Нэт Нахара, Ангол

ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ШҮҮМЖИЛСНИЙХЭЭ ТӨЛӨӨ ХОРИГДСОН ТИКТОКЕР

Бага насны 2 хүүхдийн ээж, 32 настай дуучин Ана да Силва Мигуэлийн хувьд Ангол улсад амьдрах нь сэтгэл зовоосон, хүнд хэцүү байлаа. Ийм их нөөц боломжтой улс яаж ингэж ихэнх иргэдээ ядуу амьдрахад хүргэнэ вэ? Сургуулийн хомсдол, ажилгүйдлээс залхсан Ана ТикТок дээр “Нэт Нахара” нэрээр олон нийтийн сүлжээний нөлөөлөгч болжээ. Нэт өөрийн амьдралын сайн, муу бүхнээ дагагчидтайгаа хуваалцдаг байв. Тэр хөгжилтэй, сэргэлэн цовоо байж, үнэнийг хэлэхээс айдаггүй байлаа. Нэт эмэгтэйчүүдийг боловсрол эзэмшиж, хараат бус байхыг уриалдаг байсан. Тэр өөрийгөө ХДХВ (Хүний дархлал хомсдлын вирус)-тэй болохоо зоригтой хуваалцаж, хэрхэн эрүүл байх талаар зөвлөгөө өгдөг байв. 2023 оны 8 дугаар сарын 12-нд Нэт ТикТокоороо шууд бичлэг хийж, ерөнхийлөгч Жоао Лоуренсог ил тодоор шүүмжилжээ. Маргааш өглөө нь Нэтийг Анголын нийслэл Луанда дахь гэрээс нь баривчилсан байна. Түүний шүүх хурал маш хурдан болж өрнөсөн бөгөөд 6 сарын хорих ялаар шийтгэсэн бол 2023 оны 9 дүгээр сарын 27-нд ялыг нь 2 жил болгон нэмэгдүүлжээ. Анголын эрх баригчид шүүмжлэлт дуу хоолойг нухчин дарахын тулд маргаантай хууль(эрүүгийн хууль 333)-ийг хэрэглэх болсон. Энэ хууль нь Ковид-19 цар тахлын үед Анголын иргэд ерөнхийлөгчийн удирдлагад дургуйцлээ илэрхийлэн гудамжинд жагсах болсон тэр үед батлагдсан. Тус хуулиар ерөнхийлөгчийг "доромжилсон" үйлдлийг гэмт хэрэгт тооцох болсон. Нэтийг хоригдож эхэлснээс нь хойш 8 сарын хугацаанд ХДХВ-ийн эмчилгээнд хэрэглэдэг өдөр тутмын эмийг нь өгөөгүй байна. Зөвхөн өмгөөлөгчид нь олон удаа хүсэлт гаргасны эцэст шаардлагатай эмийг нь өгч эхэлжээ. Нэт Нахара болон түүнтэй адил үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хүмүүс хоригдож, зүй бус харьцаанд өртөж байна. Анголын эрх баригчдаас Нэт Нахараг нэн даруй, болзолгүйгээр суллахыг шаардаарай.

Хүний эрхийн төлөө нэгдэнэ үү

Таны өгсөн хувийн мэдээллийг бид зөвхөн энэ кампанит ажлын хүрээнд болон танд мэдээлэл илгээхэд хэрэглэнэ privacy policy