Хорих газарт Т.Чимгээ өлсгөлөн зарлахтай холбоотой зөрүүтэй мэдээлэл хийгдэж, олон нийтэд эргэлзээ төрүүлж байгаад Монголын Эмнести Интернэшнл санаа зовниж, хорих газарт хараат бус, хөндлөнгийн хяналт шалгалт хийж, бодит үнэнг олон нийтэд мэдэгдэхийг Хүний Эрхийн Үндэсний Комисст хандан уриаллаа. 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр УИХ-аас С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаарх Түр хорооны гишүүн “Т.Чимгээ нь өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн, түүний биеийн байдал тааруу байгаа” гэж мэдэгдсэн бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “Т.Чимгээгийн биеийн байдал нь хэвийн ... өлсгөлөн зарлах тухайгаа мэдэгдээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн байна.
Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссоос 2017 оны 5-р сарын 11-нд 0/154 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад олон улсын хүний эрхийн хэм хэмжээг зөрчсөн зүйл заалт байгааг сануулж, хүн өөрийн сонголтоор хийж буй үйлдлээ ойлгон өлсгөлөн зарлах нь хүчирхийллийн бус аргаар үзэл бодлоо илэрхийлж буй үйлдэл тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 211.2-р заалтаас “өлсгөлөн зарлахыг хориглоно” гэсэн хэсгийг хасахыг зөвлөмжилсөн байдаг. Гэвч Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа дээрх заалтыг хэвээр хадгалж, хоригдол өлсгөлөн зарлахыг хориглосон нь аливаа хэлбэрээр хоригдож буй этгээдийг зүй бус харьцаа, эрүүдэн шүүгдэх эрсдэлд оруулах нөхцөлийг бүрдүүлж буй хэрэг хэмээн Эмнести Интернэшнл үзэж байна.
Хүний эрхийн олон улсын хэм хэмжээнд хорих ангид өлсгөлөн зарлах нь хоригдлын хувьд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагад хүсэлт, шаардлага гаргах, тодорхой асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх, эрх, эрх чөлөөг нь зөрчиж байгаа асуудлыг төрийн холбогдох байгууллага, олон нийтийн анхааралд хүргэх зүй ёсны арга хэрэгсэл хэмээн тооцогдож, хамгаалагдсан байдаг.
Хорих газарт өлсгөлөн зарлахыг хуулиар хязгаарлах нь хоригдлын үзэл бодлоо илэрхийлэх, хүсэлт шаардлагаа үр дүнтэй шийдвэрлүүлэх боломжийг хязгаарлаад зогсохгүй өлсгөлөн зарласан хоригдлыг түүний хүсэл зоригоос гадуур төрийн эрх бүхий байгууллагаас хүч албадлага хэрэглэн эмчлэх, албадан хооллох боломжийг олгож, эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэх явдлыг өдөөж, нөхцөлдүүлдэг хэмээн Эмнести Интернэшнл үздэг.
Дэлхийн Эрүүл Мэндийн Холбооны Өлсгөлөн зарлах тухай Мальтийн 2017 оны тунхаглалд өөрийн үйлдлийн учир холбогдлыг ухааран ойлгох чадвартай этгээдээс төрийн холбогдох байгууллагын сөрөг үр дагавар бүхий шийдвэр, үйл ажиллагааг эсэргүүцэн, тодорхой хугацаанд хоол хүнс, тэжээлээс татгалзахыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд өлсгөлөн зарласан этгээдийн зөвшөөрөлгүйгээр албадлагын эмчилгээг хийх нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээнд нийцэхгүйг тунхагласан байдаг.
Иймд Монгол Улсын Улсын Их Хурал, Засийн Газар эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэх үйлдлийг нөхцөлдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтыг яаралтай эргэн харж, өлсгөлөн зарлах нь үзэл бодлоо илэрхийлж буй нэг хэлбэр бөгөөд энэ эрхээ эдлэснийхээ төлөө хэн ч зориуд шаналал учруулах аргаар хүчээр хоол тэжээл өгөх мэт хэрцгий зүй бус харьцаанд өртөхгүй байхыг баталгаажуулах ёстой.
Цаашид Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын болоод бусад этгээдийн эрүү шүүлтэд өртсөн гэх бүх хэргийг хараат бусаар мөрдөн шалгах механизмыг бий болгож, шударга шүүхээр хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж, үр дүнг олон нийтэд мэдээлэхийг шаардаж байна.
2020 оны 1 дүгээр сарын 29