МЭДЭГДЭЛ
Мэдээ
SHARE
2025/01/17 17:32
УУР АМЬСГАЛЫН ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ САНХҮҮЖИЛТ БОСГОХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА.

Уур амьсгалын санхүүжилтийн ихэнх нь өндөр хүүтэй зээл хэлбэрээр олгогдож, бага орлоготой орнуудын өрийн дарамтыг нэмэгдүүлж улмаар эдийн засаг, нийгмийн эрхийг зөрчиж, нийгмийн үйлчилгээний төсөв хасагдах эрсдэлийг үүсгэж байна.

 

Эмнести Интернэшнлээс Швейцарийн Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр уур амьсгалын хямралыг шийдвэрлэхэд татварын шударга тогтолцоо болон хариуцлагатай санхүүжилт чухал үүрэгтэйг онцолж байна. 2024 оны 11-р сард Баку хотод болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Суурь конвенцийн (UNFCCC) болон Талуудын Бага Хурал 29 (COP29) хурлаар өндөр орлоготой орнууд жил бүр 300 тэрбум ам.долларын санхүүжилтийг төвлөрүүлэхээр тохиролцсон нь шаардлагатай хөрөнгийн өчүүхэн хэсэг юм.

 

2025-2050 онд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн дэлхийн эдийн засгийн хохирол 99 их наяд ам.долларт хүрэх бөгөөд үүний 69.9 их наяд нь түүхий нүүрснээс шалтгаалах хохирол байна гэдгийг уур амьсгалын эдийн засагчид тооцоолжээ. 

 

Харамсалтай нь дасан зохицох санхүүжилт буюу уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөмтгий байдлыг бууруулахад чиглэсэн санхүүжилт нь хангалтгүйгээс гадна улс орнууд ч амлалтандаа хүрэхгүй байна. 

 

Тиймээс дараах арга хэмжээг авахыг Засгийн газруудад зөвлөж байна.

 

ЗӨВЛӨМЖ:

  • Бага орлоготой улс орнуудад нүүрс хүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрчим хүчний шударга шилжилт хийх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн хохиролыг барагдуулахад нь шаардлагатай хангалттай хэмжээний, нэмэлт санхүүжилтийг буцалтгүй тусламж хэлбэрээр олгох. 

  • Малтмал түлшний үйлдвэрлэлээс ашиг олж буй корпорациудаас татвар авах замаар орлого төвлөрүүлэх татварын бодлого нэвтрүүлэх.

  • Малтмал түлшний хөрөнгө оруулалт, бүх төрлийн татварын хөнгөлөлт, татаасыг үе шаттайгаар зогсоох. Ингэхдээ татварын хөнгөлөлт нь бага орлоготой иргэдийн эрхэд сөргөөр нөлөөлөхгүй байхад анхаарч, шаардлагатай нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, шаардлагатай бол нөхөн төлбөр олгох. 

  • НҮБ-ын Татварын конвенцийг дэмжих.

  • Өрийн дарамтад орсон, орох эрсдэлтэй улс орнуудад зээлийн хөнгөлөлт үзүүлэх эсвэл зээлийн нөхцөлийг өөрчлөх зэргээр дэмжих.