Та бидний цахим хэрэглээ өдөр ирэх тусам нэмэгдэж, хоорондоо харилцах, нийгэмд болж буй үйл явдлын талаар мэдээлэл авах, өөрт хэрэгтэй үйлчилгээ авахад интернэт зайлшгүй хэрэгтэй болсон байна. Түүнчлэн цахим орчин нь бидний эрхээ эдлэх, үзэл бодлоо илэрхийлэхэд зайлшгүй шаардлагатай талбар болжээ.
Гэтэл энэ чухал талбарт голлох байр суурь эзэлдэг Гүүгл, Фэйсбүүк зэрэг компаниудын бизнесийн үндсэн загвар нь хүний эрхийн зөрчил дээр тулгуурладаг байна. Өөрөөр хэлбэл эдгээр компаниуд зар сурталчилгаанаас ашиг олохын тулд бидний хамгийн нууц мэдээллүүдийг цуглуулж, тандалт хийдэг.
Гүүгл, Фэйсбүүк таны өдөр тутамдаа хийж буй алхмуудыг тандаж, мэдээлэл цуглуулаад таныг хаана байгаа, юу сонирхдог, хэнтэй харилцдаг, ямар цахим зурвас бичдэг болохыг тандаж, ямар хүн болохыг тань тодорхойлдог. Ингэснээр тэд таны юу боддог, юунд итгэдэг гэдгийг таах боломжтой болдог. Мөн тэд танд юу үзүүлэхийг шийдэж, таны цахимаар хийж буй үйлдлүүдэд нөлөөлж чадна.
Ийм төрлийн цахим тандалт нь таны хувийн нууцтай байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхүүдэд ноцтой аюул учруулдаг. Мөн таны хараат бусаар, мэдээлэлтэй шийдвэр гаргах чадварт сөргөөр нөлөөлж байна.
Гүүгл, Фэйсбүүкийн алгоритм нь таныг дэлгэцийн ард удаан уяж, таны талаар илүү их мэдээлэл цуглуулахын тулд үзэн ядалтад өдөөн хатгасан утга агуулгатай контентуудыг хамгийн түрүүнд харуулдаг. Энэ нь цахим орчинд худал мэдээлэл, үзэн ядалт, арьс өнгөөр ялгаварлах үзлийг дэвэргэж байна.
Эдгээр компаниуд зар сурталчилгаа явуулах илүү дээр арга байхгүй гэж тайлбарладаг ч энэ нь огт худлаа зүйл юм. Тэд тандалтад суурилсан зар сурталчилгаанаас маш их ашиг олдог учраас одоогийн арга барилаа өөрчлөхгүй байгаа. Бидний хувийн нууцад халдаж, бидний хэн болох, юунд итгэдэг талаар хэт нарийн мэдээлэл цуглуулахгүйгээр зар сурталчилгаа явуулах арга маш олон бий. Иймээс улс орнуудын засгийн газрууд эдгээр компаниудыг хүний эрхийг хүндэтгэхийг шаардаж, хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй.