ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ,
СОЁЛЫН ЭРХИЙН ТӨЛӨӨ

ТАНИЛЦУУЛГА

Эмнести Интернэшнл нь Эдийн засаг, Нийгэм, Соёлын эрх (ЭЗНСЭ)-ийг хамгаалахын тулд кампанит ажил өрнүүлэн ажиллаж байна. Эдгээр эрхүүдийг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал болон хүний эрхийн гэрээнүүдээр хамгаалсан байдаг.


Эдийн засаг, нийгэм, соёлын эрхүүд нь хүний амьдралын наад захын хэрэгцээг хамгаалсан эрхүүд юм. Үүнд: хоол хүнс, цэвэр ус, ариун цэврийн байгууламж, эрүүл мэндийн үйлчилгээ, орон байр, нийгмийн хамгааллын эрхүүд багтана. Түүнчлэн хүний нэр төртэй амьдрах нөхцлийг бүрдүүлэх  боловсрол, ажилчдын эрх, уур амьсгалын хямралаас үүдэн зөрчигдөж буй бусад бүлэг эрхүүдийг ч хамаардаг. ЭЗНС-ын бүх эрхүүд хоорондоо харилцан хамааралтай бөгөөд нэг эрх нь нөгөө эрхээрээ баталгаажиж байдаг. Жишээлбэл, цэвэр ус, ариун цэврийн байгууламжаар хангадах эрх зөрчигдөхөд эрүүл байх эрх ч мөн зөрчигдөж байдаг.


Яагаад ЭЗНСЭ чухал вэ?

Бид бүгдэд амьдрах аюулгүй гэр хэрэгтэй. Бидэнд эрүүл байхын тулд идэх хоол хүнс, ундаалах, угааж цэвэрлэх, хоол хийх ус, ариун цэврийн байгууламж хэрэгтэй. Өвдвөл эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах хэрэгтэй. Мөн бидний хүүхдүүдэд боловсрол, ажилчдад шударга цалин хөлс, хөдөлмөрлөх чадваргүй хүмүүст таагүй нөхцөл байдлыг даван туулах, нэр төртэй амьдрах боломжийг олгох нийгмийн хамгааллын тогтолцоо хэрэгтэй.


Эдийн засаг, нийгмийн тэгш бус байдал нь хөгжлийн бүх түвшний улс орнуудад байнгын тулгамдаж буй бодит байдал хэвээр байна. Дэлхий даяар олон тэрбум хүн эдгээр суурь эрхгүйгээр амьдарч байна. Өлсгөлөнг арилгах, урьдчилан сэргийлэх боломжтой өвчлөлийг таслан зогсоох, бичиг үсэггүй, орон гэргүй байдлыг арилгах үүргээ чинээлэг, хүчирхэг засгийн газрууд ч биелүүлж чадахгүй байна. Дайн, уур амьсгалын өөрчлөлт зэрэг давхацсан хямрал нь дэлхий даяар ядуурал, тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтыг нэмэгдүүлж байна.


Дэлхийн улс орнуудын засгийн газрууд ЭЗНСЭ-ийг баталгаажуулах үүрэгтэй бөгөөд Эмнести Интернэшнл эдгээр эрхийг хүндэтгэх, хамгаалах, биелүүлэхийг тэднээс шаардаж ажилладаг.


Зураг.1 Дайнд нэрвэгдсэн хүмүүс 2022 оны 4-р сарын 02-ны өдөр Йемен улсын Сана хотын Мсеек дүүрэгт байрлах хүмүүнлэгийн гал тогооноос үнэгүй хоол идэхээр хүлээж байна.

Хоол хүнсээр хангагдах эрх

Хоол идэх эрх гэдэг нь өлсөж үхэхгүйн тулд идэх тухай асуудал биш юм. Хүнс нь эрүүл мэнд, хоолны дэглэмийн хувьд болон тухайн соёлын хүн бүрийн хэрэгцээг хангахуйц, хангалттай хэмжээтэй, шим тэжээлтэй байх ёстой. Мөн боломжийн үнэтэй, хүртээмжтэй, хүний өдөр тутмын хэрэгцээг хангахуйц байх ёстой.


Зохистой хоол хүнсээр хангагдах эрхийг тодорхойлбол, хүн амьдралынхаа туршид өөрийн хэрэгцээг бүрэн хангахуйц хоол хүнсээ олж авах бие бялдар болоод эдийн засгийн чадвартай байх явдал юм. Нөгөө талаас төр хүнсний аюулгүй байдлыг хангах, хүн амын эрүүл мэнд, аж амьдрал доройтохуйц нөхцөл байдалд оруулахгүй байх үүргийг хүлээх ба хүн өөрөөс үл хамаарах шалтгаанаар тэжээлийн дутагдал, хүнсний хомсдол зэргээс ангид байхыг ойлгоно.


Гэвч бодит байдал дээр дэлхий даяар хэн ч өлсөж, хоол тэжээлийн дутагдалд орохооргүй хангалттай хэмжээний хүнс тариалж, үйлдвэрлэж, боловсруулж байгаа ч засгийн газрын алдаа, мөргөлдөөн , уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон хямралын улмаас сая сая хүмүүс өдөр бүр хангалттай, тэжээллэг хоол хүнс авч чадахгүй байна.


Засгийн газрын зохисгүй үйл ажиллагаанаас болж хоол хүнсээр хангадах эрх хөндөгдөж байгаа маш олон жишээ бий. Хүнсний аюулгүй байдал нь үнийн асар их өсөлтөөс шалтгаалж, мөргөлдөөний нөхцөл байдал нь хүмүүнлэгийн тусламжийг (хүнс, усны хангамж гэх мэт) зогсооход хүргэж байна.

Ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрх

Усны эрх бол бүх амьд биетийн хувьд амин чухал зүйл бөгөөд усгүйгээр бид үхэх болно. Бидэнд ундаалах, угааж  цэвэрлэх, хоол хийх, ариун цэврийн байгууламжид ашиглах ус хэрэгтэй байдаг нь наад захын хэрэгцээнээс гадна бидний эрхийн асуудал юм. Ус нь хүний бусад бүх эрхийг, түүний дотор амьд явах эрхийг эдлэхэд зайлшгүй шаардлагатай. Мөн хүнсний үйлдвэрлэлд чухал үүрэг гүйцэтгэдэг.


Ариун цэврийн байгууламжаар хангагдах эрх нь хүмүүст цэвэр, эрүүл орчинд амьдрах боломжийг олгодог бөгөөд энэ эрх хангагдаагүйгээс эрүүл байх, боловсрол эзэмших гэх мэт бусад эрхүүд зөрчигдөх эрсдэлтэй.


Ус нь хүн бүрт хүртээмжтэй, хүрэлцэхүйц хэмжээний, чанартай байх ёстой. Гэсэн хэдий ч ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрх зөрчигдөж байгаа олон тохиолдлууд бий.


Бохирдол нь усыг аюултай болгодог. Усны хомсдол нь ган гачигт хүргэж улмаар уур амьсгалын хямрал нөхцөл байдлыг улам бүр дордуулж, цэвэр усны хомсдолыг улам нэмэгдүүлдэг. Хүний эрх хамгаалагчид энэ эрхийн төлөө дуугарсныхаа төлөө заналхийлэлд өртөж бүр амь насаараа хүртэл хохирсоор байна.

Зураг.2 Родриго Мундака, Чили дэх Дэлхий, Байгаль орчныг хамгаалах, Усны хүртээмжийг хамгаалах хөдөлгөөний (MODATIMA) усны эрхийн хамгаалагч.

Зураг.3 Мумбай хотод 2021 оны 7-р сарын 9-нд Ковид-19 вирусийн эсрэг вакцины нөөцийн хомсдолоос үүдэн хаагдсан вакцинжуулалтын төвийн үүдний хажуугаар нэгэн эмэгтэй алхаж байна.

Эрүүл байх эрх

Эрүүл байх эрх нь хүний бусад бүх эрхтэй нягт холбоотой. Бид бүгд бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндийн хамгийн дээд түвшинд байх эрхтэй. Үүнд эрүүл орчин, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, хоол хүнс, орон сууц, ариун цэврийн байгууламж, ус, боловсрол, нийгмийн хамгаалал зэрэг бидний нэрлэж заншсан “эрүүл байх эрхийн нийгмийн тодорхойлогч хүчин зүйлүүд” багтдаг.


Эрүүл байх эрх нь зөвхөн эрүүл байх эрх биш, харин хүн бүр эрүүл мэнддээ анхаарах, хамгаалах боломжийг олгодог эрүүл мэндийн тогтолцоонд хамрагдах эрх юм. Эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зэрэг янз бүрийн бүлэг хүмүүс тодорхой хэрэгцээтэй байдаг засгийн газрууд эдгээрийг ойлгож, зохих ёсоор шийдвэрлэх ёстой.


Гэсэн хэдий ч зарим хүмүүс эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бусадтай адил хялбархан авч чадахгүй байгаа буюу эрүүл мэндийн тэгш бус байдлын олон тохиолдол байсаар байна. Жишээлбэл, Ковид-19 тахлын үед эмийн үйлдвэрүүд орлого багатай орнуудын амь нас аврах вакцин авах боломжийг хязгаарлаж вакцины тэгш бус байдал үүсгэж байв. Засгийн газрууд эрүүл мэндийн хамгааллын хэрэгцээнд тохиорсон нөөцийг бүрдүүлээгүй эсвэл тусламж үйлчилгээ болон эмийн үнийг  өсгөдөг үнэтэй төлбөр зэргээс эмийн хомсдол үүсэх үед эрүүл мэндийн тэгш бус байдал бий болж байна.


Мөн засгийн газрууд нийгмийн эрүүл мэндийн хямралыг буруу зохицуулж, эрүүл байх эрхийг хамгаалж чадаагүй  нь тахлын үед ч ажиглагдсан.

Орон байртай байх эрх

Бид бүгдээрээ шаардлагад нийцсэн орон байртай: гэр гэж  дуудах аюулгүй, найдвартай газартай байх эрхтэй. Таныг тэнд амьдрахыг хуулиар зөвшөөрч, орон сууц чинь ус, ариун цэврийн байгууламж зэрэг наад захын үйлчилгээ, дэд бүтцээр хангагдсан байх ёстой. Орон байр  нь боломжийн үнэтэй байх ёстой бөгөөд таныг болон танай гэр бүлийг уур амьсгалын таагүй байдал, өвчин эмгэг, бохирдлоос хангалттай хамгаалж байх ёстой.


Хэн ч орон гэргүй байх ёсгүй. Олон улсын хүний эрхийн хууль тогтоомж, стандартын дагуу орон гэргүй байх нь шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг (бусад эрхүүдийн дунд) зөрчиж байгаа явдал юм.

Харамсалтай нь энэ эрхийг зөрчих өөр олон тохиолдол бий, тухайлбал зөрчил, мөргөлдөөний улмаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх,  БНАКУ-ын уул уурхайн компаниуд гэх мэт корпорацууд Маасай гэх мэт нутгийн уугуул иргэдийг албадан нүүлгэсэнтэй адил аргаар тус эрх зөрчигдөж байна.


Зураг.4 Албадан нүүлгэлт нь Кот-д’Ивуар дахь олон мянган хүмүүст нөлөөлж байгаа бөгөөд олон хүн гэр орныг нь сүйтгэнэ гэж мэдэгдээгүй байна.

Зураг.5 #BrokenAndUnequal тайлан, чанартай боловсролын аяны нэг хэсэг

Боловсрол эзэмших эрх

Бид бүгд боловсрол эзэмших эрхтэй. Боловсрол нь хүний сэтгэл ханамж, хувь хүний хөгжилд амин чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь бидэнд ажил, шаардлагад нийцсэн орон байр, зохистой амьдралын түвшинд амьдрах зэрэг бусад эрхүүдийг илүү сайн эдлэх боломжийг олгодог.


Боловсрол эзэмших эрх нь бүх шатны (дунд, дунд, дээд) насан туршийн боловсролыг албан болон албан бус орчинд эзэмших эрх юм. Суурь боловсролыг хүн бүр заавал үнэ төлбөргүйгээр эзэмших эрхтэй байх ёстой. Засгийн газрууд суурь боловсролыг үнэ төлбөргүй хүн бүрт хүртээмжтэй, хүрэлцээтэй болгохын төлөө дээд зэргээр ажиллах ёстой.


Засгийн газрууд бүтцийн хувьд хүртээмжтэй, зохистой боловсрол олгохуйц улсын сургуулиудыг санхүүжүүлэхэд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаж үнэ төлбөргүй, хямд, чанартай нийтийн боловсролыг эрэмбэлэн, төсөвлөх ёстой.


Хэрэв ийн төсөвлөж чадахгүй бол Эмнести Интернэшнлийн Өмнөд Африк улс дахь шалгалтын явцад илэрсэн шиг асар их тэгш бус байдлыг үүсгэж болзошгүй.

Нийгмийн хамгааллын эрх

Хүн бүр нийгмийн хамгаалал авах эрхтэй. Нийгмийн хамгаалалд хамрагдах эрх нь хангалттай мөнгөгүй, үндсэн хэрэгцээгээ хангах боломжгүй байсан үедээ зохистой амьжиргааны түвшинд хүрэхэд нь туслах тэтгэмж авах эрх юм. Ажилгүйдэл, өвчин эмгэг, тахир дутуу болох, амаржих/эцэг болох, гэмтэх бэртэх, нас барах, нас ахих зэрэг нэмэлт дэмжлэггүйгээр та болон бусад хүмүүс хангалттай орлогогүй болох олон нөхцөл байдал бий.


Энэ эрх нь нэн ялангуяа ядуурлыг бууруулах, хүн бүр нэр төртэй амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, хоол хүнсээр хангагдах, орон байртай байх, боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх, нийгмээс гадуурхагдахаас урьдчилан сэргийлэх эрхийг хангахад чиглэгддэг.


Нөөц боломж хязгаарлагдмал бага орлоготой орнуудын засгийн газрууд ч шаардлагатай бүх хүмүүст чухал дэмжлэг үзүүлдэг нийгмийн хамгааллын тогтолцоог бий болгож, ажиллуулах ёстой. Гэсэн хэдий ч дэлхийн өнцөг булан бүрт нийгмийн хамгааллын тогтолцоог бүрдүүлээгүй засгийн газрууд байсаар байна.


Зураг.6 2021 оны 2-р сарын 20-нд Нью-Йоркийн Юнион Скверт Амазоны ажилчдыг дэмжих жагсаалын үеэр хүмүүс лоозон барьж байна.

Ажилчдын эрх

Бид бүгд ажил, хөдөлмөр эрхлэх  эрхтэй бөгөөд үүнд ажил хөдөлмөр эрхлэх эрх, ажлын байран дахь бүлэг эрхүүд (заримдаа "хөдөлмөрийн эрх" гэж нэрлэдэг) зэрэг багтдаг. Албан болон албан бус салбарт ажиллаж байгаа, цагаач ажилчин, түр ажилчин эсвэл хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа эсэхээс үл хамааран бүх ажилчид эдгээр эрхээр хамгаалагдана.


Хөдөлмөрлөх эрх нь зөвхөн ажил хийх эрх биш ба энэ нь таныг болон танай гэр бүлд хангалттай амьдралын түвшинг бий болгохуйц, зохистой хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөлөөр хангагдах эрх юм.


Засгийн газар хүмүүст ажлын боломж олж авахад нь туслах үйлчилгээ үзүүлэх ёстой бөгөөд ажлын байрны тоо, хүрээг нэмэгдүүлэх арга замыг боловсруулах ёстой. Ажиллах боломж бүх хүмүүст ялгаварлан гадуурхалтгүйгээр нээлттэй байх ёстой. Ажилчид мөн үйлдвэрчний эвлэл байгуулж, нэгдэж, хамтын үйл ажиллагаанд оролцох боломжтой байх ёстой.


Хэнийг ч ямар нэгэн байдлаар албадан ажил хийлгэх ёсгүй. Гэтэл ажиллагсдын эрх ашгийг зөрчих явдал их байна. Сая сая хүмүүс өөрсдийн хүслийн эсрэг ажиллах эсвэл Амазоны зарим агуулах зэрэг хүний нэр төрийг гутаасан, шударга бус нөхцөлд ажиллахаас өөр аргагүйд хүрч байна. Бусад хүмүүсийн хувьд боломж хомс учраас "түр эдийн засаг"-т ажилд орохоос өөр сонголт бараг байдаггүй бөгөөд тэд ихэвчлэн урт цагаар ажиллах, баталгаагүй гэрээ, найдваргүй цалингийн нөхцөлд ажиллаж байна.


Цагаач ажилчид ихэвчлэн хамгийн муу нөхцөлтэй, хөдөлмөрийн мөлжлөгт өртдөг бөгөөд шударга бус ажил олгогчдын хамгаалалтгүйгээр хүнд хэцүү, аюултай ажилд хууртан орж байна. Энэ нь бидний нэрлэж заншсан албадан хөдөлмөр буюу орчин үеийн боолчлолын нэг хэлбэрт хүргэж болзошгүй юм.

Зөрчигдсөн  эрхээ сэргээлгэх эрх

Дээр дурдсан бүх зүйлийг үл харгалзан засгийн газрууд эдгээр эрхийг бүхэлд нь эсвэл заримыг нь хангаж чаддаггүй нь олон сая хүмүүсийн бодит байдал юм. Тиймээс л эрх нь зөрчигдөж байгаа тохиолдолд хүн бүр зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй байх ёстой.


Зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ нь хүртээмжтэй, заавал биелүүлэх ёстой, үр дүнтэй, шударга ёсыг тогтоох чадвартай байх ёстой. Түүнчлэн хохирогчдод зохих нөхөн төлбөр олгох, цаашлаад эрх нь дахин зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэх ёстой.

Зөрчигдсөн эрхээ сэргээх эрх нь засгийн газраас шууд нөхөн төлбөр эрэлхийлэх боломжийг баталгаажуулдаг ч энэ эрхийг хангахад олон улсын хамтын ажиллагаа, тусламж нэн чухал байдаг. Улс орнууд нутаг дэвсгэрээс гадуурх үүргийнхээ хүрээнд хүмүүсийн шударга ёсыг эрэлхийлэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хамтран ажиллах ёстой. Хүний эрхийн үүрэг нь тухайн улсын нутаг дэвсгэрт амьдарч буй хүн бүрийн амьдралд нөлөөлдөг тул зөвхөн тухайн улсын хилээр хязгаарлагдахгүй.


Зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрх нь  бүх эрхүүдийг хамаардаг тухайлбал эрүүдэн шүүлтийн хохирогч бол эсвэл ЭЗНСЭ-ийн нэг жишээ болох албадан нүүлгэлтэд өртсөн бол хүн бүрт зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрх бий. Катарт болсон шиг бизнесийн байгууллагын өөрийн  эрхээ хэтрүүлэн ашигласан тохиолдолд ч мөн хэрэглэж болно.


Зураг.7 Грекийн Афин хот, 2011 оны 5-р сарын 29-нд Грекийн парламентын өмнөх Синтагма талбайд болсон жагсаалд оролцсон эсэргүүцэгчид тогоо, сав суулга цохиж байна.

Хэмнэлтийн бодлого нь эдийн засаг, нийгэм, соёлын эрхэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Эдийн засгийн бодлого бол ЭЗНС-ын эрхэд нөлөөлөх асар том хүчин зүйл юм. Засгийн газрууд "хэмнэлтийн бодлого" хэрэгжүүлэх үед хүний эрхэд ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг.


Хэмнэлт гэдэг нь засгийн газрууд зарлагаа танах замаар төсвийн өрийг бууруулах арга хэмжээ юм. Хэмнэлтийн бодлого нь хүмүүсийн эрхийг хангахад зайлшгүй шаардлагатай үйлчилгээний санхүүжилтийг хасаж эсвэл багасгадаг тул хүмүүсийн эрхэд шууд нөлөөлдөг. Практикт энэ нь амин чухал эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах хугацааг уртасгах, нийгмийн даатгалын төлбөрийг танажъх, улмаар ядуурал, өлсгөлөнг улам нэмэгдүүлж болзошгүй.


Засгийн газрууд хэмнэлтийн горимыг хэрэгжүүлэхийн өмнө хүний эрхэнд үзүүлэх нөлөөллийг авч үзэж, өөр боломжит арга хэмжээг судлах ёстой. Боломжит арга хэмжээ гэдэгт зээлдүүлэгчидтэй өр төлбөрөө хөнгөлөх талаар хэлэлцээр хийх, илүү шударга тогтолцоог бий болгох татварын шинэчлэлийг эхлүүлэх, эсвэл боловсрол, эрүүл мэнд гэх мэт илүү чухал нийгмийн үйлчилгээнүүдийг бусад салбараас санхүүжүүлэх зэрэг байж болно.

Олон хямралууд давхацсан дэлхий ертөнц дэх хүний эрх

Одоогийн байдлаар хүн төрөлхтөн бие биеэ өдөөсөн, улам дордсон  ноцтой, олон хямралуудын хувилбартай тулгарч байна.


Жишээлбэл, үүсээд буй уур амьсгалын хямрал нь хүмүүс газар тариалан эрхлэх боломжгүй болсон газраасаа нүүн шилжихээс өөр аргагүйд хүргэж байгаа бөгөөд улмаар эдгээр хүмүүсийг орон байр, хоол хүнс, ус,ариун цэврийн байгууламжийн хүрэлцээ муутай нөхцөлд амьдрах эрсдэлд оруулж байна.


Эсрэгээрээ, дэлхийн амьжиргааны өртөг нэмэгдэж буй хямрал нь засгийн газрууд уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг даван туулах чадваргүй байгаагийн илрэл юм. Жишээлбэл, уур амьсгалын хямралаас болж сургууль нурсан тохиолдолд түүнийг сэргээн босгох мөнгө байхгүй үед, хүүхдүүд боловсролгүй болно.


Эдгээр огтлолцсон хямрал нь дэлхий даяар ядуурал, тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтыг нэмэгдүүлэхэд хүргэж байна.

ТАТВАР, ТӨСӨВ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АСУУДЛААР:

Шударга бус татвар, өрийн дарамт, төсвийн хэмнэлт, нийгмийн хамгааллын асуудал нь Эмнести Интернэшнлийн анхаарлын төвд орж буй шинэ тулгамдсан сэдэв тул 2022-2028 оны Стратегийн нэгдүгээр үе шатанд Монголын Эмнести Интернэшнл нь бэлтгэл хангах, чадавх бий болгоход чиглэсэн ажлыг эхлүүлээд байна.


“Төсвийн хэмнэлт ба хүний эрх”- ийн асуудлыг эрүүл мэндийн салбарын жишээгээр тайлбарлах, энэ чиглэлээр холбогдох байгууллагуудад илтгэл тавих, танилцуулга хийх, “Төсөв ба Хүний эрх” цуврал танилцуулгыг олон нийтэд түгээх зэргээр нөлөөлөл, соён гэгээрлийн ажилд анхаарал хандуулж ажиллав. Ингэснээр иргэд нийгмийн сүлжээнд төсвийн асуудлаар дуу хоолойгоо өргөх нь эрчимжлээ. Иргэдийн дуу хоолой, бидний нөлөөллийн ажлын үр дүнд цөөн боловч төрийн холбогдох зарим байгууллага хүний эрхэд ээлтэй төсөв боловсруулах, төсөв төлөвлөх явцдаа иргэдээс санал авах зэрэг ажлыг цахим, цахим бус хэлбэрээр зохион байгуулж эхэллээ.


Хүний эрх ба төсөв, татвар ба нийгмийн хамгааллын бодлогын асуудлаарх Эмнести Интернэшнлийн тайланг гишүүд дэмжигчдэдээ танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг 3 удаа зохион байгуулж, Удирдах болон Хяналтын зөвлөл, орон нутгийн 8 бүлэг, мэргэжил сонирхлын 7 бүлгийн гишүүд идэвхтэй оролцов. Хэлэлцүүлгээр төсөв, татвар нь хэрхэн хүний эрх тэр дундаа, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хангахтай холбогдож буйг ойлгосноор төсөв, татварын асуудал нь байнга анхаарах, хянах ёстой зүйлийн нэг гэдэгтэй санал нэгдэв. Монгол улс дахь төсвийн хэмнэлтийн бодлого, нийгмийн хамгаалал, оновчгүй тогтолцооны талаар судлах, судалгаанд үндэслэн олон нийтэд сургалт, хэлэлцүүлэг хийн соён гэгээрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах нь ядуурлыг бууруулж, ялгаварлан гадуурхалтыг багасгахад хувь нэмэр болно гэж үзээд гишүүд энэ чиглэлд мэдээлэл түгээх аянд нэгдлээ. Төсөвтэй холбоотой постер, мэдээлэл цахим болон цахим бус орчинд давтагдсан тоогоор нийт 44000 орчим хүнд хүрсэн байна.

Эмнести Интернэшнл эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн төлөө тэмцэхийн тулд юу хийж байна вэ?

Эмнести Интернэшнл нь хүн бүр ялгаварлан гадуурхалт, ядуурлаас ангид, нэр төртэй амьдрах боломжийг баталгаажуулахын тулд ЭЗНСЭ-ийг бүрэн хэрэгжүүлэхийг дэмжин ажилладаг.


Бидний Жагсагчдыг Хамгаал кампанит ажил нь ядуурал, тэгш бус байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тэгш бус байдал, боловсрол дутмаг байгаагийн эсрэг эсхүл ЭЗНСЭ-д заасан бусад эрхийг эдэлж чадахгүйн улмаас эрхээ шаардаж байгаа хүмүүсийн жагсах эрхийг нь хүлээн зөвшөөрөхийг засгийн газруудад уриалдаг.


Бид ажилчдад хөдөлмөрлөх эрхийг зөрчиж буй хууль бус хөдөлмөрийн нөхцөл, бодит байдлыг илчлэн эрхийнхээ төлөө зогсоход нь тусалдаг. Бид хүүхдүүдийг чанартай, хүртээмжтэй сургуульд хамруулах , хүүхэд бүр хангалттай хоол хүнс, устай, аюулгүй, эрүүл орчин, гэртэй байхын төлөө тэмцдэг.


Бид засгийн газруудыг нийгмийн хамгааллын үүргээ биелүүлж, эдийн засгийн хямрал зэрэг саад бэрхшээлийг үл харгалзан хэн ч ядууралд өртөхгүй байхыг баталгаажуулахыг уриалж байна. Мөн бид эрх нь зөрчигдсөн тохиолдолд буруутай этгээдийг хуулийн өмнө хариуцлага хүлээлгэхийг баталгаажуулахын тулд ажиллаж байна.


Дэлхий даяар олон сорилтууд тулгарч байна. Уур амьсгалын өөрчлөлт, амьжиргааны өртгийн хямрал нь хүмүүсийн эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ эдлэхэд тулгардаг олон бэрхшээлийг улам даамжруулж байна. Гэхдээ эдгээр эрх нь утга учиртай амьдрах ойлголттой салшгүй холбоотой тул хүн бүрийг ялгаварлан гадуурхахгүйгээр эрхүүдийг нь хүндэтгэж, хамгаалж, баталгаажуулах нь чухал бөгөөд бид тэдний төлөө тэмцлээ зогсоохгүй.

Зураг.8 2022 оны 6-р сарын Лондонд болсон жагсаалын үеэр жагсагч амьжиргааны өртгийг хямралыг "төрөөс үүдэлтэй ядуурал" гэж нэрлэсэн лоозон барьж байна.