ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
Мэдээ
SHARE
2024/04/25 12:22
ДЭЛХИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ 2023/24

“Хурдацтай даамжирч буй мөргөлдөөн, олон улсын эрх зүйн хямралын ноцтой үр дагаврыг дэлхий нийтээр амсаж байна” хэмээн Эмнести Интернэшнл дэлхийн 155 орны хүний эрхийн үнэлгээнд үндэслэн боловсруулсан “Дэлхийн Хүний эрхийн Төлөв байдлын талаарх тайлан”-даа онцлон тусгалаа. Түүнчлэн тайланд “Өнөөгийн удирдагчид хүний эрхийн зарчмаас урваж байна.” хэмээн дүгнэжээ. 

 

“Улам бүр гүнзгийрсээр байгаа тэгш бус байдал, хурдацтай тэлж буй уур амьсгалын хямралын зэрэгцээ  дээд эрх мэдлийн төлөөх их гүрнүүдийн өрсөлдөөн нь  хүний эрхийг нухчин дарж, олон улсын эрх зүйг ноцтойгоор зөрчиж буй  эмгэнэлт дүр зургийг Эмнести Интернэшнлийн судалгаа харуулсан. ” хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард мэдэгдэв.  

 

Газа дахь энгийн иргэдийн цус урсгасан аймшигт үйл явдлыг зогсоож чадаагүй Израйлын холбоотнууд Израйл улс олон улсын эрх зүйг илэрхий зөрчсөн үйлдэлд буруутай. Тэд Дэлхийн II дайны дараах эрх зүйн тогтолцоог бүтээгчид байлаа. 2023 оны нөхцөл байдлаас харахад мөргөлдөөн намжих шинжгүй,  Израйлын засгийн газрын Газад үйлдэж буй дайны гэмт хэрэг нэмэгдсээр байна. 10 дугаар сарын 7-нд Хамас болон бусад зэвсэгт бүлэглэл аймшигт халдлага үйлдсэний дараа Израйлын эрх баригчид хүн ам ихээр суурьшсан Палестины суурингууд руу агаараас довтолж, энгийн иргэдийг гэр бүлээр нь хөнөөж, 1.9 сая орчим Палестинчуудыг албадан нүүлгэж, нэн шаардлагатай хүмүүнлэгийн тусламжийн хүртээмжийг тасалдуулснаар өлсгөлөнд нэрвэгдүүлсэн.   

 

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гал зогсоох тухай нэн шаардлагатай тогтоолыг хэдэн сарын турш саатуулахын тулд АНУ хориг тавих эрхээ зүй бусаар ашиглаж, Израйлыг дайны гэмт хэрэг үйлдэхэд ашиглах зэр зэвсгээр хангасаар байна. Түүнчлэн Их Британи, Герман зэрэг Европын улс орнууд Орос, ХАМАС-ын үйлдсэн дайны гэмт хэргийн талаар эсэргүүцлээ илэрхийлж байгаа ч Израйл болон АНУ-ын эрх баригчдын мөргөлдөөний үеэр хийж байгаа үйл ажиллагааг дэмжин давхар стандарт тогтоож байгааг энэхүү тайланд онцолсон.  

 

Түүнчлэн Оросын цэргийн хүчин Украинд бүрэн хэмжээний довтолгоо хийхдээ олон улсын дүрэм журмыг ноцтой зөрчиж, хүн ам шигүү суурьшсан газар нутаг, эрчим хүч, үр тарианы экспортын дэд бүтэц рүү үйлдсэн халдлага, мөн дайнд олзлогдогсдыг эрүүдэн шүүж, зүй бус харьцаж байгааг баримтжуулсан. 

 

Мьянмарын арми болон холбогдох зэвсэгт хүчнийхэн энгийн иргэдийн эсрэг халдлага үйлдсэний улмаас зөвхөн 2023 онд 1000 гаруй энгийн иргэн амиа алдсан. Суданы дайтагч талууд өргөн цар хүрээ хамрах тэсрэх бөмбөг хэрэглэсний улмаас зөвхөн 2023 онд 12,000 энгийн иргэний  аминд хүрсэн зэрэг нь олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоомжид төдийлөн санаа зовдоггүйг илтгэж байна. Улмаар 8 сая гаруй хүн нутаг орноосоо дүрвэхээс өөр аргагүйд хүрч дэлхийн хамгийн том шилжилт хөдөлгөөний хямрал үүссэн. 

 

Технологийн томоохон компаниуд  хиймэл оюун ухааныг хурдацтай хөгжүүлж байгаа хэдий ч тэдгээрийг зохицуулах эрх зүйн орчны  хоцрогдол хүний эрх зөрчигдөх  эрсдэлийг нэмэгдүүлж, эрх зүйт ёсны хямралд унагаж буйг Эмнести Интернэшнл мөн анхаарууллаа. 

 

Үүсгэгч хиймэл оюун ухаан, царай таних технологи, тагнах программ зэрэг зохицуулалтгүй технологийн тархалт, хэрэглээ нь ялгаварлан гадуурхах, төөрөгдүүлэх, нийгмийг хагарган бутаргах эрсдэлийг үүсгэж байна. 

 

Дэлхий даяар олон сая хүн мөргөлдөөнөөс зугтаж байгаа энэ үед дээрх технологи, өгөгдлийн программ хангамж, биометр, алгоритмын шийдвэр гаргах системийг цагаачлал, хилийн хяналт, цагдан хорих үйл ажиллагаанд хэрхэн ашиглаж  байгааг тайланд онцолсон. Сербид хагас автоматжуулсан нийгмийн халамжийн системийг нэвтрүүлснээр олон мянган хүн  ялангуяа нийгмийн цөөнх, цыган болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмийн чухал тусламж авах боломжгүй болсон. Түүнчлэн, тагнах программыг сэтгүүлчид, хүний эрх хамгаалагчид, эх орноосоо зугатан гарсан хүний эрхийн идэвхтнүүдийн эсрэг ашиглаж байгаа ба 2023 онд Армени, Доминикан, Энэтхэг, Серби зэрэг улс сэтгүүлчид болон иргэний нийгмийн идэвхтнүүдийн эсрэг Пегасус(Pegasus) тагнах программыг ашиглаж байсныг Эмнести илрүүлсэн. 

 

Фейсбүүкийн алгоритмууд зэвсэгт мөргөлдөөний үеэр Этиоп дахь үндэстний цөөнхийн эсрэг хүчирхийлэл өдөөлөө. Фейсбүүк, Инстаграм, Тикток, Юүтүүб зэрэг нийгмийн сүлжээний томоохон платформуудад үндэслэсэн тандалтад суурилсан бизнесийн загварчлал нь 2024 онд улс орнуудад өрнөх сонгуулиар асуудлыг улам бүр хурцадмал болгоно хэмээн хүний эрхийн байгууллагууд таамаглаж байна. 

 

“Олон засгийн газрууд олон улсын эрх зүйг даган биелүүлэх үүргээ зөрчиж байгаа бол, нөгөө хэсэг нь хууль ёсыг хэрэгжүүлэхийг шаардан жагсаж, эсэргүүцлээ илэрхийллээ. Израйл болон ХАМАС бүлэглэлийн мөргөлдөөн дэлхий даяар олон зуун эсэргүүцлийн жагсаалыг өдөөв. Эсэргүүцэх эрх нь хүний эрхийн хүчирхийлэл, удирдагчдын үүрэг хариуцлагын асуудлыг ил болгоход чухал ач холбогдолтой. Хүмүүс хүний эрхийг шаардаж байгаагаа маш тодорхой илэрхийлсэн, харин Засгийн газрууд тэднийг сонсож байгаа гэдгээ батлах нь/ харуулах нь тэдний үүрэг юм" хэмээн Агнес Калламард хэлэв. 

 

Хүн төрөлхтнийг хамгаалах зорилготой олон улсын хамтын нийгэмлэгийг шинэчилж, сайжруулах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх шаардлагатай. НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн гишүүд энгийн иргэдийг хамгаалах зорилгод саад хийх, эсхүл геополитикийн холбоогоо бэхжүүлэхийн тулд хориг тавих эрхээ хяналтгүйгээр ашиглахгүй байх, түүнчлэн засгийн газрууд технологийн томоохон компаниудын ноёрхол, хиймэл оюун ухааны технологиос үүдэлтэй эрсдэл, хор хөнөөлийг арилгахын тулд хамгаалалт сайтай хуулийн зохицуулалтыг хийх ёстой.  

ДЭЛГЭРҮҮЛЖ УНШИХ