Орон нутгийн, үндэсний, бүсийн, олон улсын түвшинд бие даан дангаараа, эсвэл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах, хэрэгжүүлэх явдлыг хөхиүлэн дэмжиж ажилладаг хүмүүсийг Хүний эрхийг хамгаалагч гэж үздэг. Тэд арьс өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, нийгмийн гарал, өмч зэрэг аливаа байдлаар ялгаварлалгүйгээр хүний эрхийн түгээмэл, нийтлэг байдлыг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаагаа тайван замаар явуулах ёстой байдаг.
Хүний эрх хамгаалагчид нийгмийн бүхий л давхаргыг төлөөлдөг. Багш, хүний эрхийн зөрчлийн хохирогчид, гэр бүлийнхэн нь, шүгэл үлээгч, байгаль хамгаалагч, хуульчид, үйлдвэрчний эвлэл, хүний эрхийн үндэсний байгууллагуудын ажилтнууд, сэтгүүлчид, эмнэлгийн мэргэжилтнүүд, төрийн албан хаагчид, оюутан гээд хэн ч хүний эрхийг хамгаалагч байж болно.
Хүний эрхийг хамгаалагчдыг тодорхойлдог гол шинж бол хэн бэ гэдэг нь биш, тэдний хийдэг зүйл, баримталдаг зарчим юм. Хүний эрхийг хамгаалагчдын зарим нь хүний бүх эрхийг хамгаалахын төлөө ажилладаг бол нөгөө хэсэг нь эмэгтэйчүүдийн эрх, үндэстэн ястан, шашин шүтлэг, хэлний цөөнхөд харьяалагддаг хүмүүсийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, иргэний болон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн чиглэлээрх хүний эрхийн тодорхой асуудлаар үйл ажиллагаа явуулдаг.
НҮБ-ын хүний эрх хамгаалагчдын асуудлаарх Тусгай Илтгэгч эмэгтэй хүний эрхийг хамгаалагч гэдэг нь эмэгтэй эсвэл эмэгтэйчүүдийн эрх, жендерийн асуудлаар ажиллаж байгаа бусад хүмүүсийг хэлнэ хэмээн тодорхойлсон байдаг.
Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор зарим хүний эрхийг хязгаарласан энэ үед хэнийг ч ардаа орхилгүй COVID-19 цар тахлыг даван туулахад бидэнд хүний эрхийг хамгаалагчид урьд өмнөхөөс илүү чухал хэрэгтэй байна.
Эмэгтэй хүний эрхийн хамгаалагчид болон бусад үйлдвэрчний эвлэл, байгаль орчин, газрын эрхийг хамгаалагчид, дүрвэгсэд ба цагаачид, уугуул иргэдийн эрхийг хамгаалагч гээд бусад идэвхтнүүд COVID 19 цар тахлын нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, нийгмээс гадуурхагдсан, эрсдэлт бүлгийнхэнд хэрхэн нөлөөлдөг болохыг олон нийтэд ойлгуулахад туслахын зэрэгцээ эрх бүхий байгууллагуудаас авч буй арга хэмжээ нь хүний эрхийг, тухайлбал үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хувийн нууцтай байх, эрүүл мэнд, орон сууц, амьжиргааны зохих түвшний эрхийг зүй бусаар зөрчихгүй байхыг хянахад гол үүрэг гүйцэтгэдэг.
Гэвч сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулсныхаа төлөө тэдгээр хүмүүс айлган сүрдүүлэлт, халдлага, дайралттай нүүр тулж, бүр амь насаа алдаж байна. Судалгаагаар 2019 онд дэлхий дахинаа 300 гаруй хүний эрх хамгаалагч аллагад өртжээ. Тэдний 85 хувь нь өмнө нь эрхэлж байсан үйл ажиллагааныхаа улмаас заналхийлэлд өртөж байсан бол, 13 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд 40 хувь нь газрын эрх, уугуул иргэдийн эрх, хүрээлэн буй орчны эрхийн төлөө тэмцсэний улмаас амиа алдсан байна.
Эмэгтэй хүний эрх хамгаалагч(ЭХЭХ)-дын хувьд илүү жендерт суурилсан хүчирхийлэл, заналхийлэлд өртдөг. Тэднийг хийж байгаа ажил, нийгэмд эзэлж байгаа жендэрийн үүрэг рольтой нь холбогдуулан нэр төрийг нь гутаан доромжилж, мөрдөн хавчиж, айлган сүрдүүлсээр байна.
1998 онд улс орнууд хүний эрхийг өмгөөлөх хүн бүрийн эрх нь хүний эрхийг хүндэтгэж, хамгаалахад чухал үндэс болохыг хүлээн зөвшөөрч, хүний эрх хамгаалагчдыг хамгаалах улс орнуудын хүлээх үүрэг хариуцлагыг тусгасан Хүний эрхийг хамгаалагчдын тухай тунхаглалыг баталсан. Энэ тунхаглалын 1 дүгээр зүйлд “Хүн бүр хувь хүн болон бусадтай хамтран үндэсний болон олон улсын түвшинд хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах, хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах эрхтэй.” хэмээн заасан байдаг.
Ковид 19 цар тахлын үед ч гэсэн засгийн газрууд хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааных нь улмаас хүний эрхийг хамгаалагчдын аливаа эрхийг зөрчихгүй байх, гуравдагч талаас үзүүлэх дарамт шахалтаас хамгаалах, хүний эрхийг хамгаалагчдын эрх, түүний дотор хүний эрхийг хамгаалах бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд чиглэсэн санаачилгатай алхмуудыг авч хэрэгжүүлэх төрийн үүрэг хариуцлагаа үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай байна.