Эмнести Интернэшнл нь хүний эрхийн зөрчлийг төгсгөл болгохын төлөө кампанит ажил өрнүүлдэг 150 гаруй орны 7 сая гаруй гишүүн, дэмжигч, хүний эрх хамгаалагчдыг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн хөдөлгөөн юм.
Бидний хүсэл Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал болон бусад олон улсын жишиг хэмжээнд заасан хүний эрх, эрх чөлөөг хүн бүрт адил тэгш эдлүүлэхэд оршино.
Бид аливаа засгийн газар, улс төрийн үзэл бодол, эдийн засаг болон шашны үзлээс ангид байж, ихэнхдээ гишүүд, олон нийтийн хандиваар санхүүждэг.
Монгол Улсын Их Хуралд шинээр сонгогдсон гишүүд та бүхнийг Монгол Улсын хүний эрхийн үзүүлэлтийг сайжруулах, хүний эрхийг хүндэтгэн хамгаалдаг болохоо нотлон харуулахыг Монголын Эмнести Интернэшнл уриалж байна.
Өмнөх Засгийн газар Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын талаар НҮБын Хүний Эрхийн Зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2016-2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө1 баталсныг Монголын Эмнести Интернэшнл онцлон тэмдэглэж байна.
Монгол Улс бүх гэмт хэрэгт цаазаар авах ялыг халсан Эрүүгийн хууль(шинэчилсэн найруулга), эрүүдэн шүүхийг, эрүүдэн шүүж авсан мэдүүлгийг шүүх ажиллагаанд нотлох баримт болгож ашиглахыг илт хориглосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (шинэчилсэн найруулга) баталж, хэрэгжүүлж байгаа нь амьд явах, эрүү шүүлт, зүй бус харьцаанаас ангид байх эрхийн биелэлтийг хангах бодит алхам боллоо.
Гэхдээ Монгол Улсын хувьд олон улсын хүний эрхийн хууль, хэм хэмжээнд хууль, тогтоомжоо нийцүүлэн, сайжруулах шаардлагатай олон ажил хүлээгдэж байна. Монгол Улс өнгөрсөн хугацаанд өмнөх хүний эрхийн амжилтаасаа ухарсан үйлдлийг гаргалаа. 2019 онд Монгол Улсын Их Хурлаас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын тухай хууль, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар шүүхийн хараат бус байдлыг дордуулж байгаад Монголын Эмнести Интернэшнл харамсаж байна. Түүнчлэн Засгийн газраас эрүүдэн шүүх болон бусад зүй бус харьцааны хохирогч болсон хүмүүсийн хөндөгдсөн эрхээ бүрэн нөхөн сэргээлгэх, хохирлоо нөхөн төлүүлөх механизмыг байгуулсангүй.
Хот дахин төлөвлөлтийн төсөл нийслэл Улаанбаатар хотод хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн ч холбогдох хууль, зохих бодлого, журмыг гаргахгүй хугацаа алдсаны уршгаар дахин төлөвлөлтөд хамрагдаж буй хүмүүсийн эрх ялангуяа шаардлагад нийцсэн орон байртай байх эрх зөрчигдсөн хэвээр байна.
Хүний эрх хамгаалагчид эрх баригчдын зүгээс явуулж буй элдэв хязгаарлалт, ялгаварлан гадуурхалт, айлган сүрдүүлэлтэд өртсөөр байна. Тэд үйл ажиллагаагаа үр нөлөөтэй явуулахад нь нэн шаардлагатай байгаа арга механизм, сүлжээ, мэдээллээр хангагдахгүй байна.
Тиймээс Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас Улсын Их Хурлын гишүүд та бүхнийг Монгол Улсад хүний эрхийг хүндэтгэн, хамгаалах ажлынхаа нэг хэсэг болгож хүн бүр эрүү шүүлт, айдас, хавчлагаас ангид байх эрх, шүүхийн хараат бус, бие даасан байдал, шударгаар шүүлгэх эрх, хохирогчдын хамгаалалт, бодлого, хөтөлбөрүүдийн хүний эрхийн хэм хэмжээнд нийцсэн байдал, мэдээллийн ил тод байдал, мэдээлэл хүлээн авах эрхийг үл хязгаарлахаа баталгаажуулахыг уриалж байна.