2021 оны 5 дугаар сарын 12
Монгол Улсад 2021 оны 06 дугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгууль нь хүний эрхийн санаа зовоосон ялангуяа засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хэт хязгаарласан нөхцөлд болох гэж байна. Засгийн газар шүүмжлэгчдийг нухчин дарахаа үргэжлүүлэн 2021 оны 06 дугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эсвэл дараа нь хүмүүсийг баривчилж, хорьж болзошгүй хэмээн Эмнести Интернэшнл санаа зовниж байна.
Өнгөрсөн жил 2020 оны 06 дугаар сарын 24-нд болсон Улсын Их Хурлын сонгуулийн өмнө Засгийн газрыг шүүмжилснийх нь төлөө зарим иргэнийг дур зоргоор хорьжээ. Үүнд улс төрийн намуудаас сонгуульд нэр дэвшсэн олны танил улс төрч, хүний эрх, авлигын асуудлаар эрх баригчдыг шүүмжилсэн ТББ-ын тэргүүн, хуульчдыг хорьсон байна. Мөн бусад улс төрч тухайлбал ерөнхий сайд асан Мэндсайханы Энхсайханыг хорьжээ.
Эрх баригчид ерөнхий сайд асан Жаргалтулгын Эрдэнэбат, шадар сайд асан Даваадоржийн Ганболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Нямтайширын Номтойбаяр зэрэг улс төрийн намуудаас сонгуульд нэр дэвшсэн дор хаяж зургаан нэр дэвшигчийг хорьсон байна. Сонгуулийн дараа анхан шатны шүүхээс тэднийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт гэм буруутай хэмээн тогтоож, дөрвөөс зургаан жилийн хорих ял оногдуулжээ.
Улс төрийн албан тушаалд нэр дэвшсэн, дэвшээгүй хэн ч төрийн байгууллага эсвэл улс төрийн хүрээн дэх санаа зовоосон асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэгт чөлөөтэйгээр оролцохыг хүлээн зөвшөөрөх ёстой гэж Эмнести Интернэшнл үздэг. Зөвхөн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлснийхээ төлөө хэн ч баривчлагдаж, хоригдож, шударга бусаар шүүгдэх ёсгүй.
Жаргалтулгын Эрдэнэбатад 2016-2017 онд ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хэд хэдэн компанид ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож, давуу байдал бий болгосон гэх хэрэгт ял тулгасан. Нямтайширын Номтойбаяр нь 2016-2017 оны хооронд орон нутгийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хүүгүй зээлийг 20 гаруй бизнес эрхлэгч, хувь хүмүүст хууль бусаар олгож, “давуу байдал бий болгосон” хэргээр яллагдсан байна.
Ял шийтгэл ногдуулахгүйгээр, шүүхээр гэм бурууг нь шийдвэрлэхгүйгээр хэдэн долоо хоногоор цагдан хорих зэргээр цагдан хоригдсон иргэдийн шударгаар шүүлгэх эрх, цагдан хорих явцад хүнлэг бус харьцах явдлаас хамгаалуулах эрхийг зөрчжээ. Номтойбаярын дүү Нямтайширын Цэлмүүний хэлснээр ахыг нь дөрвөн долоо хоногийн турш ганцаарчлан хорьж, 2020 оны 06 дугаар сарын 26-ны анхан шатны шүүх хурал хүртэл өмгөөлөгчтэй нь уулзуулаагүй байна.
Жаргалтулгын Эрдэнэбатын хэрэгт шүүхээс урьд өмнө нь байгаагүй их хэмжээний буюу төрийн албанд байх үеийн жилийн орлогоос нь 100 дахин их 10 тэрбум төгрөг(ойролцоогоор 3,5 сая ам.доллар)-ийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шаарджээ. Энэ хэргээс өмнө Монгол Улсад барьцааны ердийн дээд хэмжээ 40000-80000 орчим ам.доллар байв. Яллагдагчдын өмгөөлөгч, гэр бүлийн гишүүдийнх нь хэлснээр Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн эдгээр улс төрчдөд холбогдох хэргийг шийдвэрлэх анхан шатны шүүх хурал 10 хүрэхгүй хоногийн хугацаанд үргэлжилсэн бөгөөд хуулийн шударга процессын дагуу явагдаагүй байна. Мөн Ковид 19 цар тахлаас сэргийлэх гэсэн үндэслэлээр шүүх хурал олон нийтэд хаалттай явагджээ. Жаргалтулгын Эрдэнэбат, Нямтайширын Номтойбаяр нарын өмгөөлөгчдөд шүүх хуралдаанд бэлтгэх хангалттай хугацаа байсангүй. Тэд шүүх хурлыг хойшлуулахыг хүссэн ч дүүргийн шүүх хэлэлцэхээс татгалзсан байна.
Даваадоржийн Ганболдын өмгөөлөгч 2020 оны 06 дугаар сарын 27-нд анх Эмнести Интернэшнл байгууллагад хандаж, түүнийг сонгуулиас 6 хоногийн өмнө буюу 06 дугаар сарын 18-нд хорьсон болохыг мэдэгдсэн. 2020 оны 07 дугаар сарын 17-нд түүнд 4 жилийн хорих ял оногдуулжээ. Тэр 2020 оны 12 дугаар сарын 30-нд Улсын Дээд Шүүхэд хандсан ч өнөөг хүртэл шүүх хурал нь товлогдоогүй байна. Гэр бүлийнхэн нь түүнийг Ковид 19 цар тахал дэгдсэн хорих ангид хоригдож байгаа тул эрүүл мэндэд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн.
Монгол улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Прокурорын байгууллагын удирдлага, Авлигатай тэмцэх газрын дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлөх эрх мэдлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд олгосон өмнөх хуулийн нэмэлт өөрчлөлт нь Монгол Улсын шүүхийн бие даасан байдал, эрх мэдлийн хуваарилалтад халдсан. Уг зөвлөлд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга багтдаг. Энэ нэмэлт өөрчлөлтийн дараа 2019 оны 06 дугаар сард 17 шүүгч, ерөнхий шүүгчдийг чөлөөлсөн байна. Мөн Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг парламентын сонгууль болохоос нэг сарын өмнө буюу 2020 оны 05 дугаар сарын 20-нд сольсон. Эмнести Интернэшнл байгууллагад ярилцлага өгсөн хүмүүсийн өгүүлснээр шинээр томилогдсон зарим ерөнхий шүүгч дүүргийн шүүхийн шүүгчдэд шахалт үзүүлсэн байж болзошгүй байгаа нь санаа зовоож байна.
2021 оны 06 дугаар сард болох ерөнхийлөгчийн сонгууль нь 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа болж байгаа анхны сонгууль юм. Дээрх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байсныг 6 жил болгосон бөгөөд дахин сонгогдохгүй байхаар зохицуулжээ. Энэ нь одоогийн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хоёр дахь удаагаа нэр дэвшин 6 жилийн хугацаагаар дахин нэр дэвших эрхтэй эсэх маргааныг бий болгожээ. Харин Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцээс 2021 оны 04 дүгээр сарын 16-нд гаргасан дүгнэлтийн дагуу тэрээр нэр дэвших боломжгүй болсон бөгөөд Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг УИХ зургаан хоногийн дараа хүлээн зөвшөөрчээ.
2021 оны 03 дугаар сард дэвшил гарч, ерөнхий шүүгчдийг огцруулдаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн эрх мэдлийг халсан хуулийн өөр нэг нэмэлт өөрчлөлт хийгдсэн. Мөн нэгдүгээр сард Дээд шүүхээс өмнөх шүүхүүдийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгосноор Жаргалтулгын Эрдэнэбат 03 дугаар сард суллагджээ. Тэр 2020 оны 06 дугаар сард хоригдож байхдаа сонгуульд ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Нямтайширын Номтойбаяр нь 2021 оны 04 дүгээр сарын 1-нд суллагдсан ба 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдаж, сонгогдож чадаагүй.
Мэндсайханы Энхсайхан, Даваадоржийн Ганболд зэрэг бусад улс төрчид хоригдсон хэвээр байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрүүгийн гэмт хэрэгт буруутай нь тогтоогдсоноос бусад тохиолдолд тэднийг шударгаар шүүлгэх эрхийн олон улсын хэм хэмжээнд нийцсэн шүүхийн журмын дагуу чөлөөлөх ёстой. Давж заалдсан аливаа өргөдөл гомдлыг харъяалах дээд шүүхээр боломжит цаг хугацаанд, үр дүнтэйгээр, үнэн зөвөөр, хугацааг хэтрүүлэн хойшлуулалгүйгээр шийдвэрлэж, шударгаар шүүлгэх эрхийг нь бүрэн хүндэтгэх ёстой.