Египт улс цаазаар авах ялын гүйцэтгэлээ 3 дахин нэмэгдүүлжээ
Хятад улс Ковид-19-ээс урьдчилан сэргийлэх зорилгоор цаазаар авах ял хэрэглэлээ
АНУ 2020 онд зургаан сар хүрэхгүй хугацаанд 10 хүнийг цаазалж олныг цочирдуулав
Сүүлийн 3 жил дараалан цаазаар авах ялын гүйцэтгэл буурлаа
2020 онд Ковид-19 цар тахлын хүнд сорилтууд 18 улсад цаазаар авах ялын гүйцэтгэлээ үргэлжлүүлэхэд нь саад болсонгүй хэмээн өнөөдөр цаазаар авах ялын талаарх дэлхийн тоймоо танилцуулж байгаа Эмнести Интернэшнлээс мэдэгдлээ. Цаазаар авах ялын гүйцэтгэл ерөнхийдөө буурах хандлагатай байгаа боловч, дэлхий нийт үхлийн аюултай вирусээс иргэдийнхээ амь насыг хамгаалахад анхаарч байгаа энэ цаг үед зарим улс орон хүний амь насыг үл тоомсорлож байгаагаа харуулж цаазаар авах ялын гүйцэтгэлийг нэмэгдүүлж байна.
Египет улс цаазаар авах ялын гүйцэтгэлээ өмнөх оныхоос гурав дахин нэмэгдүүлж, Хятад улс Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зөрчвөл цаазаар авах ял оногдуулахаа мэдэгдэж, энэ хэргээр цаазын ял гүйцэтгэсэн орон боллоо. Үүнтэй зэрэгцэн Трампын засгийн газар 17 жил завсарласны эцэст цаазаар авах ялын гүйцэтгэлийг сэргээж, зургаан сар хүрэхгүй хугацаанд 10 хүнийг цаазалж, олныг цочирдууллаа. Энэтхэг, Оман, Катар, Тайвань улс цаазаар авах ялын гүйцэтгэлийг сэргээжээ.
"Дэлхий дахин Ковид-19 цар тахлаас амь насаа хамгаалах арга замыг хайхад бүх анхаарлаа хандуулж байх зуур зарим засгийн газар юуг ч үл тоон цаазын ялыг гүйцэтгэлээ. Цаазаар авах ял бол жигшүүрт шийтгэл бөгөөд цар тахлын үед ч цаазалсаар байгаа нь энэ ялын харгис байдлыг улам тодотгож байна. Цаазаар авах ялтай хүмүүс цар тахлын энэ үед өмгөөлөгчтэйгөө биечлэн уулзах боломж нь хязгаарлагдмал байгаа бөгөөд тэдэнд туслалцаа үзүүлэхийг хүссэн хүмүүс өөрсдийнхөө эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна. Ийм нөхцөлд цаазаар авах ялыг хэрэглэх нь хүний эрхэд ноцтой халдаж буй хэрэг юм.” хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Каламард хэллээ.
Ковид-19-ийн хариу арга хэмжээ нь хэд хэдэн улсад өмгөөлөгчөөр хангагдах, шударгаар шүүлгэх эрхийг нь хязгаарлаж байгаагийн нэг жишээ нь АНУ-д хэрэгтний өмгөөлөгчид үйлчлүүлэгчтэйгээ биечлэн уулзаж чадахгүй, шаардлагатай өмгөөллийн үйлчилгээ явуулах боломжгүй байгаа тухайгаа дурджээ.
Цаазаар авах ял хамгийн ихээр гүйцэтгэж байгаа таван улс
Хятад улс цаазаар авах ял оногдуулж, гүйцэтгэж байгаа тоон мэдээгээ төрийн нууцад хамруулсан хэвээр байгаа тул Эмнести Интернэшнлээс цаазаар авах ял хэрэглэсэн талаарх дэлхийн тоон мэдээнд тус улсыг оруулаагүй юм. Гэвч Хятад улс жил бүр мянга мянгаар нь цаазалж, Иран (246+), Египет (107+), Ирак (45+), Саудын Араб (27) улсыг цаазаар авах ялын гүйцэтгэлээрээ тэргүүлсээр байна. Иран, Египет, Ирак, Саудын Араб нь 2020 онд гүйцэтгэсэн цаазаар авах ялын 88%-ийг эзэлж байна.
Египет улсад цаазлуулсан хүмүүсийн хамгийн багадаа 23 нь эрүүдэн шүүх, хүчээр сураггүй болгох, хүчээр хэрэг хүлээлгэх зэрэг шударга бусаар шүүгдсэний улмаас цаазаар авах ял сонсчээ. 10 – 11 дүгээр сард Египетийн эрх баригчид 53 эрэгтэй, дөрвөн эмэгтэй нийт 57 хүнийг цаазалсан байна.
Иранд цаазаар авах ял гүйцэтгэх нь өмнөх жилээс багассан ч, энэ ялыг олон улсын хууль зөрчин өөрөөр сэтгэгчид, эсэргүүцлээ илэрхийлэгчид, үндэстний цөөнхийн бүлгийн эсрэг улс төрийн хэлмэгдүүлэлтийн зэвсэг болгон ашиглах нь улам бүр нэмэгдэж байна.
Ази, Номхон далайн бүс нутагт нилээд олон улс онц хүнд гэмт хэрэгт хамаарахгүй хэрэгт цаазаар авах ял хэрэглэхийг хориглосон олон улсын хуулийг зөрчсөөр байна. Хятад, Индонез, Лаос, Малайз, Сингапур, Шри Ланка, Тайланд, Вьетнам улс хар тамхины, Хятад, Вьетнам авлигын, Пакистан улс бурхныг доромжилсон хэрэгт тус тус цаазаар авах ял хэрэглэсэн байна. Бангладеш, Пакистанд тусгай шүүхээс цаазаар авах ял оногдуулжээ. Мальдивт гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас хүрээгүй байсан таван хүн цаазаар авахуулах ялтай хэвээр үлдсэн байна.
Америк тивд 2020 онд цаазаар авах ял гүйцэтгэсэн цорын ганц улс нь АНУ байв. 7-р сард Трампын засаг захиргаа сүүлийн 17 жилийн хугацаанд анх удаагаа Холбооны нэрийн өмнөөс таван мужид долоон хүнийг цаазалжээ.
Сүүлийн арван жилд хамгийн бага цаазаар авах ял гүйцэтгэсэн жил байв.
Цаазаар авах ялын талаарх мэдээлэл хомс, эсвэл энэ талаарх мэдээллийг төрийн нууцад хамруулдаг Хятад, Хойд Солонгос, Сири, Вьетнам улсыг үл харгалзан дэлхий даяар 2020 онд хамгийн багадаа 483 хүнийг цаазалсан нь Эмнести Интернэшнлээс сүүлийн 10 жилд бүртгэсэн хамгийн бага тоо байлаа. Энэ нь 2019 онтой харьцуулахад 26% -иар буурч, 2015 онд хамгийн их буюу 1634 хүнийг цаазалсанаас 70% -иар буурсан үзүүлэлт юм.
Саудын Арабт цаазаар авах ялын гүйцэтгэл 2019 онд 184 байсан бол 2020 онд 27 болж 85 хувиар буурч, Иракт 2019 онд 100 байснаас 2020 онд 45 болж хоёр дахин багасчээ. 2019 онд цаазаар авах ялыг гүйцэтгэж байсан Бахрейн, Беларусь, Япон, Пакистан, Сингапур, Судан улсад нэг ч ял гүйцэтгээгүй байна.
Дэлхий даяар хамгийн багадаа 1477 хүнд цаазаар авах ял оногдуулсан нь 2019 онтой харьцуулахад 36% -иар буурсан байна. Өмнөх жилд цаазаар авах ял гүйцэтгэсэн 54 орноос 30 нь энэ ялыг оногдуулжээ. Энэ нь цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч хэрэгжүүлсэн болон зарим тохиолдолд шүүх ажиллагааг хойшлуулж, түр зогсоосонтой холбоотой байв.
2020 онд Индонези улс 117 хүнд цаазаар авах ял оногдуулсан нь 2019 онтой харьцуулахад 46% -иар өсч, Замби улс 2020 онд 119 хүнд цаазаар авах ял оногдуулсан нь 2019 оныхоос 18-аар илүү байж, Баруун Сахарын Африкийн улсуудаас хамгийн өндөр үзүүлэлттэй байв.
Цаазаар авах ялыг халах цаг болжээ.
2020 онд Чад болон АНУ-ын Колорадо муж цаазаар авах ялыг халж, Казахстан улс цаазаар авах ялыг халахаа амлаж, Барбадос улс цаазаар авах ялыг халах талаар шинэчлэл хийхээ мэдэгдсэн байна.
2021 оны 4-р сарын байдлаар 108 орон бүх гэмт хэрэгт цаазаар авах ялыг халж, 144 орон энэ ялыг хуульдаа болон практикт халсан байна.
“Зарим засгийн газар цаазаар авах ялыг үргэлжлүүлэн хэрэглэсэн ч 2020 оны ерөнхий дүр зурагт эерэг хандлага ажиглагдлаа. Чад, АНУ-ын Колорадо муж цаазаар авах ялыг халж, цаазаар авах ялын гүйцэтгэл буурч байгаа нь дэлхий дахин харгис, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжилсон энэ ял шийтгэлийг түүхэнд үлдээх цаг мөч ойрхон байгааг харуулж байна" хэмээн Агнес Каламард хэлэв.
НҮБ-ын Ерөнхий Ассемблейн цаазаар авах ялын гүйцэтгэлийг зогсоох тухай уриалгыг урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр буюу 123 улс дэмжлээ. АНУ-ын Холбооны түвшинд цаазаар авах ялыг халах тухай хэд хэдэн хуулийн төсөл Конгрессоор хэлэлцэгдэхээр хүлээгдэж байх зуур Виржиня муж саяхан АНУ-ын Өмнө зүгийн муж улсуудаас цаазаар авах ялыг халсан анхны муж боллоо.