Хүний эрх хамгаалагчийн бодит нөхцөл байдал бэрхшээл
Мэдээ
SHARE
2023/11/20 04:55
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хүний эрх хамгаалагчидтай хийсэн уулзалт дээр Монголын Эмнести Интернэшнлийн Гүйцэтгэх захирал Б.Алтантуяагийн тавьсан илтгэл

 2021.05.25 

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

За би энд харагдаж байгаа нэг түүхэн баримтаар яриагаа эхэлье.  Тэртээ 2005 онд хүний эрх хамгаалж буй эмэгтэйчүүдэд тулгарч буй бэрхшээлийн асуудлаар судалгаа хийж тэднийг хамгаалах боломжийг хайсан юм. Тэгээд “хүний эрхийн хамгаалагчдыг тусгайлсан эрх зүйн орчин бий болгож хамгаалах, үүнд ХЭҮК тэргүүлэх үүрэгтэй оролцох гэсэн дүгнэлтэнд хүрсэн билээ. 

 

Энэ судалгаа өнөөдөр архивт тоосонд дарагдаж үлдэлгүй бодит  үр дүнгээ өгснийг харахад сайхан байна. 

 

Монголд хүний эрх хамгаалагчид руу халдаж байгааг анх дэлхий дахин 2006 онд мэдсэн. “Монгол газар” ХХК-ний хувийн хамгаалалтын албаныхан нутаг ус, голоо хамгаалсан малчид, орон нутгийн идэвхитнүүдийг бороохойдсон, нулимс асгаруулагч хэрэглэсэн,тэр бүү хэл буун дуу гаргасныг та бүхэн санаж байгаа байх.  Үүгээр ч зогсохгүй сурвалжлахаар очсон сэтгүүлчид халдаж, камерийг нь эвдэлсэн байдаг талаар Эмнести Интернэшнлийн тайланд байгаа.

 

Тэгвэл өнөөдөр байдал хэвээр, Засгийн газар гуравдагч этгээдээс  хүний эрх хамгаалагчдыг хамгаалж чадахгүй байна.  2020 оны Эмнести Интернэшнлийн тайланд дурдсанаар Дорноговь аймагт байгаль орчны доройтлоос нутаг усаа хамгаалж, бизнесийн үйл ажиллагааны түрэмгийллийн эсрэг тэмцсэн орон нутгийн идэвхитэн, ТББ тэргүүн эмэгтэйг зодсон хэрэг гарсан боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. 

 

Ер нь хүний эрх хамгаалагчдад дараах бэрхшээл, халдлагууд тулгарсаар байна. 

  • Сэтгэл зүйн дарамт-Гутаан доромжлох, нэр, алдар хүндэд халдах
  • Айлган сүрдүүлэлт, элдэв хариу арга хэмжээ
  • Бие махбодод халдах
  • Нэр, алдар хүндэд халдсан, гүтгэсэн хэргээр шүүхэд дуудах, зөрчлийн хуулиар торгох
  • Мөрдөн мөшгөлт
  • Сураггүй алга болгох, 
  • Амь насанд халдах 

Ганц ХЭХ-д  руу ч биш ах дүү хамаатан садан гээд гэр бүлийнхэн рүү дайрах нь түгээмэл байна.  Хамгийн их тохиолддог, 1 дүгээрт бичигддэг бэрхшээл нь УИХ-ын дарга Г.Занданшатар нээлтийн үгэндээ дурдсанчилан бусдын алдар хүндэд халдсан худал мэдээлэл тараасан хэмээгдэн шүүх, цагдаад дуудагдаж дарамтлуулах, зөрчлийн хуулиар торгуулж эдийн засгийн дарамт амсаж байгаа явдал юм. 

 

Энэ хүндрэл бэрхшээлийг ойлгож ХЭҮК-ийн даргаар Ж.Бямбадорж гуай 2016 оны 11 дүгээр сард томилогдоод иргэний нийгмийн байгууллагуудтай уулзалт хийхдээ “Хүний эрх хамгаалагчийн хуулийг батлуулахад ХЭҮК манлайлж оролцоно” гэж амлалт авсан. Ингээд хүний эрхийн шинжээч Б.Болорсайхан, доктор Д.Сүнжид тэргүүтэй ажлын хэсэг гаргаж энэ хуулийг бичих түүхэн ажлыг эхлүүлсэн билээ. Тиймээс энэ түүхийн үндэсийг тавьсан, өөрийн манлайллаа гаргаж оролцсон ХЭҮК-ын дарга асан Ж.Бямбадорж гуайд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа энэ индэр дээрээс хэлэхдээ таатай байна. 

 

Хууль гараагүй  үед хүний эрх хамгаалагчдыг хамгаалахын тулд олон аргаар ажилласны нэг нь  тэднийгээ таниулан хамгаалах явдал байсан. Иймээс Эмнести Интернэшнл хүний эрх хамгаалагч гэж хэн болох, тэдний нийгэмд оруулж буй хувь нэмэр, үүрэг роль, тулгарч буй сорил бэрхшээлийн талаар олон нийтэд таниулахаар  “Хүний эрх хамгаалагч ЗОРИГТОН” хөрөг найрууллын уралдааныг 2019 онд зохион байгуулж эхэлсэн. 2020, 2021 онд энэ санаачилгыг Монголын эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, Оюу Толгойн Хяналт ТББ дэмжин хамтарсан. Одоогоор 40 гаруй хүний эрх хамгаалагчдын хөрөг олны хүртээл болоод байна. Энд би 2021 оны сүүлийн бүтээлийн нэг болох Хэнтийн мэдээ сонинд гарсан... “Т гэгч нэргүй хөрөг” хэмээх нийтлэлийг та бүхэнд уншихыг санал болгож байна. Заавал уншаарай. Хүний эрх хамгаалагчдын өнөөгийн бодит дүр төрх сэтгэл эмтрэм түүхийг та бүхэн эндээс унших болно. Энэ бол миний энд хэлэх үгнээс 1000 дахин илүү. Энэ бол сэтгэл сэмшрэм бодит үнэн. 

 

Эх хэл, Монгол бичгээ цахим орчинд хадгалж үлдэх гэсэн эх хэл бичгийн идэвхитнүүдэд өнөөдөр дотоодоос ч, гадаадаас ч бэрхшээл, дарамт ирж байгаа. Яг энэ цаг үед Хүний эрх хамгаалагчийн хууль гарсанд таатай байна. Энэ хуулийг батлуулахын төлөө хоёр ч парламент дамжин уйгагүй, тууштайгаар, басхүү зориг гарган зүтгэсэн УИХ-ийн гишүүн Цогтбаатар танд талархаж байгаа бас илэрхийлье. 

 

Хүний эрхийн хамгаалагчид энэ хуулийг удаан хүлээсэн....  Монгол хүн мориор бэлгэшээдэг. Зүйрлүүлж хэлбэл энэ хууль гарснаар мориндоо мордоод хүний эрх хамгаалах манаанд урагшаа гэж зүтгэхэд бэлэн хүлээж байсан... 

 

Анхны юм бүхэн заавал алдаатай байх шаардлагагүй ч хууль маань гарахдаа бидний бүрэн бодож чадаагүй, харж чадаагүй дутагдалтай зүйлүүдтэй байгааг батлагдсан хууль бүрэн эхээрээ өнгөрсөн 7 хоногт парламент.мн дээр гарахад нь харлаа. 

 

Тухайлбал 7.2.1 8.1.3.

Энэ заалтууд угаас Эрүүгийн хууль, Мөнгө угаах, теророризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Иргэний хууль, Зөрчлийн хуулиудад аль хэдийн тусгагдсан Монгол улсын нутаг дэвсгэр дээр ажиллаж амьдарч байгаа хүн бүр, хуулийн этгээд нэг бүр дагаж мөрдөх ёстой зүйл. Гэтэл яагаад энэ хуулинд давхардуулан тусгаж ХЭХ-даа онилж, байлж байгаа нь ойлгомжгүй, нэмэлт тайлбар шаардсан зүйл болоод байна. Хэн хаанаас ХЭХ-дын санхүүжилт авахыг хориглосон хар жагсаалтыг хэзээ гаргаж өгөх нь ч тодорхойгүй байна. Энэ бүх тодорхойгүй зүйл эргээд урвуулан ашиглагдах эрсдэлтэй үүсгэж хүний эрх хамгаалагчдад чөдөр тушаа болохоор байна.

 

10.2 дугаар заалт уул нь алга ташаад, баярлаад хүлээн авах заалт шиг харагдаж байгаа ч тиймгүй гэдэг нь бодит байдал дээрээс харагдаж байна. Мөн л чөдөр, тушаа болохоор байна.

 

ХЭФ-ын ХЭҮК-ийн төсөвт хийсэн шинжилгээгээр энэ нь ч тодорхой харагдаж байна.  Тухайлбал 2020 оны төсвийн тодотголоор 2020 оны батлагдсан төсвөөс 88,1 сая төгрөгийг танасны улмаас шинэчилсэн найруулгаар батлагдсан 2 гишүүний  орон тоо, цалингийн сан нэмэгдээгүй байна. Тэгэхээр одоо ахиад 1 гишүүнийг нэмэх хэрэг байгаа юм уу гэдэг асуудал ч гарч ирж байгаа юм. 

 

Бас нэг ноцтой зүйл нь  Ковид цар тахлын үед хүний эрхийн зөрчил туйлдаа хүртэл нэмэгдсэн. Гэр бүлийн хүчирхийллээс авахуулаад, алагчлал, ялгаварлан гадуурхах үзэл нэмэгдсэн.  Харин ХЭҮК-ын 2021 оны төсвийг өмнөх оноос 90 сая төгрөгөөр бууруулж баталсан нь гишүүдийн орон тоо нэмэгдсэн, үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж байгаа нөхцөлд Парисын зарчимд нийцсэн ХЭҮК-ын эдийн засгийн баталгаа хангагдаагүй болохыг харуулж байна. Гарсан хуулийн заалтууд ч хэрэгжих нөхцөлгүй зөрчигдөж байгааг харж болно.  2021 оны эхний улирлын байдлаар ХЭҮК-ын төсвийн зарцуулалтад шинжилгээ хийхэд цалингийн сангаас бусад зардлын 50 хувийг байрны түрээс эзэлж байгаа бөгөөд үйл ажиллагааны зардал огт гараагүй бөгөөд шалтгаан нь Засгийн Газрын 2021 оны 43 дугаар тогтоолын дагуу энэ зардлыг олгоогүй аж.

 

Тэгэхээр энэ бүх алдаа, цоорхой засагдахгүйгээр хүний эрх хамгаалагчдад тулгардаг бэрхшээл хэв хэвээр үргэлжилсээр байх асуудалтай байна. Тиймээс 

 

  1. ХЭХ-ын эрх зүйн байдлын тухай хуулийн 7.2.1 болоод 8.1.3-р заалтуудыг дахин хэлэлцэж хууль хоорондын давхцалыг арилгах, хууль батлахад нэг стандарт хэрэглэх; 
  2. ХЭХ-ын эрх зүйн байдлын тухай  хуулийн 10.2 дугаар заалтыг үр дүнтэй, бодитой хэрэгжүүлэхийн тулд УИХ нь ХЭҮК-ыг Парисын зарчмын дагуу  төсвийг нь Засгийн газар дур мэдэн танадаг, төсвийн төслийг анхаарч үздэггүй эсвэл үндэслэлгүй хасдаг муу туршлагыг халах; 
  3. ХЭҮК-ыг улс төрийн хараат байдлаас ангид байлгахын тулд гишүүдийг нээлттэй, ил тод, олон талын бодит оролцоо бүхий сонсголоор шалгаруулан томилдог сайн жишгийг хадгалах зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Өнөөдөр намайг энд үг хэлэх боломж олгосон УИХ-ын дарга Г.Занданшатар танд гүн талархал илэрхийлэхийн ялдамд, зайлшгүй сайжруулах шаардлагатай эдгээр асуудалд анхаарал хандуулан, 7 дугаар сарын 1-нд уг хууль хэрэгжиж эхлэхээс өмнө засаж сайжруулахад өөрийн манлайллаа дайчлан ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлье.

Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.