ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
Мэдээ
SHARE
2024/12/12 17:45
“ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ” МОНГОЛ БИЧГИЙН УРАН БИЧЛЭГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

Монголын Эмнести Интернэшнлээс үүсгэн байгуулагдсаныхаа 30 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрх, эрх чөлөө” монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнг олон улсын хүний эрхийн өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингис хаан Үндэсний музейд нээлээ.

 

Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг бүрэн эхээр нь монгол бичгийн уран бичлэгээр бичиж гаргасан бөгөөд Каллиграфийн нэрт мастер Т.Жамъянсүрэн уг бүтээлийг туурвисан юм. 

 

_7D_9892.jpg

 

Дэлхий дахинд хоёр долоо хоног тутамд нэг хэл устаж, түүнийг даган тухайн үндэстний түүх, соёл, сэтгэлгээ, зан заншил, оюуны өв устаж үгүй болж байгаа цаг үед монгол бичгийн уран бичлэг хэлбэрээр хүний эрхийн үзэсгэлэнг гаргаж байгаа нь олон талын ач холбогдолтой.

 

Эх хэл, тэр дундаа бидний хувьд монгол хэл, бичиг нь ярилцах, бичихээр л хязгаарлагдах харилцааны хэрэгсэл төдийхөн биш Монгол хэмээх үндэстний оюун санаа, өв уламжлал, бэлгэдэл, түүх, дурсамжийг тээгч, дамжуулагч өргөн утгаараа тусгаар тогтнол билээ. Монгол Улс 2025 оноос эхлэн төрийн албан ёсны бичиг монгол хэл, монгол бичиг хослон явуулах болсон  энэ цаг үед та энэхүү үзэсгэлэнгээс монгол  уран бичлэгийн соёл, уламжлал, түүхэн хөгжилтэй танилцахын  сацуу ямар эрхтэй гэдгээ мэдэх, судлах боломжтой.

 

_7D_9900.jpg

 

Олон улсын эрх зүй, хүний эрхийн бүхий л баримт бичиг болон улс орнуудын Үндсэн хуульд эх хэлээ хэрэглэх эрхийг тусгаж хамгаалсан байдаг. Энэ эрхэд:

 

  • Эх хэлээрээ суралцах, харилцах;
  • Эх хэлээрээ соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах;
  • Эх болон хүссэн хэлээрээ мэдээлэл эрж хайх, хүлээж авах, түгээн дамжуулах, үзэл бодлоо илэрхийлэх;
  • Эх хэлээрээ мэдүүлэг өгөх, тайлбар тавих, байцаан шийтгэх болон шүүхийн бүх ажиллагаанд орчуулагчтай оролцох;
  • Хэлээрээ ялгаварлан гадуурхагдахгүй байх, ингэсэн тохиолдолд хуулиар хамгаалуулах зэрэг олон агуулгатай юм. Хэл гэдэгт ялгаатай олон хэл байхаас гадна нэг хэлний ай савд хамаарах үгсийн сан, аялга цөм багтдаг.

     

_7D_9770.jpg

 

Мөн Монгол бичгийн уран бичлэг нь 2013 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтөний соёлын биет бус өвийн “Яаралтай хамгаалах” жагсаалтад орсон бөгөөд монгол бичгийн уран бичлэгийг хадгалж хамгаалах, уламжлан эзэмших, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь чухал ач холбогдолтойг онцолж, Монголын Эмнести Интернэшнлээс хүн бүр эрхээ мэдэн хариуцлагаа ухамсарладаг, бусдын эрхийг хүндэлдэг соёлыг бий болгоход хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү үзэсгэлэнг гаргаад байна. 

 

Та бүхнийг Чингис хаан Үндэсний музейд хүрэлцэн ирж, монгол бичгийн уран бичлэгийн “Хүний эрх, эрх чөлөө” үзэсгэлэнг үзэж сонирхохыг урьж байна.

 

_7D_9774.jpg