Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрх
Мэдээ
SHARE
2023/11/20 00:23
Бидний амьдарч байгаа цаг үед уур амьсгалын өөрчлөлт нь хүний эрхэд тулгамдаж байгаа хамгийн том асуудлуудын нэг юм.

" Бидний амьдарч байгаа цаг үед уур амьсгалын өөрчлөлт нь хүний эрхэд тулгамдаж байгаа хамгийн том асуудлуудын нэг юм. "

Олон Улсын Хөгжил, Хүний эрхийн байгууллагын ахлах зөвлөгч Савио Карвало

 

Уур амьсгалын өөрчлөлт хүний эрхэнд хэрхэн нөлөөлөх вэ?

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгалийн гамшиг, далайн төвшин нэмэгдэх үзэгдэл нь хүмүүсийг орон гэргүй болгож, амьдралын наад захын хэрэгцээ шаардлагаа хангаж чадахгүйд хүргэдэг. Хүлэмжийн хий ялгарах хэмжээг бууруулахгүй бол ирээдүйд 600 сая орчим хүн ган гачиг, өлсгөлөнд нэрвэгдэх төлөвтэй байна. Иймээс уур амьсгалын өөрчлөлт нь хүний амьд явах, эрүүл амьдрах болон хоол хүнс, ундны ус, орон байраар хангагдах эрхтэй шууд холбоотой.

 

Уур амьсгалын өөрчлөлт эмэгтэйчүүдийн эрхэнд хэрхэн нөлөөлж байна вэ?

Хувиараа газар тариалан эрхэлдэг хүмүүсийн олонх нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд ган гачиг, үер усны аюул нүүрлэх, ургац муу гарах үед хамгийн их бэрхшээл амсдаг. Тариалангаа услах хүнд үүрэг ногддог байтал усны гачигдал үүсэх үед байдал улам дордоно.

 

Нутгийн уугуул иргэдэд юу тохиолдох вэ?

Уугуул иргэд байгаль дэлхийтэй харилцан шүтэлцээтэй амьдардаг учир дэлхийн дулаарлын хамгийн эхний хохирогч болдог билээ. Маш олон уугуул иргэд байгалийн тогтцын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөмтгий газар нутагт амьдардаг. Үүнээс үүдэн тэдний зан заншил, амьдрал ахуй, соёлын онцлогт аюул занал учирдаг.

 

Уур амьсгал өөрчлөгдсөнөөр дэлхий дээр илүү олон дүрвэгчид байдаг болох уу?

Өлсгөлөн, ган гачиг, байгалийн гамшиг болох давтамж ихэсвэл хил дамнан шилжин суурьших хүмүүсийн тоо ч дагаад өснө. Хэдийгээр шилжин суурьшиж байгаа хүн бүрийг эрх зүйн хүрээнд “дүрвэгч” гэж тодорхойлох боломжгүй ч уур амьсгалын өөрчлөлт үүсэхэд хамгийн их нөлөөтэй улсууд тэдгээр хүмүүст туслах үүрэгтэй.

 

Температур нэмэгдэж, далайн төвшин нэмэгдсэнээр дайн гарах нь ихсэх үү?

Тийм зүйл тохиолдох боломжтой. Уур амьсгалын өөрчлөлтөөс болж байгалийн нөөцийн төлөөх өрсөлдөөн нь дайн дэгдээдэг нийтлэг асуудлуудыг илүү хурцатгах нь ойлгомжтой. Энэ нь ирээдүйд ширүүн зөрчил тэмцэл үүсгэж болзошгүй.

 

Улс орнууд юу хийх хэрэгтэй вэ?

Улс орнууд нүүрстөрөгч шатдаг түлш үйлдвэрлэхээ зогсоож, ялгарах нүүрстөрөгчийн хэмжээг бууруулахын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй. Тэд мөн ард иргэдээ уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход нь тусалж, хохирол амссан хүмүүст нөхөн олговор өгөх хэрэгтэй.

 

Эдгээр асуудалтай холбоотойгоор Эмнести Интернэшнл юу хийж байна вэ?

Бид түншүүдтэйгээ хамтран улс орнууд болон олон улсын байгууллагуудыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үр дүнтэй, бодитой, хурдан шуурхай арга хэмжээ авахыг шаардан уриалж байна. Бид буян хандив, тусламж дэмжлэг бус хүний эрх, шударга ёсны төлөө үйл ажиллагаа явуулдаг.