ЖАСТИНА ВИРЖИНСКА
Жастина Виржинска ямар ч тусламж дэмжлэггүй, үнэн зөв мэдээлэлгүй нөхцөлд үр хөндүүлсэн нь түүнийг нөхөн үржихүйн асуудлаар ажиллаж, бусдад зөв шийдвэр гаргахад нь туслах сэдлийг төрүүлжээ.
АЮУЛГҮЙ ҮР ХӨНДӨЛТИЙГ ДЭМЖСЭН ХЭРГЭЭР ЯЛЛАГДСАН
Жастина Виржинска ямар ч тусламж дэмжлэггүй, үнэн зөв мэдээлэлгүй нөхцөлд үр хөндүүлсэн нь түүнийг нөхөн үржихүйн асуудлаар ажиллаж, бусдад зөв шийдвэр гаргахад нь туслах сэдлийг төрүүлжээ. Европт үр хөндөлтийг хуулиар хязгаарлаж байгаа цаг үед Жастина үр хөндөлтийн талаарх бурангуй үзлийн эсрэг тэмцэж, Польшид аюулгүй үр хөндөлтийн талаарх зөвлөгөө өгдөг идэвхтнүүдийн нэгдэл болох Үр хөндөлтийн мөрөөдлийн багийг үүсгэн байгуулалцсан. 2020 оны 2-р сард Аниа гэх эмэгтэй(жинхэнэ нэр нь биш) Жастинатай холбоо тогтоож, хүчирхийллийн улмаас жирэмсэн болсон тухайгаа, мөн үхэхийг илүүд үзэж байгаагаа хэлсэн байна. Яг ийм нөхцлөөс амьд гарч чадсаныхаа хувьд Жастина түүнд тусламж хэрэгтэй байгааг ойлгосон. Тэрээр Аниад үр хөндөх эм шуудангаар илгээсэн ч Аниагийн хамтран амьдрагч илгээмжийг авч, цагдаад өгсөн. 2021 оны арваннэгдүгээр сард прокуророос Жастинад “үр хөндөлтөд тусалсан” хэмээн хэрэг үүсгэсэн бөгөөд 2023 оны гуравдугаар сард түүнийг гэм буруутайд тооцож, найман сар нийтэд тустай ажил хийх ял оногдуулжээ. Одоогоор түүний өмгөөлөгчид давж заалдаад байна. Түүнд оногдуулсан шийтгэл аюултай нөхцлийг үүсгэж байна. Жастина болон бусад идэвхтний өгч буй үнэн зөв мэдээлэл, тусламжгүйгээр Аниа шиг нөхцөлд байгаа эмэгтэйчүүд аюулгүй үр хөндөлт хийлгэх боломжгүй юм. Өөрт нь ирэх дайсагналыг үл хайхран Жастина “Хэн ч туслахыг хүсээгүй, тусалж чадахгүй байхад би туслахыг хүссэн. Миний хувьд Аниад туслах нь зохистой, шударга зүйл байсан” хэмээн хэлсэн. Жастинад оногдуулсан үндэслэлгүй ял шийтгэлийг хүчингүй болгохыг шаардацгаарай.