Монголын Эмнести Интернэшнл, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулиас 2025 оны 5-р сарын 14-ний өдөр хамтран зохион байгуулсан “Технологи ба хүний эрх” арга хэмжээний үеэр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Шинжлэх ухаан, технологитой холбоотой хүний эрхийн асуудлаар оюутан суралцагчдад мэдлэг олгох, хүний эрхийн мэдрэмжтэй боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллах зорилго бүхий уг санамж бичигт ШУТИС-ийг төлөөлөн захирал Др. Проф. Т.Намнан, Монголын Эмнести Интернэшнлийн Гүйцэтгэх захирал Б.Алтантуяа нар гарын үсэг зурлаа.
Технологи асар хурдацтай хөгжиж, технологийн компаниуд дэлхийн хэмжээнд хүрээгээ тэлж байгаа энэ үед бидэнд технологийн хүний эрхэд үзүүлж байгаа нөлөөлөл, эрсдэлийг зогсоох, ирээдүй хойчийн эрхийг хамгаалах хэрэгцээ шаардлага үүсч байгааг Б.Алтантуяа захирал онцолсон бол, ШУТИС-ийн захирал Т.Намнан технологитой холбоотой хүний эрхийн асуудлаарх оюутан залуучуудын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, ёс зүйтэй инженер мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлээр хамтран сургалт, семинар, арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулж ажиллахдаа таатай байгаагаа илэрхийллээ.
“Технологи ба хүний эрх” арга хэмжээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа урилгаар оролцож, Монгол улс дахь цахим технологитой холбоотой хүний эрхийн асуудлаар танилцуулга хийлээ.
Дижитал эрин зуунд хүний эрх нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хувийн нууцлал, мэдээллийн хамгаалалт, эрх тэгш байдал, ялгаварлан гадуурхалтаас ангид байхыг баталгаажуулж, цахим орчинд аюулгүй, хариуцлагатай, хүртээмжтэй байдлаар оролцох боломжийг бий болгодог.
Технологи зохион бүтээгч инженерүүд нь хүний эрхийн суурь мэдлэг ойлголт, ёс зүйтэй байж, сөрөг үр дагаварыг багасгах, шударга ёсыг дэмжих, бүх хүний нэр төр, эрхийг хамгаалсан технологийг хөгжүүлж, нэвтрүүлэх нь аливаа хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.