Данг Дин Бах, Вьетнам

ХҮНИЙ ЭРХ, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫГ ХАМГААЛСНЫХАА ТӨЛӨӨ ХОРИГДОВ

Хүрээлэн буй орчны асуудлаар ажилладаг хуульч Данг Дин Бах нь Вьетнам хүмүүсийг уур амьсгалын өөрчлөлтийн аюулаас хамгаалах, эрүүл мэнд, аж амьдралыг нь дээшлүүлэхийн төлөө өөрийн амьдралаа зориулжээ. Түүний үүсгэн байгуулсан Тогтвортой хөгжлийн хууль, бодлогын судалгааны төв (LPSD) нь Вьетнамд засгийн газар болон корпорациудын байгаль орчин, олон нийтийн эрүүл мэндэд учруулсан ноцтой зөрчлийнх нь төлөө хариуцлага нэхсэн анхны байгууллага юм. Хортон шавьж устгах бодисыг хууль бусаар хаях, аж үйлдвэрийн бохирдлоос үүдэлтэй хорт хавдрын эрсдэл нэмэгдэж байгаатай тэмцэх нь тэдний үйл ажиллагааны зөвхөн нэг хэсэг нь юм. Тус байгууллага нь олон нийтийн кампанит ажил, сургалтаараа дамжуулан хүмүүст эрхийг нь таниулж, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн сайн сайхан байдлаа хамгаалахын тулд эсэргүүцэн тэмцэх боломжийг бий болгож дэмждэг. Гэвч 2021 оны 6 дугаар сарын 24-нд Бах баривчлагджээ. Түүний хүү нь төрөөд 2-хон долоо хонож байхад тэр хоригдсон бөгөөд, мөн байгууллагаа хаахаас өөр аргагүйд хүрсэн. Бахыг “татвараас зайлсхийсэн” хэрэгт буруутгаж, таван жилийн хорих ял оноосон. НҮБ-ын шинжээчид уг шүүх хурлыг шударга бус болсон гэж дүгнэсэн. Шүүх Бахын өөрийгөө өмгөөлсөн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, прокурор нотлох баримтыг дэлгээгүй бөгөөд эхнэрийг нь тус шүүх хуралд оруулаагүй байна. 2021 оноос хойш Вьетнамын эрх баригчид байгаль орчныг хамгаалахыг уриалж буй идэвхтнүүдийг дарах зорилгоор татвараас зайлсхийсэн хэргээр буруутгах тактик ашиглаж байна. Бах хүмүүст туслах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой ч үүний оронд хоригдож, алба хаагчдын дарамт шахалт, тэсвэрлэшгүй нөхцөл байдалтай нүүр тулж, биеийн байдал нь эрс дорджээ. Баривчлагдсанаасаа хойш бага хүүгээ нэг ч удаа хараагүй аж. Данг Дин Бахыг нэн даруй, болзолгүйгээр суллах, суллагдах хүртэл нь эрүү шүүлт, бусад зүй бус харьцаанд өртөхөөс хамгаалж, шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулахыг шаардаарай.

Хүний эрхийн төлөө нэгдэнэ үү

Таны өгсөн хувийн мэдээллийг бид зөвхөн энэ кампанит ажлын хүрээнд болон танд мэдээлэл илгээхэд хэрэглэнэ privacy policy