“Экологийн ёс зүй” сэдэвт тус олимпиадын зорилго нь экологийн тэнцвэргүй байдал нь хүний ёс зүйгүй үйлдэлтэй шууд холбогддог учраас байгальд хандах хүний хандлагыг өөрчилж, экосистемийн даацыг хэтрүүлэхгүй байхад юуг голчлон анхаарах, өөрөөр хэлбэл, байгальтай харьцахдаа өөрөө өөртэйгөө харьцаж буй мэт харьцахыг сурталчилах явдал юм. Тогтвортой хөгжлийн боловсролыг эзэмшүүлэхийн тулд юуны өмнө хүний экологийн үнэлэмжийг дээшлүүлэх хэрэгтэй. Энэхүү эко үнэлэмжийг төлөвшүүлэхийн тулд мэдээж философийн мэдлэг дэх ёс зүйн асуудлыг зайлшгүй хөндөх явдал билээ. Иймд нь Философи, хүний эрхийн уулзварт: “Экологийн ёс зүй” сэдвийн хүрээнд 11 дэх жилдээ зохион байгуулж, оюутан залуусын дунд экологийн ёс зүйн үндсэн зарчмууд, гол үзэл санааг танин мэдэх, эргэцүүлэх, экологид хөнөөлгүй үйл ажиллагаа явуулах, ногоон амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхийг зорив. Энэхүү олимпиадын ерөнхий зохион байгуулагчаар ХААИС, мөн МУИС болон Монголын Эмнести олон улсын байгууллага ажилласан.
ДЭД СЭДВҮҮД.
· Амьтны эрх · Биоцентризм
· Газрын ёс зүй · Экогуманизм
· Экофеминизм · Ногоон бодлого, ногоон хөгжил
· Антропоцентризм
· Байгаль хамгаалах уламжлалт зан үйл
· Гүн экологи · Экологийн ёс зүйн зарчмууд
Олимпиадын нэгдүгээр байранд МУИС-ийн Пра-сино баг, Хоёрдугаар байранд АШУҮИС-ийн Мед студентс баг, Гуравдугаар байранд ХААИС-ийн Биофиль баг, Тусгай байранд СЭЗИС-ийн Самур баг нар шалгарав. Мэргэн санаа дэвшүүлэгчээр ХААИС-ийн Биофиль багийн гишүүн Ц.Төгөлдөр, Уран илтгэгчээр СЭЗИС-ийн Самур багийн гишүүн Номун нар шалгарав. Энэхүү олимпиадын онцлох шинж нь экологийн хүрээн дэх амьтны эрх, хүний эрх хэрхэн зөрчигддөг тухай нэлээдгүй хөндөгдсөн ба тэдгээр эрхүүдийг хэрхэн хамгаалах тухай үзэл санаануудыг багууд дэвшүүлж байлаа.