2025.03.10-нд НҮБ-аас жендэрийн тэгш байдлын тухай тунхаглалыг баталсан нь хүний эрхийн ялалт юм.
Одоо засгийн газрууд энэ амлалтууд нь дэлхий даяар эрх нь зөрчигдөж, хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүд, охидын хувьд бодит өөрчлөлт авчирч чадна гэдгийг баталгаажуулах ёстой гэж НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 69 дүгээр чуулганы нээлтэн дээр Эмнести Интернэшнл мэдэгдэв.
Сар гаруй хугацаанд үргэлжилсэн хэлэлцээний үр дүнд гарсан энэ тунхаглал 30 жилийн өмнөх Бээжингийн тунхаглал, үйл ажиллагааны алсын хараа, амлалтад үндэслэсэн бөгөөд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүд, охидын эрхийн талаарх НҮБ-ын хамгийн өргөн хүрээтэй ажиллагааны мөрийн хөтөлбөр юм.
Гэвч хэлэлцээрийн явцад АНУ, Аргентин зэрэг улс жендэр, жендэрийн тэгш байдлын талаарх хамгийн наад захын хүлээн зөвшөөрөгдсөн нөхцөлүүдийг хүртэл эсэргүүцэхийг оролдсон.
Гэсэн хэдий ч эдгээр оролдлогыг таслан зогсоож, эцсийн бүлэгт бүх эмэгтэйчүүд, охидын эрхийн талаар, тэдэнд тохиолдож болох ялгаварлан гадуурхалтын олон хэлбэр, ойлголтуудыг тусгасан.
Энэ жилийн хувьд мөргөлдөөний үед бэлгийн болон жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөж амьд үлдсэн хүмүүсийн тухай, эрүүл мэндийн үйлчилгээ, шударга ёс зэргийг тодорхой дурдсанаар шинэ эхлэлийг тавьж байна.
Уг тунхаглалд мөн хэд хэдэн шинэ салбарт, тэр дундаа төсөв, нийгмийн хамгааллын тогтолцоонд "жендэрийн хариуцлагыг" (жендэрийн тэгш байдлыг хангахад учирч буй бүтэц, тогтолцооны саад бэрхшээлийг шийдвэрлэхийг) уриалсан.
Үүнээс гадна иргэний нийгмийн санхүүжилтийн хүртээмжийг дэмжихийг засгийн газруудад үүрэг болгосон.
Тунхаглалыг баталгаажуулж, өнөөгийн дайсагнасан уур амьсгалд бүх эмэгтэйчүүд, охидын эрхийг хамгаалах талаар улс орнууд амлалтаа ахиулсан нь эерэг үр дүн юм.
Фернанда Доз Коста, Эмнести Интернэшнлийн Жендэр, арьс өнгө, дүрвэгсэд, цагаачдын эрхийг хариуцсан захирал
Суурь мэдээлэл
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 69 дүгээр чуулганаар Дэлхийн эмэгтэйчүүдийн IV бага хурал болон Бээжингийн тунхаглал, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр (1995) батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэв.
30 жилийн өмнө 189 засгийн газар цугларч Бээжингийн тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, олон мянган идэвхтнүүд дэмжсэнээр эмэгтэйчүүдийн эрхийг бэхжүүлэх төлөвлөгөөтэй болсон юм.
Бээжингийн тунхаглал, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталснаас хойш таван жил тутамд гишүүн орнууд хэлэлцээр хийж, Тунхаглалыг хүлээн зөвшөөрч, дэлхийн хэлэлцээрт тууштай байгаагаа дахин илэрхийлдэг.