НҮБ-ын Хүний Эрхийн Боловсролын Дэлхийн Хөтөлбөрийн зорилтын хүрээнд Олон Улсын Эмнести Интернэшнл байгууллагаас 2009 оноос Хүний эрхэд ээлтэй сургууль (ХЭЭС) хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн.
ХЭЭС хөтөлбөрийн туршилтын шатанд 2009 оны 9р сараас 2011 оны 7р сарын хооронд Монгол улс болон бусад 14 улсын ерөнхий боловсролын 15 сургууль хамрагджээ. Монгол улсын хувьд ХЭЭС хөтөлбөрт Нийслэл Улаанбаатар болон Дархан, Эрдэнэт хот, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 32 сургууль нэгдсэн.
Тус хөтөлбөр нь 2024 оны 04-р сараас эхлэн Говь-Алтай аймгийн Боловсролын газар, Монголын Эмнести Интернэшнл байгууллагын хамтарсан удирдамж, сургуулийн удирдлагын хамтын ажиллагааны санамж бичигт үндэслэн хэрэгжиж байна. Хөтөлбөрт Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын I, II, III, IV, болон Хантайшир Эрдэм цогцолбор сургуулийн удирдлага, багш, сурагч, эцэг эхийн баг хамрагдаж байна.
Хөтөлбөрийн хоёр дах шатны сургалт 2025 оны 05 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж сургуулийн баг хамт олон, сурагч, эцэг эхийн төлөөлөл хамрагдлаа.
Энэ удаагийн сургалтаар багш нар сургалтын хөтөлбөр болон хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар дамжуулж хүний эрхийн боловсролыг түгээх аргазүйд суралцан баг тус бүр хүний эрхийн үзэл санааг тусгасан хичээлийн хөтөлбөр боловсруулав. Сурагчдын хувьд сургуулийн бодлого, шийдвэр болон өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх, хүний эрхийн үйл ажиллагааг төлөвлөх чиглэлээр хамтран суралцлаа. Эцэг эх, асран хамгаалагчид Хүний эрхэд ээлтэй сургуулийн оролцогч талынхаа хувьд олон нийтийн оролцоог хангах, багш -эцэг, эх, сурагч -эцэг эхийн харилцааны эерэг аргад суралцан мэдээлэл авлаа.
Түүнчлэн Говь-Алтай аймгийн Боловсролын газар, Монголын Эмнести Интернэшнл хамтран “Говь-Алтай аймгийн сумдуудын ЕБС-ийн сэтгэлзүйч, нийгмийн ажилтан нарт зориулсан Хүүхэд хамгаалал ба Хүний эрхэд ээлтэй сургууль” сургалтыг зохион байгууллаа. Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал, бодлого журам, хүүхэд хамгаалалд сэтгэлзүйчийн үүрэг, хүний эрхийн боловсролын чиг хандлага, хүүхдийн сэтгэлзүйн онцлог, бие хүний хөгжил агуулгаар хүний эрхийн болон сэтгэлзүйн сургагч багш нар сургалт орлоо.