2023 оны 7-р сарын 19
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 8-р сард Өмнөд Африкт болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцвол Өмнөд Африкийн эрх баригчид баривчлах үүрэг хүлээх талаар Өмнөд Африкийн Эмнести Интернэшнл amicus curiae гаргалаа. Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ээс гуравдугаар сард Ерөнхийлөгч Путин болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүүхдийн эрхийн комиссар Мария Алексеевна Львова- Белова нарыг Украины эзлэгдсэн газар нутгаас хүүхдүүдийг ОХУ-д шилжүүлсэн, Украины нутаг дэвсгэрээс Орос руу хууль бусаар хүүхдүүдийг албадан гаргаж дайны гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр баривчлах тогтоол гаргасан. Өмнөд Африк нь ОУЭШ-ийг байгуулсан, Ромын дүрэмд гарын үсэг зурсан анхдагч орны хувьд Ерөнхийлөгч Путиныг тус улсад хөл тавьсан тохиолдолд баривчилж, шүүхэд өгөх үүрэгтэй. 2002 онд Өмнөд Африк нь Ромын дүрмийг тус улсад Хэрэгжүүлэх Актыг соёрхон баталсан.
Өмнөд Африкийн Эмнести Интернэшнлийн Гүйцэтгэх захирал Шенилла Мохамед “ОУЭШ-ийн гишүүн орны хувьд Өмнөд Африкийн олон улсын эрх зүйн өмнө хүлээх үүрэг хариуцлага нь тодорхой. Эрх баригчид В.Путиныг баривчилж ОУЭШ-д хүлээлгэн өгөх ёстой. Украинд дайны гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутгагдаж байгаа, ОУЭШ-ээс оргон зайлсан этгээдийг БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоход туслах ёсгүй. Энэ нь Өмнөд Африкийн олон улсын эрх зүйн дагуу хүлээсэн үүргээ зөрчиж, Украинд үйлдэгдсэн олон улсын эрх зүйн дагуух гэмт хэргийн хохирогчдоос урвасан хэрэг болно" хэмээн мэдэгдэв.
2022 оны хоёрдугаар сарын 24-нд түрэмгийлэл эхэлснээс хойш Орос, Украин дахь нөхцөл байдлыг Эмнести Интернэшнл анхааралтай ажиглаж, дайны гэмт хэргүүд, олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчсөн үйлдлүүдийг баримтжуулж ирсэн. Бид Украины нөхцөл байдлын талаарх өөрийн байгууллагын судалгаа, тайланд тулгуурлан Amicus curiae-г гаргасан бөгөөд үүнд Өмнөд Африкийн олон улсын болон дотоодын хууль тогтоомжийн дагуу хүлээсэн үүргийн талаарх мэдээллийг өгөхийг зорьсон. Өмнөд Африкийн Эмнести Интернэшнл нь бие даасан, шударга байгууллагын хувьд шүүхэд туслах зорилготойгоор олон улсын шударга ёс, хүний эрхийн зөрчил, төрийн байгууллагын хариуцлагын асуудлаар өргөдөлд нэгдэж буйгаа Шенилла Мохамед мэдэгдэв.
Тэрээр мөн цааш нь "Ерөнхийлөгч Путин Өмнөд Африкт ирвэл баривчлан ОУЭШ-д хүлээлгэн өгөх үүрэгтэй. 2015 онд Өмнөд Африк улс Дарфурын бүс нутагт дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутгагдаж байсан Суданы тухайн үеийн ерөнхийлөгч Омар Аль-Баширыг Йоханнесбургт болсон Африкийн холбооны Төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэр нь баривчлах үүргээ биелүүлж чадаагүй. Ийм явдал ахин давтагдах ёсгүй. Хэрэв Өмнөд Африк ийм явдлыг дахин хүлээн зөвшөөрвөл дотоодын болон олон улсын хууль тогтоомжийг үл хүндэтгэсэн хэрэг болох юм. Түүнчлэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн суудалд заларч байгаа тус улс олон улсын эрх зүйн хүрээнд хүний эрхийг хамгаалж, гэмт хэрэгт ял шийтгэлгүй үлдэх явдалтай тэмцэж чадахгүй байгааг илтгэнэ” хэмээв.
Олон улсын шударга ёс
“Өмнөд Африк 20 гаруй жилийн өмнө геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг зэрэг гэмт хэрэгт ял шийтгэлгүй үлдэх явдлыг таслан зогсоох зорилгоор ОУЭШ-ийг байгуулах зөвшилцлийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Өмнөд Африк нь 1998 оны долдугаар сарын 17-нд Ромын дүрэмд гарын үсэг зурж, 2000 оны арваннэгдүгээр сарын 27-нд соёрхон баталсан. Тус улс нь олон улсын шударга ёсны тэргүүн эгнээнд байсаар ирсэн бөгөөд үргэлжлүүлэн манлайлах ёстой. ОУЭШ бол дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, хоморголон устгах гэмт хэргийн хохирогч болсон сая сая хүмүүсийн төлөө шударга ёсыг тогтоох гол арга замуудын нэг юм. Ромын дүрмийн дагуу геноцид, дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, тэр дундаа апартейдыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж үздэг. Олон улсын эрх зүйн дагуух гэмт хэрэгт ихэнхдээ ял шийтгэл хүлээдэггүй энэ үед ОУЭШ-ийн Ромын дүрэм нь гэмт хэргийн хохирогчдод шударга ёсыг тогтоох, нөхөн төлбөр авах сүүлчийн боломжийг олгодог” гэж Шенилла Мохамед мэдэгдэв. Хүний болон ард түмний эрхийн тухай Африкийн дүрмийн дагуу хүний эрхийг хүндэтгэх, ял шийтгэлгүй үлдэхийг буруушаах, үгүйсгэх нь Өмнөд Африкийн нэгдэн орсон Африкийн Холбооны Үндсэн хуулийн гол зорилго, зохион байгуулалтын гол зарчмуудын нэг. Өмнөд Африк нь ОУЭШ-ийн нэн чухал гишүүн орон хэвээр байгаа бөгөөд олон улсын хуулийн дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтнүүдийг яллах оролдлогын тэргүүн эгнээнд байх ёстой. Олон улсын шүүх зэрэг олон улсын механизмууд нь шударга ёс, үнэн зөв, хохирлыг бүрэн барагдуулах, гэмт хэргийн хохирогч болон амьд үлдсэн хүмүүст дахин давтагдахгүй байх баталгааг хангахад нэн чухал юм" гэж Шенилла Мохамед хэлэв.
Хариуцлага
“Олон улсын шударга ёсны байгууллагууд хариуцлага хүлээх ёстой гэж бид үзэж байна. Эмнести Интернэшнл олон улсын эрх зүйн дагуу гэмт хэргийн хохирогчдод ОУЭШ-ийн зарчмуудыг ямар ч нөхцөл байдал, бүс нутагт адил тэгш хэрэглэх эсэх талаар асуулт тавьж буй сүүлийн үеийн хэд хэдэн шийдвэр, практикийг онцолж байна. Тухайлбал, 2020 онд ОУЭШ-д байрладаг Прокурорын газар (OTP) эдгээр гэмт хэрэг үйлдсэн гэж өөрсдийн дүгнэлтийг хийсэн ч Ирак дахь Их Британийн цэргийн үйлдсэн гэмт хэргийг шалгахгүй байхаар шийдсэн. Үүний дараа 2021 онд АНУ болон Афганистаны үндэсний арми Афганистанд үйлдсэн дайны гэмт хэргийн мөрдөн байцаалтыг төсвийн хүндрэлтэй гэж үзэн хойшлуулах шийдвэр гаргасан. Эмнести Интернэшнл олон улсын шүүхээс ялгаварлан гадуурхахгүй, шударга ёсны ашиг сонирхолд нийцүүлэн бүх санхүүжилтийг хуваарилж, хүнд гэмт хэргийн хохирогчдын хохирлыг барагдуулах, нөхөн төлбөр авах эрхийг тэгш хүртэх ёстойг баталгаажуулахыг уриалж байна” гэж Шенилла Мохамед хэлэв.
Үндсэн мэдээлэл
Олон улсын эрүүгийн шүүх 2023 оны гуравдугаар сарын 17-нд Ерөнхийлөгч Путиныг баривчлах тогтоол гаргасан. 2022 оны арваннэгдүгээр сард Эмнести Интернэшнлээс Украины энгийн иргэд, тэр дундаа хүүхдүүдийг Оросын зэвсэгт хүчин болон үүрэг гүйцэтгэгчид Орос улс руу эсвэл Украины эзлэгдсэн Оросын газар нутгийн гүн рүү хүчээр албадан шилжүүлснийг баримтжуулсан тухай тайлан гаргасан. Энэ нь дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг байж болзошгүй гэж тус байгууллага үзжээ. Олон улсын эрүүгийн шүүхээс гаргасан хэвлэлийн мэдээнд Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн 8 дугаар зүйл(дайны гэмт хэрэг)-д заасанчлан "хүн амыг хууль бусаар албадан гаргасан дайны гэмт хэргийн хариуцлагыг сэжигтэн бүр хүлээнэ" гэх “итгэж болохоор бодит үндэслэл” байна хэмээн дурджээ.
Одоогийн байдлаар Ромын дүрэмд 123 улс нэгдсэн ба Путин, Львова-Белова нарыг баривчлах тогтоолыг 124 улс (нэгдэн орсон 123 улс дээр нэмэх нь 2014 оноос хойш тус улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэгт ОУЭШ-ийн шүүн таслах харъяаллыг олгосон Украин улс ) заавал хэрэгжүүлэх үүрэгтэй.