"Нүүрс, газрын тос, байгалийн хийн компаниудын үйл ажиллагаа болон уур амьсгалын хямрал нь хоорондоо шууд хамааралтай тул тэдэнд хөрөнгө оруулалт хийсээр байх нь хүний эрхийг зөрчиж буй үйлдэл болох талаар дэлхийн хамгийн том хүний эрхийн байгууллагын үүднээс тодорхой ойлголт хүргэхийг бид хүсэж байна" хэмээн Эмнести Интернэшнлийн Олон улсын Удирдах зөвлөлийн дарга Мвикали Мутиани хэлсэн билээ.
Дэлхийн өнцөг булан бүрийн төлөөлөгчдөөс бүрдсэн Эмнести Интернэшнлийн дээд түвшний шийдвэр гаргадаг Дэлхийн чуулганаас тус шийдвэрийг гаргасан юм.
Мөн тус чуулга уулзалтаар 2035 он гэхэд агаарын аяллаа гуравны нэг хувь хүртэл бууруулж, олон улсын уулзалтуудаа илүү цахим виртуал хэлбэрээр зохион байгуулахад шилжих гэх мэт байгууллагынхаа зүгээс уур амьсгалын нөлөөллийг бууруулахад хувь нэмрээ оруулах чиглэлээр цаашид хийх алхамууд дээрээ санал хураасан.
Уур амьсгалын өөрчлөлт нь хүний эрхтэй нарийн хамааралтай бөгөөд бидний эрүүл байх, ус, хүнс, орон байртай байх, амьдрах эрхэд заналхийлж байна. Эдгээр эрсдэл нь ядууралд өртсөн, аль хэдийн эрх нь зөрчигдсөн эсвэл засгийн газар нь анхаардаггүй нийгмийн бүлгүүдэд илүү хүндээр тусаж байна.
Хүн төрөлхтний өмнө тулгараад буй энэ хямралд хэн үүрэг хариуцлага хүлээх вэ гэдгийг бид бодох ёстой. Ийм хямралд өртөж байгаагийн хамгийн эхний шалтгаан бол Засгийн газрууд, корпорациуд малтмал түлшнээс зайлсхийсэн технологи хөгжүүлэхэд хөрөнгө оруулах шаардлагатай алхам хийхээс татгалзаж байгаа явдал юм.
Малтмал түлшний хэрэглээ эдийн засгийг ч, нийгмийн бүлгүүдийг сүйрүүлэн, олноор амь насаа алдах зэрэг явдалд хүргэж, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг болон хүрээлэн буй орчны доройтлын гол шалтгаан болдог.
Бүх корпорацууд хүний эрхийг хүндэтгэж, аливаа хүний эрхийн зөрчил үүсгэж эсхүл түүнд нөлөөлж байгаа эсэхдээ анхаарал хандуулвал зохино. Малтмал түлшний компаниуд өөрсдийн хийж чадах нөөц бололцоогоо үл дайчлан хүний эрхэд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжих талаар дорвитой арга хэмжээ авахгүй байна.
“Маш олон санхүүгийн байгууллага малтмал түлж олбордлодог компаниудыг хөрөнгө оруулалтын гол урсгал гэж үзсээр байна. Бид бүхний хувьд ирээдүйгээрээ аз турших тоглоомоор тоглох нь байж болох зүйл эсэхийг эргэцүүлэх цаг нь ирсэн” хэмээн Мвикали Мутиани өгүүлсэн юм.
Эмнести Интернэшнлийн энэ шийдвэр бол олборлодог түлшний компаниудад хөрөнгө оруулахын эсрэг байж, хүний эрхэд нийцсэн дахин сэргээгдэх эрчим хүч, технологид шилжихийг шаардаж буй шийдвэр юм.
"Энэ бол олборлодог түлшний компаниудад хөрөнгө оруулахын эсрэг байж, хүний эрхэд нийцсэн дахин сэргээгдэх эрчим хүч, технологид шилжих шийдвэр юм. Хөрөнгө оруулалтаас татгалзах хөдөлгөөн нь уур амьсгалын хямралыг шийдэхэд бидэнд сонголт өгч чадна гэдгийг дэлхий дахинд харуулах чухал хүчин зүйл болоод байна”, хэмээн Мвикали Мутиани хэлжээ.
Тус шийдвэр компаниудыг малтмал түлш олборлохоос зайлсхийж, сэргээгдэх эрчим хүчинд шилжихэд дэмжлэг үзүүлэх үүднээс корпорациудын хариуцлага хүлээх чадвар дээр суурилсан дэлхий нийтийн кампанит ажлын нэг хэсэг болж, компаниуд руу хандсан манай байгууллагын үйл ажиллагааны нэг хэсэг байх болно. Эмнести Интернэшнл нь корпорациудын хүний эрхийг ноцтой зөрчиж буй үйлдлүүдийг илчлэх, кампанит ажил өрнүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулж олонд танигдсан, мэргэшсэн байгууллага билээ.
Нөхцөл байдал
Малтмал түлш олборлодог компаниуд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн.1988 оноос хойш 100 орчим малтмал түлш олборлогч компани дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 71%- ийг бүрдүүлж байгааг судалгаа харуулж байна.
Малмал түлш олборлодог компаниуд хэдэн арван жилийн турш тус түлшний хор хөнөөлийн талаар мэдсээр байсан ч,уур амьсгалын өөрчлөлтийг тогтоон барих оролдлогод саад хийн, холбогдох мэдээллүүдийг нуун дарагдуулж байсан тухай баримтууд нэмэгдсээр байна.
Энэ жил Филиппиний Хүний Эрхийн Комисс малтмал түлшний компаниудын уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлж буй нөлөөнөөс үүдсэн хүний эрхийн зөрчлийн талаар хийсэн судалгаагаа хэвлүүлнэ. Хэдийгээр баримт нотолгоо болон санал зөвлөмжүүд заавал биелүүлэх шинжтэй биш ч хэрэв эерэг талаас нь харвал хууль тогтоомжийг илүү чангатгаж, малтмал түлшнээс зайлсхийх талаар компаниудад үзүүлэх олон нийтийн шахалтыг эрчимжүүлэх, дэлхийн өнцөг булан бүр дэх компаниудтай хариуцлага тооцох шүүх ажиллагаанд үндэслэл болох боломжтой.
2010 оны эхэн үеэс хойш хөрөнгө оруулалтаас татгалзах хөдөлгөөн огцом өссөөр байна. Анх АНУ-д их сургуулиудыг нүүрсний ашиг орлогоос тусламж дэмжлэг авахыг зогсоохын тулд оюутнууд кампанит ажил эхлүүлж, түүнээс хойш олон нийтэд танигдсан нийгмийн хөдөлгөөн, уур амьсгалын шударга ёсны төлөөх хөдөлгөөний чухал хэсэг болтлоо тэлжээ. Ийм хөдөлгөөн нь банк, даатгал зэрэг хувийн болоод улсын үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг сэргээгдэх эрчим хүчинд хөрөнгө оруулалт хийхийг уриалж, нүүрс зэрэг малтмал түлшний үйлдвэрт хөрөнгө оруулахыг зогсоохыг зорилгоо болгодог.
Мэдээллийн эх сурвалж: www.amnesty.org