Хууль хүний эрх
Олон засгийн газрууд ядуу хүмүүсийн ЭЗНСЭ-ийг үл хайхарч байна. Эдгээр эрхүүдийг орон нутаг, үндэсний, олон улсын аль ч түвшинд хүндэтгэж үзэх ёстой.
Даяаршил нь компаниудад хэмжээгүй их эрх мэдэл, нөлөө авчирсан юм. Гэвч хүний эрхийг зөрчиж, хүмүүсийг ядуурлын ангалд түлхэж байгаа корпорацуудтай хариуцлага тооцож, хохирогсдод нөхөн олговор олгохгүй байна.
Компаниуд хувь хүн болоод нийгмийн бүлгүүдийн эрхэнд асар их нөлөө үзүүлдэг. Энэ нөлөө нь эерэг байж болно. Жишээ нь: шинэ ажлын байр бий болгох мөн нийгмийн халамжийн санг үүсгэхэд орох улсын төсвийг нэмэгдүүлэх гэх мэт. Гэвч корпорациуд улс орнуудын дотоод хууль тогтоомжийн сул дорой байдлыг ашиглан хүний эрх зөрчдөг ба олон улсын хариуцлага тооцох тогтолцооны дутмаг байдал нь хөгжиж буй орнуудад хүндээр тусч байна. Ялангуяа хүний эрхийн зөрчлийн тухай мэдэгдэл ашигт малтмалын салбарт их гардаг. Энэ нь ч гайхаад байх зүйл биш юм. Иймэрхүү үйл ажиллагаан нь газар болон усны нөөцөд шууд нөлөөлдөг. Ашигт малтмалын олборлолт хийхийн тулд тухайн нутгийн уугуул ард иргэдийг хүчээр нүүлгэн шилжүүлэх явдал ихээр гардаг. Газрыг нь сэндийлж, усны хангамжийг бохирдуулсны улмаас уламжлалт амь зуулга болон хүн амьтны амь насанд аюул учирдаг.
Пүүс компаниудын орон нутгийн нийгмийн бүлгийнхнийг дарах гэсэн оролдлого, хүчирхийлэл нь нийгмийн сөргөлдөөнд хүрч болох юм. Нийгмийн бүлгийнхний гэрээ хэлэлцээр, төлбөр тооцоог компани яаж аргалсан тухай мэдээ баримт дутмаг байдаг нь байдлыг улам л хурцатгана. Тухайн бүлгүүд нь пүүс компаниудын үйл ажиллагааны үр нөлөөний тухай мэдээлэл авах боломжоор хязгаарлагдаж, тэдний ахуй амьдралд нөлөөлөх чухал шийдвэрүүдийн гадна хоцорч, ядуурал, аюул занал улам нэмэгддэг. Хүний эрхийн зөрчисөн явдал бий болоход хохирогчид шударга ёс эдлэх боломжгүй үед байдал улам дордох бөгөөд ихэнх тохиолдолд засгийн газрууд пүүс компаниудтай хариуцлага тооцдоггүй эсвэл тооцож чаддаггүй. Энэ бүхний үр дагавар нь байнгын хүний эрхийн зөрчил гарж, ядуурлын гинжин холбоог улам даамжруулдаг.
Эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах гэсэн нэрийн дор засгийн газрууд сурч боловсрох, эрүүл байх, ус зэрэг хүний эрхэнд чухал нөлөөтэй улсын үйлчилгээний салбаруудыг хувьчлаад байна. Гэсэн хэдий ч улс орнууд пүүс компаниудаас эдгээр үйлчилгээг ард иргэдэд тэнцвэртэй тэгш байдлаар хүргэхийг шаарддаггүй. Нийгмийн үйлчилгээний салбарын гэрээ хэлэлцээр нь улс орнууд өөрсдийн ард иргэдийнхээ эрхийг хамгаалах үүргээсээ зайлсхийх арга зам болох ёсгүй. Тэд пүүс компаниудыг хүний эрхийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг болгох ёстой. Эдийн засгийн даяаршлын үр шимээр пүүс компаниуд үндэсний хил хязгаараас давж олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах болсон ч пүүс компаниудын дүрэм журам нь энэ хурдцыг дагаж чадахгүй байна. Дүрэм журмын тогтолцоог хохирогчдод нөхөн төлбөр олгож хохирлыг нь барагдуулдаг, хүний эрхийг уландаа гишгэн ашиг хонжоо эрдэг явдлыг зогсоодог болгон өөрчлөх ёстой.
Жил бүр жирэмслэлтэй холбоотойгоор нас бардаг хагас сая гаруй эмэгтэйчүүдийн бараг бүгдэд нь зохистой цагт нь хэрэгцээтэй эмнэлгийн үйлчилгээ үзүүлж чадвал аварч болохоор байдаг ажэз. Жирэмсний үеийн үйлчилгээ, хяналт зэрэг шаардлагатай эмнэлгийн үйлчилгээний үнэ нь ядуу эмэгтэйчуудэд хэрэгтэй уйлчилгээ авах боломжийг нь хязгаарладаг. Ядуу амьдралтай, эсвэл алслагдсан хүмүүст эмнэлгийн байгууллагад очих нь хүртэл хүндрэлтэй. Тээврийн зардал өндөр, эсвэл очих зам нь хэцүү бэрхшээлтэй. Ядуу амьдралтай эмэгтэйчүүд, охид ялангуяа хэрэв бичиг усэг, боловсролгүй бол жирэмсний хүндрэлийн талаар мэдээлэл авч чадахгүй байх нь ч бий.
Өмнөговь аймаг хүүхдийн эндэгдэл хамгийн ихтэй байгаа дөрвөн аймгийн нэгэнд ороод байна. Аймгийн хэмжээнд 2005-2009 оны хоёрдугаар сарын байдлаар зургаан эх эндсэн харамсалтай явдал гарчээ. Судалгаанаас үзэхэд, эндсэн эхийн 33.4 хувь нь гэрийн ажилтай, 50 хувь нь малчин бөгөөд 17 хувь нь жирэмсний хяналтанд хамрагдаагуй байжээ.
Жирэмсний аюултай шинжийн талаар хувь хүн гэр бүл, хамт олны мэдлэг хомс, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадвар, хариуцлага харилцан адилгүй, анхан шатны эмнэлгүүдэд төрөлттэй холбоотой эмгэг хүндрэлийн оношлогоо жигд биш, эрхтэн тогтолцооны эмгэгтэй эмзэг бүлгийн эмэгтэйчүүд жирэмсэлэх нь ихсэж байгаа, эхчүүд хэт хүндэрсэн хойноо эмнэлэгт ханддаг, халамжийн тэтгэлгийн хамрах хүрээ ихэссэнээс эрсдэлт бүлгийн эхчүүдхийн төрөлт нэмэгдсэн гэх мэт хүчин зүйлүүд эндэгдэлд нөлөөлж байгаа ажээ.
Сүүлийн 10 жилд хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн ид явагдаж, гэр бүлийн шилжилт зонхилж байна. Шилжин суурьшигчдын зонхилон амьдарч буй гэр хорооллын хөгжлийн дүр төрх, өрхүүдийн ахуй нөхцөл муу хэвээр байна.
Улаанбаатарт шилжин суурьшсан өрхүүдийн 35,6% стандартын бус нүхэн жорлон 12,1% огт жорлонгуй 30 орчим хувь нь хог хаягдалаа ил задгай нүх, суваг, шуудуунд хаядаг. Улаанбаатарт суурьшсан өрхүүдийн 60 хувь хүрэхгуй нь өөрийн эзэмшлийн газартай хэдий ч ердөө л 39-56 хувь нь л газраа өмчилж авчээ. Бичиг баримтын зөрчилтэй, асуудлыг хэрхэн хөөцөлдөхөө мэдэхгүй,шат дамжлага их, зардал өндөр гэсэн шалтгаан харьцангуй өндөр хувьтай байна.
Шилжин сууршигчдын олонх нь эрүүл мэндийн үйлчилгээнд сэтгэл хангалуун бус төдийгүй өрхийн байршил буюу зайнаас хамааран эрүүл мэндийн үйлчилгээний хуртээмж мөн хязгаарлагдаж байна. Шилжин суурьшигчдын дунд бүртгэлгүйн улмаас хүүхдээ сургуулиас завсардуулсан, сургуульд суралцаж чадахгүй байгаа шилжигчид цөөнгүй гарчээ.
/НҮБ-ын хүн амын сангийн хийсэн “Монгол улсын хүн амын дотоод шилжих хөдөлгөөний чиг хандлага, үр дагавар” судалгааны тайлангаас/
Төрөхийн хүндрэлээр нас барсан эмэгтэйчүүдийн дийлэнх нь буюу 95 гаруй хувь нь ядуу, буурай хөгжилтэй орнуудад хамаардаг. Гэхдээ баян улсуудад ч гэсэн төрөхийн хүндрэлээр мянга мянган эмэгтэйчүүд нас бардаг. Тэдний ихэнх нь нийгмээс гадуурхагдсан, эсвэл ядуу булгийнх байдаг. АНУ-д африк гаралтай америкчуудын жирэмсний нас баралт нь цагаан арьст эмэгтэйчүүдийнхээс 3 дахин их ажээ. АНУ-ын 46 гаруй сая хүн эрүүл мэндийн даатгалгүй бөгөөд өртгөөс нь үүдэн эрүүл мэндийн үйлчилгээ авахаа хойшлуулах, эсвэл татгалзах үзэгдэл нийтлэг.
Эмэгтэйчүүд хэзээ жирэмслэхээ шийдэх эрхтэй ч ихэнхдээ хамгаалалт эсвэл жирэмслэлтээ хянах мэдээллээс хоцорсон байдаг ажээ. Цаашилбал эмэгтэйчүүд охидууд өөрийнхөө биеийг мэдэх эрхгүй болдог тохиолдол ч бий.
Ээж нь төрөхийн хундрэлээр нас барсан гэр бүлийн амьжиргаа улам дорддог. Тэд амь зуулгаа алдана. Учир нь гэрийн ажил хийдэг, хүүхдээ асардаг хүнгүй хоцорно шүү дээ.