Украины байлдааны тактик
Мэдээ
SHARE
2023/06/29 04:45
Украины байлдааны тактикийн талаар гаргасан хэвлэлийн мэдээний тухай тайлбар мэдэгдэл

Эмнести Интернэшнлээс Украины байлдааны тактикийн талаарх хэвлэлийн мэдээ нь бухимдал дургүйцэл төрүүлсэнд гүнээ харамсаж байна. 2022 оны 2 дугаар сард Оросын дайралт эхэлснээс хойш Эмнести Интернэшнл Украинд болж буй дайны гэмт хэрэг, хүчирхийллийн талаар судалгаа, баримтжуулалт хийхдээ Оросын түрэмгий дайны бодит байдлыг илчлэх хэдэн зуун хохирогч, амьд үлдэгсэдтэй ярилцлага хийсэн билээ. Бид Оросын харгис хэрцгий түрэмгийллийн эсрэг дэлхий даяар эв нэгдлээ илэрхийлэхийг уриалсаар ирсэн, цаашид ч уриалсаар байх болно.

 

Эмнести Интернэшнл нь энэ асуудал болоод бусад хямрал мөргөлдөөний үед  энгийн иргэдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг бөгөөд сүүлд нийтэлсэн судалгаа ч мөн ижил зорилготой юм. Бид судалгааны дүгнэлтдээ бүрэн итгэлтэй байгаа ч судалгаанаас үүдсэн асуудалд харамсаж буйгаа илэрхийлэн, хэдэн чухал асуудлыг тодруулахыг зорилоо.

 

Бидний мэдэгдэлд  дурдсанаар Украины 19 хот, тосгонд очиж судалгаа хийхэд энгийн иргэдийн оршин суудаг хэд хэдэн газрын  дэргэд Украины цэргийн ангиуд байрласан байсан нь энгийн иргэдийг Оросын дайралтад өртөх эрсдэлд оруулсныг тогтоосон. Бид уг дүгнэлтийг олон улсын хүмүүнлэгийн эрхзүйд  зааснаар  зөрчил мөргөлдөөний үед бүх талууд  цэргийн байгууламжийг хүн ам олноор суурьшдаг газруудаас байж болох хамгийн хол зайд байршуулах шаардлагатай гэсэн зарчимд үндэслэн гаргасан. Дайны байдлын тухай хууль энгийн ард иргэдийг хамгаалах зорилготой бөгөөд энэ хуулийг дагаж мөрдөхийг Эмнести Интернэшнл засгийн газруудаас шаардаж байна.

 

Энэ нь Эмнести Интернэшнл Оросын зэвсэгт хүчний үйлдсэн зөрчил хүчирхийлэлд Украиныг буруутгах эсвэл Украины цэрэг шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахгүй байна гэсэн утга биш юм.

 

Бүр тодруулбал: Украины зэвсэгт хүчний тухай бидний баримтжуулалт Оросын түрэмгийллийг зөвтгөж байгаа хэрэг огтоос биш бөгөөд Украины ард иргэдэд учруулсан хор уршигт зөвхөн Орос улс хариуцлага хүлээх ёстой. Эмнести Интернэшнлийн сүүлийн зургаан сарын турш хийсэн судалгаа, тайлангууд бүгд Оросын түрэмгийлэл, дайны гэмт хэргийн энгийн иргэдэд ямар их хохирол учруулж байгааг харуулсан.

 

Эмнести Интернэшнлээс 7 дугаар сарын 29-нд Украины засгийн газарт судалгаагаа илгээсэн ба захидалдаа Украины цэрэг арми  энгийн иргэд ихээр суурьшсан  эмнэлэг, сургуулиудын ойролцоо байршиж буй талаарх GPS нотолгоо зэрэг нарийвчилсан мэдээллийг тусгасан. Бид Украины зэвсэгт хүчин болон энгийн иргэдийг аюулд оруулахгүйн үүднээс эдгээр байршлуудыг хэвлэлийн мэдэгдэлдээ дурдаагүй болно.

 

Эмнести Интернэшнл Украины зэвсэгт хүчинд үйл ажиллагаагаа хэрхэн явуулах талаар заавар чиглэл өгөхийг зориогүй бөгөөд, харин эрх баригчдыг олон улсын хүмүүнлэгийн эрхзүйд заасан үүргээ бүрэн биелүүлэхийг шаардсан юм.

Эмнести Интернэшнлийн нэн тэргүүний зорилго бол зөрчил мөргөлдөөний үед энгийн иргэдийн амь нас, хүний эрхийг хамгаалах явдал билээ.