AMICUS ТОЙМ
Мэдээ
SHARE
2024/06/12 11:38
ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН 26 ДУГААР ЗҮЙЛД ЗААСАН ТҮР СААТУУЛАХ ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ХҮРГҮҮЛЭХ AMICUS ТОЙМ

Эмнести Интернэшнлээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүнийг саатуулах, тэр дундаа хүн бүрийн эрх чөлөөтэй, халдашгүй байх эрхийн талаарх олон улсын болон бүс нутгийн хүний эрхийн хууль, хэм хэмжээний талаар amicus curiae бэлтгэн хүргүүллээ. 

 

Эмнести Интернэшнл сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд олон улсын болон бүс нутгийн шүүхээс олон улсын эрх зүйн суурь асуудлыг шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор amicus curiae болон бусад гуравдагч этгээдийн тайлбар, мэдээлэл хүргүүлэх зэргээр нийтийн эрх ашгийн өмгөөллийн чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан. Тухайлбал, бид Олон улсын Эрүүгийн Шүүх, Европын Хүний Эрхийн Шүүх, Африкийн Хүний Эрхийн Шүүх, Америк хоорондын Хүний Эрхийн Шүүхийн үйл ажиллагаанд оролцож дэмжлэг үзүүлж байсан. Түүнчлэн, Бүгд Найрамдах Солонгос улсын Үндсэн хуулийн шүүх, Бангконгийн Иргэний шүүх, Өмнөд Африкийн Үндсэн хуулийн шүүх, Мексикийн Шударга ёсны Үндэсний Дээд Шүүх, Их Британий Дээд Шүүх, АНУ-ын Дээд Шүүх зэрэг үндэсний шүүхийн байгууллагаас шийдвэрлэсэн хэд хэдэн хэрэгт нэхэмжлэл гаргах, amicus curiae болон бусад гуравдагч этгээдийн тайлбар хүргүүлж байсан. 

 

Хүн бүр эрх чөлөөтэй, халдашгүй байх эрхтэй. Уг эрхийг ИУТЭОУП-ын 9(1) дэх заалтаар хамгаалсан бөгөөд олон улсын хүний эрхийн гэрээгээр өргөн хүрээнд хүлээн зөвшөөрсөн.

 

ИУТЭОУП-ын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий НҮБ-ын Хүний Эрхийн Хороо ИУТЭОУП-ын 9 дүгээр зүйлийн хувь хүн болон нийгэмд үзүүлэх чухал ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн. Эрх чөлөө болон хүний халдашгүй байдал нь чухал ач холбогдолтой эрх бөгөөд эдгээр эрхийг хасах нь түүхийн туршид хүний бусад эрхийг эдлэх явдлыг дордуулах үндсэн арга хэрэгсэл болсоор ирснийг НҮБ-ын Хүний Эрхийн Хороо (ХЭХ) онцолсон.

 

Эрх чөлөөг хасах нь хүнийг эрүүдэн шүүх болон бусад зүй бусаар харьцах урьдач эхлэлийн цэг болдог. Тиймээс НҮБ-ын ХЭХ-оос аливаа хэлбэрээр баривчлагдсан, саатуулагдсан, эсхүл цагдан хоригдсон хүмүүсийг хорих арга, практик, зохион байгуулалт болон тэдэнтэй харьцах үйл ажиллагаанд системтэйгээр хяналт хэрэгжүүлэх нь эрүүдэн шүүх болон бусад зүй бусаар харьцах явдлаас урьдчилан сэргийлэх үндсэн алхам болохыг тэмдэглэсэн.

 

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.