Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пакт болон хүний эрхийн бусад суурь конвенцоор амьдралын хүрэлцээтэй түвшинд аж төрөх эрхийн агуулгаар хамгаалагдсан шаардлагад нийцсэн орон байртай байх эрх болон Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хувийн өмчийн эрхийг өргөн хүрээнд зөрчих, хүний эрхийн хямралд хүргэх ноцтой үр дагавар бүхий Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль (НУХЗХТБГХОС тухай хууль) болон уг нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэхгүйгээр Улсын Их Хурлаар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр шийдвэрлэснийг Монголын Эмнести Интернэшнл олон мянган гишүүдийнхээ нэрийн өмнөөс хатуу шүүмжилж энэхүү шаардлагыг холбогдох байгууллага болон албан тушаалтанд хүргүүлж байна.
Монголын Эмнести Интернэшнл нь хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хэрэгжүүлэхэд чиглэсэн олон улсын хүний эрхийн эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн хот суурин газрын дахин төлөвлөлтийн бодлого, эрх зүйн зохицуулалт, хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмждэг бөгөөд шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг хүндэтгэх, хамгаалах төрийн болон бизнесийн үүрэг, хариуцлагыг хүний эрхийн олон улсын хэм хэмжээнд нийцүүлэх чиглэлээр 2015 оноос хойш олон талт нөлөөллийн үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлж байна.
Гэвч хөгжлийн нэрээр халхавчлан олон жил хэрэгжүүлж байгаа хот суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийг хүний эрхийн олон улсын эрх зүйн хамгаалалт, удирдлага, зохион байгуулалт, захиргааны болон шүүхийн хяналт, санхүүжилт, хүний эрхэд суурилсан гомдол барагдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх үр дүнтэй тогтолцоог бүрдүүлээгүй, иргэдийн бүрэн утга учиртай оролцоог хангахгүйгээр хэрэгжүүлж байгаа тогтолцооны гажуудлаас үүдэн олон тооны төсөл, хөтөлбөр амжилтгүй болж хэдэн мянгаар тоологдох иргэд, түүний дотор эмэгтэйчүүд, хүүхдүүд, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгэм, эдийн засгийн эмзэг бүлгийн иргэдийн шаардлагад нийцсэн орон байртай байх эрх болон бусад эрх олон жилийн турш ноцтой зөрчигдөж байгааг бид баримтжуулсаар ирсэн.
Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сард НУХЗХТБГХОС тухай хуулийг хэлэлцэхдээ Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд заасан “Үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах” гэсэн тодорхой бус өргөн хүрээтэй нэр томьёог ашиглан нөлөөлөлд өртөх олон мянган айл өрх болон хэдэн зуун мянган хүнд бий болох өргөн хүрээний хүний эрхийн ноцтой сөрөг үр дагаврыг үл хайхран яаралтай горимоор баталсан нь Хууль тогтоомжийн тухай хуульд заасан ил тод, нээлттэй байх, олон нийтийн оролцоог хангах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх зэрэг зарчмыг ноцтой зөрчиж, шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийн өргөн хүрээний зөрчил, хямралд хүргэж байна. НУХЗХТБГХОС тухай хуулийн 4.1.5-д “нийгмийн зайлшгүй хэрэгцээ” гэх нэр томьёог тайлбарлахдаа агуулгын чухал хэсэг болох “зайлшгүй” буюу “гарцаагүй тохиолдолд”, “өөр арга замаар шийдвэрлэх боломжгүй” гэсэн үндсэн шинжийг орхигдуулсан нь нийгмийн зайлшгүй шинжид нийцэхгүй боловч хуульд нэрлэн заасан гэх үндэслэлээр хувийн өмчийн эзэмшлийн аюулгүй байдалд хүний эрхийн процессын шударга хамгаалалтгүйгээр халдах нөхцөлийг бүрдүүлсэн. Нийгмийн сайн сайханд хүрэх ерөнхий зорилго нь хүний эрхийн зайлшгүй бус, нөхцөл байдалд тохирохгүй Үндсэн хууль, олон улсын хүний эрхийн эрх зүйн хэм хэмжээнд нийцээгүй хязгаарлалтыг зөвтгөх үндэслэл болохгүй.
Хууль хэрэгжиж эхэлснээс хойш нөлөөлөлд өртсөн иргэдтэй мэдээлэлтэйгээр бодитоор, утга учиртай зөвлөлдөж тохиролцохгүй байх, шударга бөгөөд бүрэн нөхөх олговрын талаарх олон улсын зарчимд нийцээгүй аргачлалаар үнэлсэн үнэлгээний байгууллагын дүгнэлтэд үндэслэн тохиролцохыг шууд болон шууд бусаар тулгах, үнэлгээний дүгнэлтийг бүрэн танилцуулахгүй байх, хувийг нь өгөхгүй байх, тохиролцоонд хүрээгүй тохиолдолд газрыг Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр, шүүхийн үр дүнтэй хяналтгүйгээр, цагдаагийн байгууллагын хүч дэмжлэгээр албадан чөлөөлөх практикт хүргэж байна. Газрыг албадан чөлөөлөх процессын шударга хэмжээг аль ч хуульд тодорхой хуульчлаагүй нь Нийслэлийн засаг дарга цагдаагийн албаны хүчийг дур зоргоор ашиглах нөхцөлийг бүрдүүлж, зөрчигдсөн эрхийг шүүхээр хамгаалуулах эрх, шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх Үндсэн хуулийн заалтыг ноцтой зөрчиж байна.
Нөхөх олговрыг орон сууцаар, эсхүл өмнөх газрын үнэ цэн, чанарыг дордуулаагүй газраар дүйцүүлж олгохоос зайлсхийж мөнгө хэлбэрээр олгохыг урьтал болгож байгаа нийтлэг практик нь мөнгөн хэлбэрээр олгох нөхөх олговор нь ямар ч тохиолдолд газар гэх зэрэг бодит нөхөх олговрыг орлохгүй гэсэн НҮБ-ын холбогдох байгууллагын зөвлөмж, тайлбарт нийцэхгүй. Түүнчлэн нөлөөлөлд өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлэх боломжтой, тохиромжтой, аюулгүй байршлыг тодорхойлж, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн оролцоо зэрэг нийгмийн болон төрийн үйлчилгээ, амьжиргааны боломж, дэд бүтцийн баталгааг хангах тодорхой, үр дүнтэй, тогтвортой арга хэмжээ өнөөг хүртэл зохистойгоор авч хэрэгжүүлэхгүй байгаа нь төрийн хүний эрхийг хамгаалах үүргийн ноцтой зөрчил юм.
НУХЗХТБГХОС тухай хуульд газрыг нийгмийн зайлшгүй хэрэгцээнд авах асуудлыг хэрхэн төлөвлөх, холбогдох шийдвэрийг хэрхэн гаргах, ингэхдээ хүний эрх болон нийгэм, байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ хийх, энэ талаарх мэдээллийн ил тод байдлыг хангах, нөлөөлөлд өртөх хүмүүст урьдчилан танилцуулах, зөвлөлдөх, албадан шилжүүлэх шийдвэрт тавих захиргааны болон шүүхийн хяналт, албан чөлөөлөх нөлөөлөлд өртсөн хүмүүст ямар хугацаанд мэдээлэх, эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчигдсөн эрхийг шүүхийн болон шүүхийн бус журмаар шийдвэрлэх эрхийн баталгаа зэрэг үндсэн суурь асуудлыг шийдвэрлэх шударга процессын хэм хэмжээг бүрэн орхигдуулсны зэрэгцээ энэ талаарх харилцааг Засгийн газрын баталсан журмаар зохицуулсан нь хүний эрхийг зөвхөн хуулиар хязгаарлах олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцэхгүй.
Гэвч тус хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл нь эдгээр бодлого, зохицуулалтын хүний эрхийн хамгаалалтыг олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцүүлэх, шүүхийн үр дүнтэй хамгаалалтыг бий болгоход чиглэх нэн шаардлагатай асуудалд анхаарал хандуулахгүйгээр олон тооны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг олон нийт болох нөлөөлөлд өртөх эрсдэлтэй бүлгээр хэлэлцүүлэхгүйгээр яаралтай горимоор шийдвэрлэх нь хүний эрхийн зөрчил, хүчирхийллийн эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.
Хуулийн төсөлд нөхөх олговрын зориулалтаар болон газар чөлөөлөхтэй холбогдон гарах зардлыг нөхөх, гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор орон сууцжуулах төслийн хүрээнд баригдсан орон сууцыг борлуулах, уг орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан “Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сан”-д төвлөрүүлж зарцуулахаар тусгасан нь төр болон орон нутгийн удирдлага төслийн үйл ажиллагаанд эдийн засгийн ашиг сонирхлоор оролцох эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж хүний эрхийг хангах үүргээ хангалтгүй биелүүлэх үр дагаварт хүргэхээр байна. Орон сууцжуулах төслийн хүрээнд баригдсан орон сууцыг худалдан борлуулахтай холбоотой харилцааг хуулиар хэрхэн зохицуулах нь тодорхойгүй байгаа нь нийтийн зайлшгүй хэрэгцээ нэрийн дор Засгийн газрын тусгай сангаар дамжуулан хөрөнгийн эх үүсвэрийг шударга бусаар, үр дүнгүй зарцуулдаг өмнөх зүй бус жишиг, практикийг дахин давтахад хүргэхээр байна.
Мөн Усны тухай хуулийн 22.2.1-т заасан усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд тогтоосон онцгой хамгаалалтын бүсэд нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих инженерийн дэд бүтэц, барилга байгууламж барих үйл ажиллагааг зөвшөөрөхөөр тусгасан нь хүн амын цэвэр усны нөөц, байгаль орчныг хамгаалах талаарх тогтвортой хөгжлийн үзэл санаанд нийцэхгүйн зэрэгцээ байгалийн гамшгаас үүдэх хүн ам болон нийгэмд үзүүлэх сөрөг үр дагаврыг нэмэгдүүлж, хууль зөрчиж олгосон газрын эрх болон баригдсан барилга байгууламжийн аливаа эрхийг хүлээн зөвшөөрөх зүй бус үйлдлийг өөгшүүлэхээр байна.
Түүнчлэн хиймэл оюун, автоматжуулсан системийн хүний эрхийн эрсдэл, нөлөөллийг үнэлэхгүйгээр зам тээврийн хөдөлгөөнийг зохицуулах, хяналт тавих боломжийг олгох гэж байгааг Монголын Эмнести Интернэшнл эрс буруушааж байна. Технологийн эрсдэлээс үүсэх хор хохирлыг бүрэн судлахгүйгээр хүний хувийн мэдээллийг цуглуулах, хадгалах, цаашлаад торгуулийн шийтгэлтэй холбож буй нь нийгмийн тэгш бус байдал болоод нийтээр нь тандах явдлыг өөгшүүлэх эрсдэлтэй хэмээн Монголын Эмнести Интернэшнл үзэж байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль болон олон улсын хүний эрхийн эрх зүйн хэм хэмжээнд нийцээгүй НУХЗХТБГХОС тухай хуулийн зохицуулалтыг бүхэлд нь эргэн харж, уг хууль болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар яаралтай горимоор хэлэлцүүлэх хуулийг төслийг хэлэлцэхгүй, батлахгүй байх, нийтийг хамарсан технологийг ашиглахдаа хүний эрхийн хэм хэмжээнд нийцүүлэн, тухайн технологийг зохион бүтээхээс эхлээд ашиглах хүртэлх бүх хугацаанд хүний эрхийн үнэлгээ хийж, эрсдэл бууруулах арга хэмжээ авахыг хуульчлан баталгаажуулахыг шаардаж байна.
Хүүхдийн эрхийн тухай конвенц, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц