ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ
Та хүний эрхийн боловсролоор дамжуулан тэгш эрх, нэр хүнд, харилцан хүндлэлийг өөрийн орчин тойронд, нийгэмд, дэлхий дахинаа түгээх ур чадвар хандлагыг өөртөө болон бусдад төлөвшүүлж, хөгжүүлж чадна.
Иймээс хүний эрхийн боловсролыг түгээх нь бидний үйл ажиллагааны гол зорилгын нэг билээ.
Та Эмнести Интернэшнлийн эрхлэн гаргасан хүний эрхийн ном товхимол, видео контент, подкаст, цахим сургалтыг үзэж судлаж, өөрийгөө болон бусдыг эрхээ мэддэг, эрхээ шаарддаг, эрхээ хамгаалдаг хүн болоход нь туслаарай.
ХҮНИЙ ЭРХЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ
НҮБ-ын Хүний Эрхийн Боловсролын Дэлхийн Хөтөлбөрийн зорилтын хүрээнд Олон Улсын Эмнести Интернэшнл байгууллагаас 2009 оноос “Хүний Эрхэд Ээлтэй Сургууль” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж ирсэн. Хүний эрхийн үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлж, сургуулийн удирдлага, багш эцэг эх, сурагчдын тэгш оролцоог хангах замаар сургуулийн бүхий л орчин дахь хүний эрхийн зөрчлийг арилгаж, хүний эрхийг дээдэлсэн, харилцан бие биенээ хүндэлдэг орчныг бүрдүүлэх зорилготой. ХЭЭС хөтөлбөр нь ЭИ-ийн хувьд дэлхий дахинаа хүний эрхийн боловсролыг хүртээмжтэй болгож, үндэсний боловсролын тогтолцоонд нэвтрүүлэх гайхамшигтай боломж билээ.ХЭЭС хөтөлбөрийн туршилтын шатанд 2009 оны 9р сараас 2011 оны 7р сарын хооронд 14 орны 15 сургууль хамрагджээ. Монгол улсын хувьд ХЭЭС хөтөлбөрт Нийслэл Улаанбаатар болон Дархан, Эрдэнэт хотын 18 сургууль нэгдсэн.
Хүний эрхэд ээлтэй сургууль гэж юу вэ?
Хүний эрхэд ээлтэй сургууль гэдэг нь хүний эрхийг гол үйл хэрэг, зохион байгуллалтын зарчим болгож хүний эрхэд сургах, суралцах, хэрэгжүүлэх, хүндлэн хамгаалдаг хамт олон юм. Хүний эрхэд ээлтэй сургууль нь сургалтаар дамжуулан хүний эрхийн боловсролыг олгохоос гадна сургуулийн бүхий л үйл ажиллагаанд хүний эрхийг хүндэтгэхийг нэвтрүүлж “сургууль нийтээрээ” “эрхэд суурилсан” хандлагыг бий болгоход сургуулийн төлөвлөгөө, үйл ажиллагааг чиглүүлдэг.
“Хүний эрхийг нэгж хичээлийн хөтөлбөрт нэгтгэх нь” ур чадварын уралдаан
ХЭЭС хөтөлбөрийн хүрээнд нэгж хичээлийн хөтөлбөрт хүний эрхийн агуулгыг тусгах ур чадварын улсын уралдааныг 2010 оноос эхлэн зохион байгуулж байна. ЕБС-ийн хичээлийг амьдрал, хэрэглээнд илүү ойртуулах, суралцахуйн үйл явцад хүний эрхийн үзэл санааг нэгтгэх идэвх санаачилгыг өрнүүлэх, багш нарын арга зүйг дэмжих зорилготой тус нээлттэй уралдаанд уралдаанд нийслэл, аймаг, сумын багш нар оролцож хичээл зааж ур чадвараа сорьдог.
ЯРЬДАГ ФУТБОЛК
Урлагаар дамжуулан хүний эрхийн боловсрол олгох, зураг, илэрхийлэмжээр дамжуулан үзэл бодол, үг хэлэх эрхээ тайван замаар илэрхийлэх илэрхийлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор жилийн бүрийн 5 сарын 28 буюу Эмнести Интернэшнлийн үүсгэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан “Ярьдаг Футболк” олон нийтийн өдөрлөгийг зохион байгуулдаг. Уг арга хэмжээг Монголын Эмнести Интернэшнлийн үе үеийн залуу гишүүд, хүний эрхийн сайн дурын ажилтан, идэвхтнүүд 2014 оноос хойш жил бүр зохион байгуулж буй ба олон нийтэд өөрийн үзэл бодол, мэдрэмжээ футболк дээр загвар гаргаж түүнийгээ бусадтай хуваалцах боломжийг олгох зорилготой аж. Энэ өдөр байгууллага, ХЭЭС-ийн анги хамт олон, хувь хүмүүс хүний эрхийн талаар бусдад хэлэхийг хүссэн үг болон үзэл бодлоо үгээр, зургаар болон дижитал арт хэлбэрээр урлан өөрийн футболкон дээр илэрхийлэн хүний эрхийн парадад оролцдог. Парадад оролцогч нар хүний эрхийн утга агуулга, загвар зэрэг шалгуурын дагуу шилдэг бүтээлийн уралдаанд оролцдог. Түүнчлэн хүний эрхийн утга агуулга, илэрхийлэмж бүхий футболктой загарын шоу зэрэг олон сонирхолтой хөтөлбөр зохион байгуулагддаг.
ЭРХЭЭ МЭДЬЕ
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хүний эрхийн боловсролыг мэтгэлцээнээр дамжуулан олгох зорилгоор “Эрхээ мэдье” анхлан мэтгэлцэгч нарын аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээнийг 2010 оноос эхлэн Отгонтэнгэр Их Сургууль, Монголын Карл Попперын Мэтгэлцээний Нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байна. Эрхээ мэдье тэмцээнд Монгол улсын өнцөг булан бүрээс ЕБС-ийн сурагч, мэтгэлцээний клубүүд бүртгүүлэн оролцог ба жил бүр 128 багийн 384 сурагч хүний эрхийн 10 сэдвийн хүрээнд мэтгэлцдэг.
НӨХӨРСӨГ ЖААЛУУД
Шоглох, дээрэлхэх, дарамтлах нь НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай НҮБ-ын конвенцоор баталгаажсан аюулгүй, амар тайван орчинд аж төрөх эрхийг үгүйсгэдэг. Олон хүүхдийн хувьд сургууль тэдний ялгаварлан гадуурхалт, доромжлол, дарамтад өртдөг таагүй газар болж хувирсан байдаг. Үе тэнгийнхний дарамт ганц сургуулиар хязгаарлагдахгүй, цахим орчинд газар авсан. Хүүхдүүд хүүхэд болж төрснийхөө хувьд хайрлагдаж, хүндлэгдэх эрхтэй. Хүндлэл, нэр төр, оролцоо , алагчлалгүй байдал бол хүний эрхийн үнэт зүйлсийн үндэс юм. Харин шоглож, дээрэлхэж, дарамталснаар энэ бүгдийг үгүйсгэдэг юм. Хүүхдүүдэд үе тэнгийнхэнтэйгээ нөхөрсөг харилцах, найзуудаа хүндлэн хайрлах, харилцаа хандлага бий болгох, цаашлаад эрхээ мэддэг, эрхээ хамгаалдаг, хүний эрхийн мэдрэмжтэй өсвөр үеийнхнийг бэлтгэх, хүний эрхийн соёлыг түгээхэд тус сургалтын зорилго оршино. Ерөнхий боловсролын сургуулийн 1-12-р ангийн сурагчдад зориулсан тус сургалт 1-3, 4-5, 6-8, 9-12-р ангиудад зориулсан 4 модуль бүхий оролцоонд тулгуурласан интерактив сургалтын хөтөлбөртэй.