Цаазаар авах ялын эсрэг
Мэдээ
SHARE
2023/11/20 03:38
Казакстан улс цаазаар авах ялыг халах чухал алхам хийлээ

НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас 1989 онд баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халах тухай 2-р Нэмэлт Протоколд Казакстан улс нэгдэн орлоо хэмээн тус улсын Гадаад харилцааны яам мэдээлсэн байна.

Казакстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2019 оны 12 дугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 74 дэхь Чуулган дээр хэлсэн үгэндээ тус улс нь цаазаар авах ялыг халах тухай протоколд нэгдэнэ гэдгээ мэдэгдэж байсан аж.

“Казакстан улс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халах тухай 2-р Нэмэлт Протоколд гарын үсэг зурсан нь тус улс энэ гутамшигт ял шийтгэлийг ардаа орхисон улс үндэстнүүдтэй нэгдэхэд тун ойрхон ирснийг харуулж байна. Казакстан улс одоо уг протоколыг соёрхон баталж, цаазаар авах ялыг хуульдаа бүх гэмт хэрэгт халах сүүлийн алхмыг хэрэгжүүлэх ёстой” хэмээн Эмнести Интернэшнлийн Зүүн Европ ба Төв Ази хариуцсан захирал Мэри Страфэрс өгүүллээ.

Европ ба Төв Азийн орнуудаас ОХУ, Тажикстан, Беларусь нь ИУТЭОУП-ын 2-р Нэмэлт Протоколд гарын үсэг зураагүй, соёрхон батлаагүй үлдсэн гурван улс юм. Беларусь улс бүс нутагтаа цаазаар авах ял гүйцэтгэдэг цор ганц улс хэвээр байна.

Казакстан цаазаар авах ялыг терроризмтэй холбоотой гэмт хэрэгт хэрэглэхээр хадгалж үлдсэн ба 2003 оноос хойш тодорхойгүй хугацаагаар цаазаар авах ялын хэрэглээнд моратори тогтоосон юм. Тус улсын шүүх 2004 оноос эхлэн цаазаар авах ялыг оногдуулахаа зогсоосон ч Алма-Атад олон хүнийг буудан хороосон хэрэгт буруутгагдсан эрэгтэйд 2016 онд цаазаар авах ял оногдуулжээ.