ОРОН БАЙРТАЙ
БАЙХ ЭРХ

ТАНИЛЦУУЛГА

Хөгжлийн төлөөх төрийн бодлого, үйл ажиллагааны улмаас хүний эрх зөрчигдөх ёсгүй. Төр нь хот дахин төлөвлөлтийн явцад хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчихтэй тэмцэх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүрэгтэй. Гэвч шаардлагад нийцсэн орон байртай байх хүний эрх хэрэгжих хууль зүй, нийгэм, эдийн засгийн баталгаат орчныг сайтар бүрдүүлээгүй, хуулийн бодит хэрэгжилт хангалтгүй, хүний эрхийг дээдлэх хандлага дулимаг байгаагаас олон мянган иргэний Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх ноцтой зөрчигдөж байна. Төр үүргээ бодитоор биелүүлэхийг иргэд шаардсаар байна.


Хүн бүр шаардлагад нийцсэн орон байраар хангагдах эрхтэй. Монгол Улсын хууль тогтоомж, бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нь Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцоор хамгаалагдсан иргэдийнхээ шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах үүрэгтэй.


Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд иргэдийн шаардлагад нийцсэн орон байраар хангагдах эрх ноцтой зөрчигдсөөр, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх хүний эрхэд суурилсан үндэсний механизм сул байгаагаас үүдэн 10 орчим жил орон гэргүй яваа иргэд, хоёр болон гурван талт гэрээний хэрэгжилтийг хангуулахаар 7-9 жил шүүхээр яваа иргэдийн гомдол тасрахгүй байна.

Бид орон байртай байх эрхийг хамгаалах “Төр үүргээ мэд, биелүүл” кампанит ажлаараа “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль” болон түүнийг хэрэгжүүлэх журмуудад олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцсэн хүний эрхийн хамгаалалт бүхий нэмэлт, өөрчлөлт оруулахын төлөө нөлөөллийн ажил, олон нийтийг хамарсан цахим болон цахим бус үйл ажиллагаа, чадавх бэхжүүлэх сургалт, ОББЭ эрх зүйн хөтөч хөтөлбөр, хэлэлцүүлэг, кино хэлэлцүүлэг, Үндэсний дөрвөн талт Зөвлөлдөх уулзалт зэрэг олон ажил зохион байгуулан ажиллаж байна.

Он цагийн товчоон

🕯️2014 он- ЭЗСНЭ: Орон байртай байх эрхийн сургалт зохион байгуулав.


🕯️2015 он- Газартай холбоотой хүний эрхийн асуудлууд онол, практикийн бага хурал зохион байгуулав.


🕯️2016 он- “Төр үүргээ мэд”- кампанит ажил эхлэв.


🕯️2016 он- "Хангалтгүй хэрэгжүүлж байгаа нь" судалгаа хэвлүүлэв.


🕯️2017 он- “Хот дахин төлөвлөлт-газар чөлөөлөлт- хүний эрх” онол, практикийн бага хурал зохион байгуулав.


🕯️2019 он- Орон байртай байх эрхийн Эрх зүйн хөтөч төсөл эхлэв.


🕯️2019 он- "Хот дахин төлөвлөлт-газар чөлөөлөлт-хүний эрх" үндэсний зөвлөлдөх уулзалт зохион байгуулав.


🕯️2019 он- Орон байртай байх эрхийн асуудлаар “Дахин төлөвлөлт-Иргэдийн оролцоо” эвсэл байгуулагдав.


🕯️2021 он- “Дахин төлөвлөлт-оригдсон иргэд-хотын хөгжил” цахим хэлэлцүүлэг зохион байгуулав.


“Эрх зүйн хөтөч”  төсөл

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Нээлттэй нийгэм форумын санхүүжилтээр шаардлагад нийцсэн орон байраар хангагдах эрхийг хамгаалах зорилготой “ОББЭ-Эрх зүйн хөтөч” төслийг бид хэрэгжүүлж байна. Уг төсөл нь сургалт, хэлэлцүүлэг хийх зэрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагааны зэрэгцээ иргэдийн үндсэн хэрэгцээ, үндсэн эрх болох орон байрных нь асуудлаар хууль зүйн зөвлөгөө, тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилготойгоор 2019-2023 он хүртэл Нийслэлийн 6 дүүрэг, Завхан, Архангай аймагт хэрэгжсэн.


Хөгжилд чиглэсэн аливаа бүтээн байгуулалтын үйл ажиллагаа нь иргэдийнхээ эрхийг ялангуяа шаардлагад нийцсэн орон байраар хангагдах болон өмчтэй байх, эрүүл байх эрхийг зөрчихгүй байх мөн хэнийг ч орон гэргүй болгох ёсгүйг иргэдтэй хамтран төрд сануулах, холбогдох хууль тогтоомжоо олон улсын хэм хэмжээнд нийцүүлж нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаардахын тулд манай эрх зүйн хөтөч нар иргэдэд мэдээлэл өгөх, анхан шатны зөвлөгөө өгөх чиглэлд ажиллаж байна.


Дахин төлөвлөлтөд өртсөн газар нутгийн иргэд болон иргэдийн төлөөллийн байгууллагуудыг дэмжин, тэднийг шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийн сургагч багшаар бэлтгэснээр тэд өөрсдийнхөө болон бусдын төлөө дуугарах, үгээ хэлэх, хамтран ажиллах болсон. Тэд эвлэлдэн нэгдэж, зөрчигдсөн эрхээ шаардах, хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой идэвхтэй оролцоонд суурилсан дахин төлөвлөлтөд өртсөн иргэдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагуудын эвсэл болж өргөжин үйл ажиллагаа өрнүүлсээр байна.


Эрх зүйн хөтөч төслийн үр нөлөө


“Орон байртай байх эрх”-ийн эрх зүйн хөтчийн давтан сургалтад хамрагдан, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө тогтмол өгдөг 25 эрх зүйн хөтчид Хууль зүйн Үндэсний хүрээлэнгээс “Эрх зүйн хөтөч”-ийн гэрчилгээ олгосон бөгөөд идэвхтэй ажиллаж байна.  Дахин төлөвлөлтөд өртөж хохирсон болон хохирч болзошгүй  зорилтот бүлгийн иргэд ийнхүү мэдээлэл авч, өөр хоорондоо туршлага солилцох сургалт, уулзалт хэлэлцүүлгийн явцад эвлэлдэн нэгдэж   “Дахин төлөвлөлт, иргэдийн оролцоо эвсэл” байгуулан ажиллаж байна. Ингэснээр дахин төлөвлөлтөд хамрагдсан газрын иргэд, ТББ-уудын чадавх, оролцоо нэмэгдэж, хамтарч хэвлэлийн бага хурал хийх, тайван жагсах, хамтарсан мэдэгдэл хийх, хамтдаа албан бичиг илгээх зэргээр төрөөс зөрчигдсөн эрхээ сэргээхийг шаарддаг болж, иргэдийн оролцоо нэмэгдэн, засаглалыг нээлттэй ил тод байлгахад хувь нэмрээ оруулдаг боломж нэмэгдэж байгаа юм.