Бид өнөөдөр өдөр тутмын амьдралдаа нийгмийн сүлжээг ашиглан илүү өргөн хүрээнд харилцдаг болсон. Гэвч цахим орчинд хүний нэр хүндэд халдах, гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах үйлдэл газар авсаар байна. Шударга үнэний төлөө дуугарснаасаа болж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлснийхээ төлөө цахим ертөнцөд хэл амны бай болж, адлагдах явдал ихэсч олон хүн, гол төлөв эмэгтэйчүүд гутаан доромжлолын бай болсоор байна.
Эмнести Интернэшнл Ипсос Мори-той хамтран 8 улс оронд хийсэн судалгааагаар 4 эмэгтэй тутмын 1 нь 23% интернет орчинд хүчирхийлэл, түрэмгийлэлд өртдөг ажээ. Судалгаанаас харахад цахим хүчирхийлэл дотроо олон төрөлд хуваагддаг бөгөөд төрлөөсөө үл хамааран хохирогч эмэгтэйчүүд ихэвчлэн сэтгэл гутралд ордог гэжээ.
“ТӨР ҮҮРГЭЭ МЭД, БИЕЛҮҮЛ” КАМПАНИТ АЖИЛ
Бид өнөөдөр нийгмийн сүлжээн дэхь хүчирхийлэл, гутаан доромжлолын гэрч болсоор байж хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа нь хүний эрхийн зөрчигчдийг уламж өөгшүүлж байгаа хэрэг юм. Тиймээс олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Монголын Эмнести Интернэшнл дэлхий даяар нэгэн зэрэг өрнөсөн эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хамгийн том жагсаал болох “Нэг тэрбумаараа тэмцье” тайван жагсаалд “Цахим орчин дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооё” уриатайгаар оролцож эв нэгдэлээ илэрхийллээ.