Парк Хён-сок, Өмнөд Солонгос
"БИ ХЭНИЙГ Ч ОРХИГДУУЛДАГГҮЙ ЕРТӨНЦИЙГ МӨРӨӨДДӨГ"
1983 оны 8 дугаар сард дельтапланы ослоос болж Парк Хён-сок доод мөчдийн саажилттай болох хүртлээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын талаар огт бодож байгаагүй аж. Тухайн үед 22 настай их сургуулийн оюутан гитар тоглон, найзуудтайгаа хөгжилдөж завгүй амьдарч байлаа. Хён-сок хөгжлийн бэрхшээлтэй болсноор Өмнөд Солонгост хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр тутмын амьдрал хэтэрхий хэцүү, тэр ч бүү хэл аюултай байдгийг олж мэдсэн бөгөөд түүний тэмцэгчийн амьдрал үүгээр эхэлсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ялгаварлахын эсрэг эв санааны нэгдэл(ХБХЯЭЭСН/SADD) хөдөлгөөнийг төлөөлөн Хён-сок нийтийн тээвэртэй холбоотой асуудлаарх тэмцлээ эхлүүлсэн. Нийтийн тээврээр зорчиход тулгарч буй саад, бэрхшээлийг арилгах арга хэмжээ авахгүй бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажил, сургуульдаа явах, бие даан амьдрах зэргээр амьдралын бүхий л хэсэгт бүрэн оролцох боломжгүй болсон байв. Сөүл хотод галт тэрэг, метроны буудлуудын тэргэнцэр өргөгч ашигласны улмаас тэргэнцэртэй олон хүмүүс амиа алдаж, гэмтэж бэртжээ. 2021 онд Хён-сок болон тус хөдөлгөөний идэвхтнүүд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалахад чиглэсэн улсын төсвийг нэмэгдүүлэхийг шаардан тайван жагсаал эхлүүлсэн ба ачаалал ихтэй цагаар тэргэнцэртэй хүмүүс олноороо нэгэн зэрэг метроны галт тэрэгнээс бууж, суух хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлэв. Сөүл хотын эрх баригчид үүнд сөрөг хариу үйлдэл үзүүлж, тэр ч байтугай хүчирхийлэл үйлдсэн байна. Жагсаалыг дарахыг оролдож, цагдаа нар идэвхтнүүдийг метроны буудлаас хүчээр гаргаж байв. Улс төрчид хөгжлийн бэрхшээлтэй идэвхтнүүдийг олон нийтийн хэв журам зөрчсөн мэтээр харлуулсан кампанит ажил явуулжээ. Сөүл хотын захиргаа тайван жагсагчдын эсрэг олон удаа нэхэмжлэл гаргаж, тэдний тэмцлийг зогсоох оролдлого хийв. Тайван жагсаалын үеэр Сөүлийн метроны ажилтнууд болон цагдаа нарт нухчин даруулж, идэвхтэй үйл ажиллагаа явуулсныхаа төлөө олон удаа шүүхэд дуудагдсан ч Хён-сок "Бид удаан хүлээмээргүй байна. Бид хэнийг ч орхигдуулдаггүй нийгмийг шаардаж байна" хэмээн тэмцлээ үргэлжлүүлсээр байна. Хотын даргаас Парк Хён-сок болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар ажилладаг хөдөлгөөний идэвхтнүүдийн эсрэг хууль бус хүч хэрэглэхээ зогсоож, нэхэмжлэлээ буцаан татаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж байгаа гүтгэлэгийн кампанит ажлаа зогсоож тайван хуран цуглах эрхийг баталгаажуулах, идэвхтнүүдэд эрхийнхээ төлөө тэмцэх боломжийг нь олгохыг шаардаарай.