ДҮРВЭГЧ, ОРОГНОЛ ЭРЭГЧ, ЦАГААЧИД
Мэдээ
SHARE
2024/04/10 15:57
ХҮМҮҮС ЯАГААД ЭХ ОРНОО ОРХИН ЯВАХАД ХҮРДЭГ ВЭ?

Дэлхийн даяар олон хүн өөрсдийн өсөж торнисон газраа ямар нэгэн байдлаар орхин явсан байдаг. Зарим хүмүүс ердөө хажуугийн тосгон эсвэл ойролцоох хот руу нүүдэг. Гэвч зарим хүмүүсийн хувьд эх орноо богино хугацаагаар эсвэл бүр үүрд орхих шаардлагатай болдог.

Өдөр бүр дэлхий даяар олон хүн илүү аюулгүй, сайн сайхан амьдралыг хайж амьдралынхаа хамгийн хүнд шийдвэрүүдийн нэг болох орон гэрээ орхин явах шийдвэрийг гаргадаг.

 

Хүмүүсийн хувьд өөр улс оронд амьдралаа дахин төвхнүүлэхийг эрмэлздэг олон шалтгаан бий. Зарим хүмүүс ажил эрхлэх эсвэл боловсрол эзэмшихийн тулд гэр орноо орхидог бол зарим нь мөрдлөг хавчлага эсвэл эрүү шүүлт гэх мэт хүний эрхийн зөрчлөөс зайлсхийхийн тулд дүрвэхээс аргагүйд хүрдэг. Сая сая хүмүүс зэвсэгт мөргөлдөөн, бусад хямрал болон хүчирхийллээс дүрвэдэг. Зарим нь аюулгүй амьдрах нөхцөлгүй болж, зөвхөн хэн гэдгээсээ, юу хийж байгаа эсвэл итгэл үнэмшлээсээ тухайлбал, үндэс угсаа, шашин шүтлэг, бэлгийн хандлага эсвэл улс төрийн үзэл бодлоосоо болж аюул заналд өртдөг.

Бүгд л сайн сайхан ирээдүйн тухай итгэл найдвараас эхэлдэг эдгээр аялал нь аюул, айдсаар дүүрэн байж болзошгүй. Зарим хүмүүс хүний наймаа болон бусад төрлийн мөлжлөгийн золиос болох ч эрсдэлтэй. Заримыг нь өөр улсад очсон даруйд нь эрх баригчид саатуулдаг. Очсон газраа суурьшиж, шинэ амьдрал бүтээж эхэлмэгцээ тэдний олонх нь өдөр бүр арьс өнгөний үзэл, гаднынхныг үзэн ядах үзэл болон ялгаварлан гадуурхалттай тулгардаг.

Бидний ихэнх байх л ёстой зүйл гэж үздэг. Айл хотол, хамт олон, хамаатан садан, найз нөхөд гэх мэт өөрийн хүлээн зөвшөөрөгдсөн дэмжлэгийн сүлжээгээ алдсанаас зарим хүмүүс ганцаардаж, тусгаарлагдсан мэдрэмжтэй үлддэг.

 

ХҮМҮҮС ЯАГААД ЭХ ОРНОО ОРХИН ЯВАХАД ХҮРДЭГ ВЭ?

Хүмүүст эх орондоо үлдэхэд хүндрэлтэй эсвэл аюултай байж болох олон шалтгаан бий. Тухайлбал, хүүхэд, эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүд хүчирхийлэл, дайн тулаан, өлсгөлөн, туйлын ядуурал зэргээс, эсвэл бэлгийн болон хүйсийн чиг баримжаа зэргээс, эсвэл уур амьсгалын өөрчлөлт болон байгалийн бусад гамшгийн үр дагавраас үүдэн дүрвэдэг. Ихэнхдээ хүмүүс эдгээр хүнд хэцүү нөхцөл байдлын давхцалтай тулгардаг.

Эх орноо орхин явж буй хүн бүр үргэлж аюулаас дүрвэсэн байдаггүй. Тэдэнд өөр газар боломж хайх боловсрол, хөрөнгө, санхүү байгаа учраас өөр улс оронд илүү дээр ажил олох боломжтой гэдэгтээ итгэсэн байж болно. Зарим хүмүүс гадаадад амьдардаг хамаатан садан, найз нөхөдтэйгөө ойр амьдрахыг хүссэн байж болно. Эсвэл өөр улсад боловсролоо дээшлүүлэх, суралцахыг эрмэлзсэн байж болно. Хүмүүс өөр улс оронд амьдралаа төвхнүүлэх аялал эхлүүлэх олон шалтгаан бий.

 

ТОДОРХОЙЛОЛТ: ДҮРВЭГЧ, ОРОГНОЛ ЭРЭГЧ БОЛОН ЦАГААЧ ГЭЖ ХЭН БЭ?

“Дүрвэгч”, “орогнол эрэгч”, “цагаач” гэсэн нэр томьёог нүүн шилжиж яваа, эх орноо орхин гарсан болон хил давсан хүмүүсийг тодорхойлоход хэрэглэдэг.

“Цагаач” болон “дүрвэгч” гэсэн нэр томьёог хольж сольж хэрэглэх нь түгээмэл  боловч хууль эрх зүйн хувьд ялгаатай учраас тэдгээрийг ялгаж салгаж ойлгох нь чухал юм.

 

Дүрвэгч гэж хэн бэ?

Дүрвэгч гэдэг нь өөрийн улсад хүний эрхийн зөрчил болон хавчлага мөрдлөгөд өртөх өндөр эрсдэлтэйн улмаас эх орноосоо дүрвэн гарсан хүнийг хэлнэ. Тэдний хувьд аюулгүй байдал, амь насанд нь учрах эрсдэл асар өндөр, засгийн газар нь тэднийг эдгээр аюулаас хамгаалж чадахгүй эсвэл хамгаалахгүй байсан учир эх орноо орхиж, аюулгүй газар хайхаас өөр аргагүйд хүрдэг. Дүрвэгсэд олон улсын хамгаалалтад хамрагдах эрхтэй.

 

Орогнол эрэгч гэж хэн бэ?

Орогнол эрэгч гэдэг нь эх орноо орхин гарч, өөр улсад мөрдлөг хавчлага, хүний эрхийн ноцтой зөрчлөөс хамгаалуулахыг эрэлхийлж байгаа боловч дүрвэгч гэж хууль ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй, орогнол эрсэн хүсэлт нь хэрхэн шийдвэрлэгдэхийг хүлээж байгаа хүнийг хэлнэ. Орогнол эрэх нь хүний эрх тул хүн бүр орогнол эрэхийн тулд өөр улс руу нэвтрэхийг зөвшөөрөх ёстой гэсэн үг юм.

 

Цагаач гэж хэн бэ?

Цагаач гэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль зүйн тодорхойлолт байдаггүй. Эмнести Интернэшнлийн хувьд ихэнх байгууллагуудын нэгэн адил цагаачдыг эх орноосоо гадна байгаа, орогнол эрэгч болон дүрвэгчийн аль нь ч биш хүмүүс гэж ойлгодог.

Зарим цагаачдын хувьд ажиллах, сурах эсвэл гэр бүлтэйгээ хамт амьдрахыг хүссэн учраас эх орноо орхин явдаг. Зарим нь ядуурал, улс төрийн үймээн самуун, гэмт бүлэглэлийн  хүчирхийлэл, байгалийн гамшиг болон бусад ноцтой нөхцөл байдлын улмаас улсаа орхихоос аргагүйд хүрдэг.

Маш олон хүмүүс хууль эрх зүйн үүднээс дүрвэгсэд гэсэн тодорхойлолтод  багтахгүй ч өөрийн улсдаа буцвал аюулд орж болзошгүй байдаг.

Цагаачид мөрдлөг хавчлагаас дүрвээгүй хэдий ч шилжин очсон улсдаа ямар статустай байгаагаас үл хамааран тэдний бүх хүний эрхийг хамгаалж, хүндэтгэх ёстой гэдгийг ойлгох нь чухал. Засгийн газрууд бүх цагаачдыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт, гаднынхныг үзэн ядах хүчирхийлэл, мөлжлөг болон албадан хөдөлмөр эрхлэлтээс хамгаалах ёстой. Хууль ёсны шалтгаангүйгээр цагаачдыг ямар ч тохиолдолд  баривчлах буюу эх оронд нь албадан буцаах ёсгүй.

 

ЦАГААЧ, ДҮРВЭГЧ, ОРОГНОЛ ЭРЭГЧДИЙН ТАЛААР ЭМНЕСТИ ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙДАГ ВЭ?

Бид ямар ч нөхцөл байдалд хүн бүр эрхээ эдлэх боломжтой дэлхий ертөнцийн төлөө кампанит ажил явуулдаг. Эмнести нь олон арван жилийн турш дүрвэгч, орогнол эрэгч болон цагаачдын эрхийг хамгаалах үйлсийг хошуучилсаар ирсэн.

Бид засгийн газрууд дүрвэгч, орогнол эрэгч болон цагаачдын эрхийг хамгаалах хамтын үүрэг хариуцлагаа биелүүлдэг байхын төлөө кампанит ажил явуулдаг. Бид шилжилт хөдөлгөөн хийж буй хүмүүсийн эрхийг зөрчсөн аливаа бодлого, арга хэмжээг  буруушаадаг.

 

Асуудал нь хүмүүс биш

Өнөөдөр дэлхий даяар 26 сая орчим дүрвэгсэд байна. Олон хүмүүс энэ тоонд цочирдож, хүмүүсийн хил дамнасан шилжилт хөдөлгөөнийг дэлхий нийтийн хямрал гэж үздэг. Эмнести Интернэшнлийн зүгээс үүнийг хямрал үүсгэхээр хэмжээний тоо гэдэгтэй санал нийлэхгүй. Асуудал нь хүмүүс биш. Харин гэр бүл, хувь хүмүүсийг хил давахад хүргэж буй шалтгаанууд, тэдгээрт улстөрчдийн  алсын хараагүй, бодит бус хандаж байгаа нь жинхэнэ асуудал юм.

 

Шилжилт хөдөлгөөн хийж буй хүмүүсийн төлөөх кампанит ажил

Бид кампанит ажлаараа дамжуулан засгийн газруудаас хүн бүрийн эрхийг хамгаалах үүрэг хариуцлагаа биелүүлэхийг шаарддаг. Засгийн газрууд дүрвэгч, орогнол эрэгч болон цагаачдын аюулгүй байдлыг хангаж, эрүү шүүлт, ялгаварлан гадуурхалт болон ядуурлаас ангид байх нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой.

Бид засгийн газрууд орогнол эрэгчдийг тодорхойгүй байдалд үлдээхгүйн тулд, тэр ч бүү хэл зарим тохиолдолд олон жилийн турш цагдан хорих төвд саатуулдаггүй байхын тулд тэдний өргөдлийг зохих ёсоор хянан шийдвэрлэдэг байхын төлөө  кампанит ажил явуулж байна. Мөн бид цагаачдыг ажил олгогчид болон хүний наймаачдын мөлжлөг, хүчирхийллээс хамгаалагдсан байхыг хүсэж байна.

 

Нэр, шошгоор хүнийг тодорхойлохгүй

Хүн бүр өөрийн гэсэн өвөрмөц олон шинж чанартай байдаг. Тухайлбал, “дүрвэгч”, “цагаач”, “орогнол эрэгч” гэдэг нь зөвхөн түр зуурын нэр томьёо бөгөөд эдгээр нь өөр улс оронд шинэ амьдрал эхлүүлэхээр гэр орноо орхин явсан эмэгтэйчүүд, хүүхдүүд, эрэгтэйчүүдийн чухам хэн болохыг бүхэлд нь илэрхийлж чадахгүй.

Бид эдгээр нэр, шошгыг ашиглахдаа хүмүүс өөрсдийгөө тодорхойлдог олон арга замаас зөвхөн “эх орноосоо дүрвэсэн” гэх нөхцөл байдлыг нь хэлж байгааг санах хэрэгтэй. Гэвч эдгээр хүмүүсийн хэн болох нь өөр олон зүйлээс бүрддэг.

Өөр газар амьдрахыг эрэлхийлж буй ихэнх хүмүүс тэдний эх орноо орхин явсан гэдэг ганц зүйл тэдний хэн болохыг бүрэн дүүрэн тодорхойлж чадахгүй гэдэгтэй санал нийлнэ. Бид бүгдийн нэгэн адил эдгээр хүмүүс нь тодорхой хэлээр ярьдаг, тодорхой соёлын бүлэгт харьяалагддаг, тодорхой улс орон эсвэл бүс нутгаас гаралтай, өвөрмөц бөгөөд өөрсдийн гэсэн онцлогтой хүмүүс юм. Эсвэл тэд өөрсдийгөө багш, эмч, зураач, хөл бөмбөг сонирхогч, эцэг, эх, эгч, хүү гэж тодорхойлж болно.

Тухайн хүний дүрвэгч, орогнол хүсэгч, цагаач гэх эрх зүйн статус нь хувь хүний онцлог шинжийг бүрэн илэрхийлж чадахгүй. Хэнийг ч дан ганц эрх зүйн статусаар нь таних боломжгүй.

 

ЯАГААД ЗАСГИЙН ГАЗРУУД ДҮРВЭГЧ, ОРОГНОЛ ЭРЭГЧИД, ЦАГААЧДЫГ УГТАН АВАХ ЁСТОЙ ВЭ?

  • Бид ноцтой аюул заналд өртсөн хүмүүс амьдралаа аюулгүйгээр сэргээн босгох боломжтой ертөнцөд амьдрахыг хүсэж байна.
  • Даяаршсан ертөнцөд дэлхий нийтийн тулгамдсан асуудлын хариуцлагыг бүгд тэгш хуваалцах нь шударга зүйл юм.
  • Хүлээн авч буй орон нутгууд нь эдгээр хүмүүсийн шинэ амьдрал эхлүүлэхийн тулд зарцуулж буй тоймгүй их эрч хүч, зүтгэлээс ашиг хүртдэг.
  • Бусад орны иргэдийг угтан авах нь өнөөгийн хурдацтай өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд илүү олон талыг хамарсан, илүү уян хатан болгосноороо тухайн орон нутгийг бэхжүүлж өгдөг.
  • Урлаг, шинжлэх ухаан, улс төр, технологийн салбарт хамгийн нөлөө бүхий хүмүүсийн зарим нь дүрвэгчид, орогнол хүсэгчид, цагаачид байсан. Тэд шинэ улс оронд амьдралаа шинээр эхлэх боломжтой болсноор шинэ орон нутгийнхаа үр бүтээлтэй гишүүд болж чадсан.

     

ТА ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?

Дүрвэгчдэд туслах бидний кампанит ажлыг дэмжээрэй!

Та манай дүрвэгчдийг хүлээн авч буй хүмүүсийн хөдөлгөөнд нэгдэх боломжтой. Эмнести Интернэшнлийн“I Welcome” кампанит ажил нь аюулгүй байдлыг эрэлхийлж буй хүмүүсийн тодорхой хувийг хүлээн авахыг дэлхийн засгийн газруудад уриалж байна. Манай удирдагчид улс төрийн хангалттай хүсэл зоригтой бол мөргөлдөөн, хавчлагаас дүрвэж буй хүмүүсийг тараан суурьшуулах шийдлээр хамгаалж чадна. Мөн бид салж хагацсан гэр бүлүүдийг эргэж нэгтгэх, олон нийтийн бүлгүүдээр дамжуулан дүрвэгч гэр бүлүүдийг эх орондоо нүүн ирэхийг ивээн тэтгэх, амьдралаа шинээр эхлүүлэхийн тулд хүмүүст их, дээд сургууль болон бизнесүүдээр дамжуулан суралцах буюу ажиллах виз санал болгох зэрэг дүрвэгсдэд шинэ амьдрал эхлүүлэх аюулгүй аргуудыг эрэлхийлж байна.

Засгийн газрууд хэнийг ч хүний эрхийн зөрчилд өртөх эрсдэлтэй улс руу буцахыг албадах ёсгүй. Оронд нь дүрвэгчдэд аюулгүй амьдрах, ажиллах, боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой аюулгүй газрыг санал болгох хэрэгтэй.

Дүрвэгчдийг ивээн тэтгэх олон нийтийн хөтөлбөр:

Засгийн газар тань ивээн тэтгэх хөтөлбөртэй бол та олон нийтийн уг хөтөлбөрт  хамрагдах боломжтой. Энэхүү хөтөлбөр нь тухайн нутгийн иргэд нэгдэж эх орноосоо дүрвэсэн гэр бүл, хувь хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, хүлээн авах зорилгоор мөнгө цуглуулах үйл ажиллагаа юм.

 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ:

Цагаач, дүрвэгч, орогнол эрэгчдийн тухай хууль

Цагаач, дүрвэгч, орогнол эрэгчийн эрхийг тухайн улсад хэрхэн, ямар шалтгаанаар ирснээс үл хамааран олон улсын хуулиар хамгаалдаг.

Тэд хүн бүрийн нэгэн адил эрх эдлэхээс гадна онцгой эсхүл тусгайлсан хамгаалалттай. Үүнд:

  • Хүний эрхийн түгээмэл тунхаглал /14 дүгээр зүйл/, Хэн боловч мөрдлөг хавчлагаас дүрвэж, өөр улсад орогнох боломжийг эрэлхийлэх болон орогнох эрхтэй гэж заасан.
  • Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай 1951 оны НҮБ-ын Конвенц /үүний 1967 оны Нэмэлт Протокол/, энэ конвенц нь дүрвэгчдийг хавчлагад өртөх эрсдэлтэй улс руу буцаахаас хамгаалах зохицуулалттай.
  • Цагаач ажилчдын эрх зүйн байдлын тухай 1990 оны Конвенц, энэ конвенц нь цагаачид болон тэдний гэр бүлийг хамгаалах зохицуулалттай.
  • Бүс нутгийн дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай эрх зүйн баримт бичгүүд /Үүнд: 1969 оны 9-р сарын 10-нд батлагдсан Африк дахь дүрвэгсдийн асуудлын онцлогийг зохицуулах конвенц, 1984 оны Дүрвэгчдийн тухай Картагены тунхаглал, Европын орогнол олгох нийтлэг систем, Дублины зохицуулалт гэх зэрэг/
  • Дайны үед энгийн иргэдийг хамгаалах тухай Женевийн IV конвенц/1949 оны 8 дугаар сарын 12 өдөр батлагдсан/
  • Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын фактын эрүү шүүлтэд өртөх нутаг буцаахыг хориглосон хууль гэж үздэг.

     

БУЦААН ШИЛЖҮҮЛЭХГҮЙ БАЙХ ЗАРЧИМ
 

Олон улсын хүний эрхийн хоёр гэрээ дүрвэгсдийн асуудлаарх олон улсын хуульд онцгой ач холбогдол бүхий үүрэгтэй. Үүнд:

  • Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Конвенц нь эрүүдэн шүүх бодит эрсдэл бүхий газар руу хүчээр буцаах, буцаан шилжүүлэхээс хамгаалсан заалттай. Дүрвэгсдийн Конвенцын буцаан шилжүүлэхгүй байх тухай заалт нь уг хамгаалалтыг хүний арьс өнгө, шашин шүтлэг, иргэний харьяалал, нийгмийн тодорхой бүлгийн гишүүн, улс төрийн үзэл бодлын улмаас мөрдлөг хавчлагад өртөх болгоомжлолтой холбон үзэхийг шаарддаг бол Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын буцаан шилжүүлэхгүй байх үүргийн хувьд ямар ч үл хамааруулах тохиолдол гаргаж болохгүй. Дүрвэгсдийн конвенцод ноцтой гэмт хэрэгтэн эсэхээс үл хамааран хамгаалалтаас хасах тухай заалт байхгүй.
  • Дэлхийн бараг бүх улс нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенцыг ямар нэгэн ялгаварлан гадуурхалгүйгээр бүх хүүхдэд, үүний дотор дүрвэгч болон орогнол эрэгч хүүхдэд хамаатай. Энэ конвенцод тухайлан заасан нэг болзол бол дүрвэгчийн эрх олж авахыг хүсч байгаа хүүхэд энэхүү Конвенц болон тухайн орны нэгдэн орсон бусад гэрээнд хамгаалалт болон хүмүүнлэгийн тусламжийн талаар заасан эрхийг эдлэх эрхтэй байдаг.

Буцаан шилжүүлэхийг хориглох зарчмыг олон улсын зан заншлын эрх зүйн нэг хэсэг гэдгийг өргөн хүрээнд хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ бол Дүрвэгчдийн Конвенцод нэгдэн ороогүй улс ч буцаан шилжүүлэхгүй байх зарчмыг хүндэтгэх ёстой гэсэн үг юм.

Энэ зарчим зөрчигдсөн буюу зөрчигдөх занал нүүрлэсэн бол НҮБ ДДКГ холбогдох эрх бүхий этгээдийн хамт уг асуудалд оролцож, шаардлагатай гэж үзвэл олон нийтэд мэдээлнэ. Буцаан шилжүүлэхтэй тулгарсан хүмүүс зарим тохиолдолд Эрүүдэн шүүхийн эсрэг хороо зэрэг хүний эрхийн холбогдох бүтцэд хандан тусламж хүсэж болно.