмүүсийн хандиваар санхүүждэг.

Бидний цорын ганц зорилго бол хүн бүр эрхээ эдэлдэг дэлхий ертөнцийг бий болгох юм.

БИД ХЭРХЭН ӨӨРЧЛӨЛТ ХИЙДЭГ ВЭ?

БИД ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ

Хүмүүс хүний эрх зөрчигдөж байгаа үед Эмнести Интернэшнл тэдний нөхцөл байдлыг дэлхий нийтийн анхаарлын төвд оруулдаг. Манай дэмжигчид тэднийг хамгаалахын тулд арга хэмжээ авч ажилладаг.

БИД ХУУЛЬ ТОГТООМЖ, БОДЛОГОД НӨЛӨӨЛДӨГ

Эмнести Интернэшнл олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаа улс орнуудыг тодорхойлж, шаардлагатай өөрчлөлтийг тэдгээр улс орнууд хэрэгжүүлэхийг шаарддаг.

БИД ГЭМТ ЭТГЭЭДҮҮДИЙГ ШУДАРГА ЁСНЫ ӨМНӨ АВЧИРДАГ

Эмнести Интернэшнл хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авахыг уриалж, буруутай этгээдүүдийг шударга шүүхийн өмнө авчрахыг уриалдаг.

БИД ДЭЛХИЙ ДАХИНД ХҮНИЙ ЭРХИЙШ БЭХЖҮҮЛДЭГ

Эмнести Интернэшнл олон улсын хүний эрхийн хууль тогтоомжийн цоорхойг илрүүлж, шинэ арга хэрэгсэл, механизмд шаардлагатай хүний эрхийн журмыг тодорхойлдог.

ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ: ОЛОН УЛСЫН ТҮҮХЭН ТОВЧОО

1961

“Эрх чөлөөний төлөө” хундага өргөснийхөө төлөө хоригдсон Португалийн хоёр оюутны тухай сонсоод Английн хуульч, Петер Бененсон, арга хэмжээ авах ёстой хэмээн үзэн, эргэлт буцалтгүйгээр тэмцэхээр шийдсэн юм.

1961 оны 5 дугаар сарын 28-нд “The Observer” сэтгүүлд “Мартагдсан Хоригдлууд” нэртэй уриалгаа нийтлүүлсэн нь олон хүний дэмжлэгийг авав. Энэ бусармаг явдалд бухимдсан хүн тэр ганцаараа биш байв.

Петер Бененсоны уриалга хүмүүст тэмцэх арга хэрэгсэл болсон юм. Нэг нэгээрээ хүмүүс Эмнести Интернэшнлд нэгдэж, гишүүн болсоор байв. Ингэж Эмнести Интернэшнл анх байгуулагдсан юм.

“Open your newspaper – any day of the week – and you will find a report from somewhere in the world of someone being imprisoned, tortured or executed because his opinions or religion are unacceptable to his government.”

- Peter Benenson, 1961.

1977

Эмнести Интернэшнл нь “Эрх чөлөө, шударга ёсны үндэс суурийг баталгаажуулж”, улмаар дэлхийн энх тайвныг тогтооход хувь нэмрээ оруулсны төлөө Нобелийн Энх Тайвны шагнал хүртэв. Энэ нь дэлхий даяарх Эмнести Интернэшнлийн дэмжигчдийн шаргуу хөдөлмөр, тууштай байдлын үр дүн юм.

1988

Эмнести Интернэшнл “ЯГ ОДОО ХҮНИЙ ЭРХ” рок концертыг зохион байгуулав. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын (UDHR) 40 жилийн ойг тохиолдуулан тухайн үеийн хамгийн алдартай хамтлагуудын оролцсон аялан тоглолт хийв.

ДЭЛГЭРЭНГҮЙ

1994

Монголын Эмнести Интернэшнл нь 1994 оноос үйл ажиллагаагаа явуулж эхлэв. Бид кампанит ажлуудаар дамжуулан иргэдэд иргэний, улс төрийн, эдийн засгийн болон нийгэм соёлын эрхийг нь таниулах үйл ажиллагааг сургалт, олон нийтийн үйл ажиллагааны хэлбэрүүдээр зохион байгуулсаар ирсэн.

2011-2012

Олон улсын нарийн бичгийн дарга нарын газраас Хөдөлгөөний хөгжил хариуцсан тэргүүн захирал Колм О.Кунакайн айлчлал хийж, Монгол улсад зохиогдож буй "Уул уурхай ба хүний эрх чуулган"-д оролцон ЭИ-ийн туршлага, байр суурийг танилцуулж, УИХ-ын дэд даргатай уулзалт хийн "2012-2015 онд ажиллах УИХ-д санал болгох хүний эрхийн хэлэлцэх асуудлыг өргөн барив.

ӨНӨӨДӨР

Монгол Улсын хэмжээнд 9000 гаруй гишүүн, дэмжигчидтэй, нийслэл болон орон нутгийн, мэргэжил, сонирхлын 25 бүлэгтэй. Монголын Эмнести Интернэшнл нь Хүний эрхийн боловсрол, Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хамгаалахын төлөө, Хүний эрх хамгаалагчийг хамгаалах, Эрүүдэн шүүхийг зогсоох, Эрсдэлд буй хүмүүсийг хамгаалах үйл ажиллагаанаас эхлүүлээд, Ялгаварлан гадуурхалттай тэмцэх, Дүрвэгсэд болон Цагаачдын эрхийг хамгаалж, эрхийг нь баталгаажуулахын төлөө ажиллаж байна.

Эрх чөлөө, нэр төрд нь заналхийлсэн хэн бүхний төлөө бид дуугардаг.

МАНАЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭЭРЭЙ

Шударга бус байдалтай тэмцэж, хүний эрхийг хүн бүр эдэлдэг ертөнцийг бий болгоход туслаарай.