ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
Мэдээ
SHARE
2025/04/29 11:28
Дэлхийн хүний эрхийн төлөв байдал

Эмнести Интернэшнлийн Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2024 оны судалгаа дэлхий дахинд зэвсэгт мөргөлдөөний үеэр олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг ноцтой зөрчсөн, өөрөөр сэтгэгчдийг нухчин дарсан, ялгаварлан гадуурхсан, уур амьсгалын хямрал, тэгш бус байдлыг шийдвэрлэж чадаагүй, амлалтуудаасаа ухарсан, технологийг урвуулан ашиглаж хүний эрхийг зөрчиж байгааг онцоллоо. Зарим нэг эерэг өөрчлөлтийг эс тооцвол, хүчирхэг улсууд НҮБ-ын дүрэмд суурилсан олон улсын эрх зүйн тогтолцоог сүйтгэж, тив болгонд дарангуйллын практик тархахад ихээр нөлөөлсөн. Хүний эрхийн энэ төлөв байдал нь 2025 он болон цаашид улам даамжирсан хүний эрхийн ухралт руу түлхэж болзошгүйг Эмнести Интернэшнл онцгойлон анхаарууллаа. 

 

Дэлхийн улс орнуудад дарангуйллын бодлого, хууль тогтоомж, үйл ажиллагаа хурдацтай тархаж, иргэний орон зайг хумьж, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө улам хэврэгшлээ. Бодлогын сонголтууд нь тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлж, ядуурлыг нэмэгдүүлж, тэрбумтнуудыг тэжээн тэтгэсээр байна. Хүчирхэг улс орнуудын хэт их шунал, арьс үндсээр ​​ялгаварлан гадуурхах, хувиа хичээх байдлыг Ковид цар тахлын үед олон сая хүнийг үхэлд хүргэхэд бэлэн байснаар нь бид харсан. Онцгой анхааруулга өгсөөр байтал 2024 онд геноцид буюу төрлөөр устгах гэмт хэрэг үйлдэгдлээ.  

 

Буркина Фасо, Камерун, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс (ТАБНУ), Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (БНАКУ), Этиоп, Ирак, Израил болон Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэр, Ливи, Мали, Мозамбик, Мьянмар, Нигер, Нигери, Судан, Өмнөд Судан, Сомали, Сири, Украин, Йемен зэрэг улсад өрнөж байгаа зэвсэгт мөргөлдөөн дэлхийн олон сая хүний амьдралыг сүйтгэж байна. Мөргөлдөөнд оролцогч талууд дэд бүтцийг сүйтгэх, энгийн иргэдийг ялгахгүйгээр халдлага үйлдэх зэргээр дайны гэмт хэрэг үйлдэж, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг ноцтой зөрчиж байна. 

 

2024 онд Судан улсад дэлхийн хамгийн том дүрвэгсдийн хямрал үүсч 11 сая хүнийг дотооддоо шилжин суурьшихад хүргэсэн. Ялгаварлан гадуурхах бодлого, үйл ажиллагаа цагаачид, дүрвэгсэд, харьяалалгүй хүмүүс, арьс үндсээр ялгаварлан гадуурхагдсан бүлгүүдэд илүүтэй сөргөөр тусч байна. Улс орнууд, төрийн бус оролцогч талууд цагаачлалын менежмент, орогнол олгох системд цахим технологийг зүй бусаар хэрэглэж, буруугаар ашиглалаа.

 

Засгийн газрууд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн өсөн нэмэгдэж буй зардлыг шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргасангүй. Түүнчлэн инфляцын өндөр түвшин, өрийн эргэн төлөлт, татварын зөрчил нь орлогын бүх түвшний, ялангуяа орлого бага орнуудын эдийн засаг, нийгмийн хамгааллын эрхийн хамгаалалтыг сулруулсан. Сэргээгдэх эрчим хүчний шилжилтэд “ховор” ашигт малтмалын эрэлт эрс нэмэгдэж, хүний ​​эрхийн шинэ эрсдэл бий болж байна. Зарим засгийн газар эдийн засгаа өсгөхийн тулд хүний ​​эрх, тэр дундаа эрүүл орчинд амьдрах эрхийг зөрчиж буй эдийн засгийн салбар, төслүүдэд хөрөнгө оруулалт хийх замыг сонгосон. Ийм хөрөнгө оруулалт нь ихэвчлэн хүний ​​эрхэд учирч буй хохирлыг үл харгалзан ашиг орлогоо дээд хэмжээнд нэмэгдүүлэхэд түлхэц болдог. Тухайлбал, засгийн газрууд дэлхий даяар чулуужсан түлшний үйлдвэрлэл, устөрөгчийн үйлдвэрлэл зэрэг хүний ​​эрхийг зөрчиxөд хүргэж болзошгүй уур амьсгалын хямралыг гүнзгийрүүлэх шийдлүүд, аялал жуулчлалын томоохон төслүүдэд татвар төлөгчдийн санхүүжилтээс шууд болон шууд бус татаасыг олгосон. Зарим тохиолдолд эдгээр төсөл нь албадан нүүлгэн шилжүүлэлт, их хэмжээний бохирдол, хүний ​​эрхийн бусад зөрчлийг бий болгосон.

 

Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий дахины зэвсэгт мөргөлдөөн, өндөр инфляци, өрийн эргэн төлөлт, компанийн хангалтгүй зохицуулалт, татварыг урвуулан ашигласнаас үүдэн улам бүр нэмэгдсээр байна.2024 онд орлого багатай улс орнуудын өрийн төлбөр сүүлийн 30 жилд байгаагүй дээд түвшинд хүрч, олон улс орон эрүүл мэнд, боловсролын төсвөө танасанаар ядуурал, тэгш бус байдал улам гүнзгийрлээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган гачиг, байгалийн бусад гамшиг нь ядуурал, зөрчилдөөнтэй хавсран олон зуун сая хүнийг хүнсний аюулгүй байдлын ноцтой асуудалд хүргэж байна. 

 

2024 онд Засгийн газрууд ирээдүй хойчийг умартаж, эрхийг нь уландаа гишгэлээ. Улс орнууд хиймэл оюун ухааны технологийг төрийн үйл ажиллагаанд улам түлхүү ашигладаг болохын зэрэгцээ нийгмийн халамж, хэв журам, шилжилт хөдөлгөөн, цэргийн салбарт хиймэл оюун ухаанаар ажилладаг системийг хөгжүүлэн, өргөжүүлж байна. Ихэнхдээ эдгээр технологийг засгийн газрын үр ашиг, зардал хэмнэлт эсвэл бусад хэмнэлтийн арга хэмжээтэй холбон тайлбарладаг боловч бодит байдал дээр ялгаварлан гадуурхалтыг нэмэгдүүлж, жендэрийн тэгш бус байдлыг бэхжүүлж, арьс үндсээр ялгаварлан гадуурхах, нийгэм, эдийн засгийн эрх мэдлийн тогтолцоог улам лавшрууллаа. Улс орнууд нийгмийн хамгааллыг хангах, түүнд хяналт хэрэгжүүлэхдээ автоматжуулсан хэрэгслийг хэрэглэж байгаа нь ялгаварлан гадуурхалтыг өдөөж, шударга бус байдлыг дэвэргэлээ.  

 

Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард "Хүн төрөлхтөн түүхийн чухал уулзварт ирээд байна. Урьд өмнө хэзээ ч байгаагүй хүч, албадлага хүний эрхийн үзэл санааг ангуучилж, Дэлхийн II дайн, түүний сүйрэлд өртсөн олон сая хүний цус, зовлон зүдүүрээр бий болгосон олон улсын тогтолцоог сүйтгэн нураахаар эрэлхийлж байна. Өнгөрсөн 80 жилийн хугацаанд арай гэж олж авсан тэгш байдал, шударга ёс, хүний эрхэм чанарыг аюулд оруулж, хүний эрхийн зөрчилд хариуцлага тооцохгүй байх, олон улсын эрх зүйг дордуулах, НҮБ-ын эсрэг олон төрлийн дайралт үргэлжилсээр байгааг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын 2025 оны "засаглалын" эхний 100 хоногийн зарим үйлдэл бэлхнээ харууллаа. Бид алдах эрхгүй. Энэ бол зөвхөн Ерөнхийлөгч Трампын тухай асуудал биш. Үндэс суурь нь илүү гүнзгий. Үүний эсрэг хамтдаа, зоригтой тэмцэхгүй бол энэхүү уулзвар нь түүхийн шилжилт болон хувирч, өөрчлөлтийн эрин үе биш харин эрин үеийн өөрчлөлт болно" хэмээн өгүүллээ.  

 

Мөн цааш нь " Хамгийн чухал нь 2024 онд дэлхий даяар 64 улсад өрнөсөн сонгуулиар хүний ​​эрхийг зөрчигчид ялалт байгуулж чадаагүй. Дэлхий даяар олон сая хүн өөр замыг сонгохын төлөө саналаа өгсөн нь авторитар дэглэмийг эсэргүүцэх боломжтой гэдгийг бидэнд харууллаа. Хүний эрхийг дээдэлж чадаагүй олон улсын тогтолцооны гажгийг бид өнөөдөр засах ёстой. Гэвч тэгш эрх, шударга ёсыг хангахын оронд ашиг хонжоог хамгаалсан цоо шинэ системийг цогцлоохоор улангасан зүтгэж байгаа хүчинтэй бид тулж байна. Эдгээр хүчний эсрэг зогсох нь зүгээр нэг чухал зүйл биш, энэ бол бидний цорын ганц хууль ёсны арга зам юм. Иргэний нийгмийн байгууллагууд болон хүний эрх хамгаалагчид урьдын адил улс орнуудын хүний эрхийн зөрчлийн эсрэг сөрөн зогсож, бидний нийтлэг эрхэм чанарт увайгүй байдлаар халддаг эрх мэдэл, эд баялгийн дэглэмийг эсэргүүцсээр байна. Бид эсэргүүцэх ёстой. Бид эсэргүүцсээр байх болно." гэв.

 

Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх мэдээллийг https://amnesty.mn/library/3644 эндээс үзнэ үү.  

Дэлхий дахин, бүс нутгийн хүний эрхийн талаар талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://amnesty.mn/library/3643 линкээр орж үзнэ үү. 

 

Нэмэлт мэдээлэл авах эсвэл ярилцлага зохион байгуулахыг хүсвэл Эмнести Интернэшнлийн  [email protected] хаягаар холбогдоно уу.