НҮБ-аас жил бүрийн 6-р сарын 26-ныг Эрүүдэн шүүхийн хохирогчдод туслах олон улсын өдөр болгон тэмдэглэсээр ирсэн.
Монгол улс 2000 онд Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцыг соёрхон баталж, 2002 оноос Эрүүгийн хуулиараа эрүүдэн шүүхийг гэмт хэрэгт тооцож эхэлсэн. 2017 оны 7-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шинэ Эрүүгийн хуульдаа эрүүдэн шүүх гэмт хэргийн тодорхойлолтыг конвенцын заалттай нийцүүлэн сайжруулсныг хүний эрхийн байгууллагууд талархан хүлээн авсан.
Гэвч өнөөдрийг хүртэл эрүүдэн шүүгдсэн тухай гомдлууд гарсаар байгаа нь бидэнд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүдэн шүүгчидтэй хариуцлага тооцох үр нөлөө бүхий хараат бус механизм үгүйлэгдэж байгааг харуулж байна.
Одоогоос 70 жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас санал нэгтэйгээр баталсан Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 5 дугаар зүйлд “Хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй.” хэмээн эрүүдэн шүүх үйлдлийг хориглох тухай маш тодорхой зааж өгсөн байдаг. Энэ цагаас хойш Эмнести Интернэшнл болон бусад олон улсын хүний эрхийн хөдөлгөөнүүдийн үйл ажиллагааны үр дүнд эрүүдэн шүүх болон бусад зүй бус харьцааг хориглосон олон улсын болон бүс нутгийн хүний эрхийн гэрээ конвенцууд батлагджээ.
Монгол улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцоор хүлээсэн үүргийнхээ дагуу эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үр нөлөө бүхий бүх талын арга хэмжээг авах, эрүүдэн шүүсэн этгээдэд хариуцлага хүлээлгэж, хохирогчдийг нөхөн сэргээх, хохирлыг барагдуулах үүрэг хүлээдэг.
Харамсалтай нь УИХ-аас 2014 онд эрүүдэн шүүсэн гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгадаг байсан Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах Албыг татан буулгаж, Монгол улс үүрэг амлалтаасаа ухарсны улмаас эрүүдэн шүүгчид ял завшиж, хариуцлагаас мултрах нөхцөл бий болж, эрүүдэн шүүхээс хохирсон хүмүүс бие махбод, сэтгэл санааны хохирлоо барагдуулж чадалгүй хохирсоор байна.
2017 оны 5-р сард батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр эрүүдэн шүүх гэмт хэргийг мөрдөн шалгах албыг сэргээх тухай саналыг УИХ-аар хэлэлцсэн ч дэмжээгүй.
НҮБ-ын Хүний Эрхийн Түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ой тохиож буй энэ үед Монгол улс нэгдэн орсон гэрээ конвенцоор хүлээсэн үүргийнхээ дагуу эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үр нөлөө бүхий Үндэсний Урьдчилан Сэргийлэх Байгууллага, эрүүдэн шүүсэн гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах тусгай байгууллага байгуулах амлалтаа хэрэгжүүлэхийг иргэд, хүний эрхийн байгууллагууд итгэж найдан хүлээсээр байна.