Ядуусын хороолол
Мэдээ
SHARE
2023/11/20 03:25
Хүний эрх ба ядуу амьдрал

Хүний эрх ба ядуу амьдрал

 

Ядуу зүдүү амьдралтай хүмүүс өдөр бүр өөрөө болон гэр бүл нь аюул заналд өртөх эрсдэл дунд амьдардаг. Тэдний орон байрны эзэмшил, амь зуулга, хуулиар хамгаалагдаагүй байх нь элбэг. Мөн өвчлөх, ургац алдах, ажилгүйдэл зэрэг нөхцөл үүссэн үед нэмэр үзүүлдэг нийгмийн халамжийн ямар ч төрөлд хамрагдах бараг боломжгүй. Ядуу хүмүүс аюулгүй тогтмол ажлын байртай, эсвэл ажил олгогчтой харьцахдаа эрх мэдэлтэй байна гэж бараг үгүй. Газрын эздийн зөвшөөрлөөр ажиллаж байгаа ажилчид, албадан нүүлгэгдсэн оршин суугчид, гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг бүсгүйчүүд өөрсдөөс нь илүү эрх мэдэлтэнгүүд эрхийг нь зөрчсөний хариуд аливаа нэгэн тусламж туслалцаа хүртэх боломж хомс.

Үгийг нь тоож сонсдоггүй байдал

Ядуу амьдралтай хүмүүс өөрсдөд  нь хэрэгцээтэй төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад орох эрхгүй юм шиг санагддаг тухайгаа ярьдаг. Шүүх, цагдаа, халамжийн газрууд, хотын захиргаа, сургууль гээд уг нь бүх иргэдэд тэгш үйлчлэх ёстой байгууллагууд ядуу хүмүүсийг ялгаварлаж, дургүйцэж ханддаг байна.
Мөн шүүх цагдаагийн үйлчилгээг тэгш бусаар хүртээдэг хандлага ч байдаг. Баян ядуу бүлгүүдийн жирэмсэн эхийн эндэгдлийн харьцаа нь энэхүү алагчилал, гадуурхалыг хамгийн тодорхой харуулж чадах юм.
Бид туршлага хуримтлуулж чадсан, үйл ажиллагаа үр дүнгээ өгнө гэж үзэж, хавчигдмал, аюул, гадуурхагдал, үл тоомсорлогдох байдал зэргийн харилцан хамаарлыг хүчтэй харуулж байдаг хүний эрхийн зөрчлийн гол гэсэн цөөхөн хэдэн талбар, хэлбэрүүдээс ажлаа эхлэхээр төлөвлөлөө. Бидний хамгийн гол зорилго бол хүмүүсийг ядуу байлгадаг хүний эрхийн зөрчлийг зогсооход оршино.

Дэлхийд ядуусын хороолол гэгддэг 200,000 гаруй газар бий. Гэр хороолол, G - хороолол гэх мэт янз янзаар хэлэгддэг энэ газар тив тивд оршиж, 1 тэрбум хүн амьдардаг. Тэд бүгд зохих орон байргүй, ариун цэвэр муу, цэвэр ус, тог цахилгаангүй, олноор бөөгнөрсөн хүнд дарамтанд амьдардаг. 

Олонхийнх нь амьдралын хэлбэрийг «хууль бус», «дэг журамгүй» гэж тодорхойлдог. Тэнд амьдардаг хүмүүс бараг бүгд оршин суух эрх нь баталгаагүй, түүнийхээ төлөө тэмцэх эрх мэдэлгуй учраас байнга албадан нүүлгэгдэж мэдэх эрсдэлээс салдаггүй.

Худалдаж авах боломжтой байр, орон сууц байхгуй учир хөгжлийн түвшин доогуур хөдөөнөөс хот руу орж ирэхээс өөр сонголт хүмүүст үлддэггүй.

Ядуусын хорооллын хүмүүс эд хөрөнгийн гачигдалд ордог нь ойлгомжтой. Түүнчилэн цагдаа нар болон гэмт бүлэглэлүүдийн зүгээс ирэх байнгын заналхийлэл, ямар ч сануулгагуйгээр албадан нүүлгэх эрсдэлд ихээхэн аюултай байдалд амьдардаг. Тэд цэвэр ус, ариун цэвэр, эрүүл мэнд, боловсролын наад захын үйлчилгээнүүдээс тасардаг. Ядуу хүмүүсийг алагчилдагаас үүдэн шударга ёсыг эдлэх боломжгүй. Амьдралд нь нөлөө бүхий үйл ажиллагаа, шийдвэрт ядуусын хорооллын хүмүүсийн дуу хоолойг үл хайхардаг. Амьдрах орчноо сайжруулах, эсвэл нүүлгэлтийн дараа өөр байранд орох шийдвэр гаргахад оролцохыг ядуусын хорооллынхонд санал болгодоггүй, зөвшөөрдөг ч үгүй.

Дэлхий даяар ядуусын хороололд амьдардаг хүмүүсийн тоо маш ихээр өсч байна. 2030 он гэхэд 2 тэрбум хүн ядуусын хороололд амьдарна гэсэн зарим тооцоо ч бий.