“ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ ФОРУМ – 2023”
Мэдээ
SHARE
2023/12/12 17:37
“ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ ФОРУМ – 2023”

2023 оны 12 сарын 09-ний өдрийн ХЭТТ  батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн ивээл дор ХЭҮК-оос зохион байгуулсан Хүний эрхийн Үндэсний Форум дээр Хүний эрхийн форумыг төлөөлж Монголын Эмнести Интернэшнлийн Гүйцэтгэх захирал Б.Алтантуяагийн тавьсан илтгэл

Эрхэм зочид төлөөлөгчид өө, хүний эрхийн асуудалд анхаарал хандуулан суугаа бүх хүн, Хүний эрхийн хамгаалагч та бүхэндээ ХЭТТ-ын 75, ХЭХ-ын тунхаглалын 25 жилийн ойн мэндийг хүргэе.

 

Хүний эрхийн үндэсний форумыг дахин зохион байгуулж байгаад, Хүний эрхийн форумд байр сууриа илэрхийлэх боломж олгосонд талархаж байна. Хүний эрхийн Форум нь 2010 оноос хойш 50 орчим хүний эрхийн ТББ-ыг эгнээндээ нэгтгэж, хүний эрхийг хөхиүлэн дэмжиж, хамгаалахаар ажиллаж байгаа үндэсний болон олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн эвсэл билээ. Энэхүү илтгэлийг бид хамтдаа бэлтгэсэн. 

 

Бид бүгд хүн, хүн бүр адил тэгш, хуваагдашгүй, заяамал эрхтэй хэмээн тэртээ 1948 онд тунхагласнаас хойш 75 жил өнгөрчээ. Хүний эрхийг хангах чиглэлээр ахиц дэвшил гарч байгаагийн зэрэгцээ ухралт ч гарсаар байна. Гарч байгаа ухралт ахиц дэвшлээсээ илүү их, илүү өргөн хүрээтэй байгаад бидний санаа зовинож байна. Хийх зүйл их байна. Өнөөдрийн миний тавих илтгэл өмнөх үндэсний форумаас хойш ямар нааштай алхам, ямар алдаа ухралт гарсныг 1. Бодлого, тогтолцоо, 2. Төрийн хүлээх үүрэг, хариуцлага, 3. Олон нийтийн оролцоо гэсэн гурван хүрээгээр танилцуулж, цаашид анхаарвал зохих асуудлыг
хөндөнө.

 

f28f198880879be729c8d03edb766ed6.jpg

1. Илтгэлийн эхний хэсэгт Хүний эрхийн форумаас анхаарч тэмдэглэсэн хүний эрхийн асуудлаарх нааштай өөрчлөлт, ахицаас дурдъя.

  • УИХ-аас 2021 онд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, тус хуулийг хэрэгжүүлэх механизмийг байгуулсан нь Ази тивдээ анхдагч болж, Монгол улс хүний эрх хамгаалагчийн үйл хэргийг хүлээн зөвшөөрч, дэмжихээ баталгаажуулсан түүхэнд тэмдэглэгдэх чухал дэвшил мөн.

 

  • ХЭҮК-ын гишүүдийн сонгон шалгаруулалтыг ил тод, олон нийтийн оролцоотой болгож, нэр дэвшигчдийн томилгооны сонсголыг хийсэн, Хүний эрх хамгаалагчийг хамгаалах, Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх механизмуудыг байгуулсан зэрэг нь хүний эрх хамгаалах тогтолцоонд гарсан томоохон ахиц юм.

 

  • Эрх баригч нам хүний эрхэд суурилсан бодлого хэрэгжүүлэхээ тунхаглаж, МУ-ын хууль тогтоомжид хүний эрхийн дүн шинжилгээ, нөхцөл байдлын тойм судалгаа, ХЭХҮХ-ийн хэрэгжилтэд түргэвчилсэн үнэлгээ хийсэн, улмаар ЗГХЭГ-ын дэргэд Хүний эрхийг Хангах Үндэсний Хороо байгуулж, тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлан ажилласан нь нааштай алхам болсон.

 

  • 2023 оноос эхлэн Хүний эрхийг хангах үндэсний хорооноос аймаг, хотуудын хүний эрхийн төлөв байдлын илтгэлийг хүлээн авч хэлэлцдэг болсон. Энэ нь цаашид тогтмол хийж хэвших зөв зүйл бөгөөд хүний эрхийн хэрэгжилтээр хот, орон нутагт байдаг зөрүүг арилгахад ач тусаа үзүүлэх юм.

 

  • Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх ХЭҮК-ын 22 дахь илтгэлийг УИХ-ын ХЗБХ-оос "нээлттэй сонсгол" хэлбэрээр хэлэлцүүлсэн. Илтгэлийг сэдэв тус бүрээр танилцуулж холбогдох яам, газрын дарга нар УИХ-ын гишүүдийн асуултад хариулж, зарим тохиолдолд ИНБ-аас тодруулга өгсөн нь хүний эрхийн асуудалд ач холбогдол өгөхөд гарч буй чанарын дэвшил юм.

 

  • Засгийн газраас Бизнес ба Хүний эрхийн чиглэлээр 2023-2027 онд хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангах үүрэг, хариуцлагыг тодорхой тусгасан нь сайшаалтай.

 

  • НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл, гэрээний хороод, тусгай илтгэгчдээс хүлээн авсан зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр ХЗДХЯ, ГХЯ, ХНХЯ нь иргэний нийгмийн байгууллагуудтай идэвхтэй зөвлөлдөх болсон нь эерэг өөрчлөлт юм.

 

  • Онцлож хэлэх өөр нэг ололт амжилт нь иргэд эрхээ мэддэг, шаарддаг, хамгаалдаг болж байгаа явдал. Алагчлал, давхар стандарт, ял завшуулах, шударга бус байдлын эсрэг цахим болон цахим бус орчинд иргэд үзэл бодлоо илэрхийлж, эвлэлдэн нэгдэж, жагсаж цуглан төрийн үүрэг, хариуцлагыг шаардах нь улам бүр нэмэгдэж байна.

 

2. Илтгэлийн дараагийн хэсэгт хүний эрхийн хэрэгжилтэд гарч буй сорилт, ухралтын талаар өгүүлье.

  • Иргэдийн оролцоо, иргэний орон зайг хумьсан хууль, хуулийн төслүүд 

Хууль тогтоомжийн чанар үр нөлөөг дээшлүүлэх, хууль тогтоох явцад иргэдийн оролцоог бататгах зорилгоор Хууль тогтоомжийн тухай хуулийг 2015 онд баталсан. Гэвч эс хэрэгжүүлэн, улмаар дордуулсан өөрчлөлтүүд хийн “хуулийн хонгил” бий болгосныг бид өмнөх үндэсний форумын индэр дээрээс буруушаасан билээ. Гэвч энэ алдааг засаагүйгээс хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх тал дээр ухралт гарч утга учиртай, үр нөлөөтэй оролцох иргэдийн оролцоо, иргэний орон зайг хумьсан хэвээр байна

 

Хууль тогтоомж боловсруулахдаа нөлөөлөлд өртөх бүлгүүдтэй бодитоор зөвлөлдөж, олон нийтээр хэлэлцүүлэлгүйгээр, хүний эрхэд халдсан хуулийн төслийг УИХ-д өргөн барих нь нийтлэг болсон. Эдгээрээс дурдвал Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Ашигт малтмалын тухай, Газрын багц хуулийн тухай төсөл... гэх мэтээр хөвөрнө. 

 

Засгийн газар цар тахлын дараах нийгэм, эдийн засгийн сорилтыг хэрхэн даван туулах талаар хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлэх орон зайг хөхиүлэн дэмжихийн оронд шүүмжлэлт дуу хоолойг нухчин дарахыг зорьж байгаад Хүний эрхийн форум шүүмжлэлтэй хандаж байна

 

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар жагсах, цуглах эрхийг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэх талаар бодит алхам хийсэнгүй, харин эсрэгээр яллах, шийтгэх, хумих оролдлогуудыг өргөн хүрээтэйгээр явуулж байгаа нь ухралт юм. Тухайлбал манай улсад ялангуяа сонгуулийн жилд сэтгүүлчдийг мэргэжлийн үйл ажиллагаа явуулсных нь төлөө шүүх, цагдаад дуудах үзэгдэл түгээмэл, гомдол нэхэмжлэлийн тоо нь огцом өсдөг, цахимд үзэл бодлоо нийтэлсэн иргэд болоод сэтгүүлчдийг хуулиар далайлган гомдол, нэхэмжлэлээ эрүүгийн журмаар давхар өгч залхаан цээрлүүлдэг жишиг тогтоод байна. 

 

Иргэний нийгэм нь хөгжлийн эрх тэгш оролцогч байтал үүнийг хүлээн зөвшөөрөх байдал сул, гаргасан санал шүүмжийг үл ойшоох хандлага амь бөхтэй оршсоор.

 

  • Эрх мэдлийн хэт их төвлөрөл үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, халдашгүй дархан байдлыг дордуулж байна

Төрийн хяналтыг сайжруулах нэрээр эрх мэдлийг төвлөрүүлж байгаа нь нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдлийг хумиж, орон нутгийн иргэдийн оролцоог үгүй болгон ихээхэн сөрөг үр дагавар учруулж байна. 

 

Олныг хамарсан гамшиг, хямрал, онц байдлын үед хүний эрхийг хүндэтгэж, хангаж ажиллахад аливаа тогтолцоо бэлэн биш байна. Төрийн бодлого залгамж чанараа алдаж сонгуулиас сонгуулийн хооронд мөчлөгтэйгээс төрийн албан хаагчид тогтвор суурьшилгүй, хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэг нимгэн байгаа нь хүний эрхийн зөрчлийг хурцатгаж байна. 

 

НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг Монгол Улсад ажиллаж, Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй байх эрх өндөр эрсдэлтэйг харуулсан. Гишүүн улсын хувьд Монгол улс нь НҮБ-ын хүний эрхийн механизмд хүндэтгэлтэй хандаж, гаргасан дүгнэлтийг хүлээн авч залруулахад анхаарахын оронд салбар хариуцсан сайд нь баривчлах ажиллагаанд шүүхээс зөвшөөрөл авдаггүй мэт ташаа ойлголт төрүүлж, тус ажлын хэсгийн гишүүдийн мэдлэг туршлагад эргэлзсэн нь хүний эрхийн ноцтой асуудалд тун хариуцлагагүй хандсан үйлдэл байлаа. 

 

Аливаа төсөл хөтөлбөрийн байгаль орчин, хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээг бодитой хийхгүй, судалгаа, дүн шинжилгээний мэдээлэл нь бүрэн бус, хаалттай, улсын төсвийн болон зээл тусламжийн томоохон төсөл хөтөлбөрүүд улсын нууц гэдгээр хяналтгүй хэрэгжиж байгаа нь иргэдийн мэдэх эрхийг ноцтой зөрчиж байна. Энэ талаарх мэдээлэл шаардсан иргэнийг хөгжлийн төсөл хөтөлбөрт саад учруулсан хэмээн үзэж эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан шалгадаг болсон нь хүний эрхийг хангах чиглэлд гарч буй ноцтой ухралт юм.

 

  • Хоосон амлалт, алдаатай төсөл хөтөлбөр , тэгш бус байдал 

Ядуурал, тэгш бус байдалтай тэмцэх хүсэл зориг дутмаг хэвээр. Ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтыг хангах, дэд бүтцийг хөгжүүлэх, эдийн засгаа сэргээх зэрэг олон сайхан нэртэй төсөл хөтөлбөр 3.4 сая хүний амьдралын чанарыг сайжруулахад хангалттай байж болох ч анхнаасаа хүний эрхэд суурилаагүй нь тэгш бус байдлыг гааруулж, ядуурал, ялгаварлалыг гүнзгийрүүлж байна. 

 

Ковид 19-ын дараа эдийн засгийг сэргээхдээ ногоон сэргэлтийг бий болгоно, талцал хуваагдлаас зайлсхийж эв нэгдлийг хангана, тэгш бус байдлыг арилгана, өмнөхөөсөө илүүг бүтээнэ хэмээсэн ч ярих хийхийн хооронд алд дэлэм зөрүүтэй, худал амлалтаар дүүрэн байна. 

 

Хүний эрүүл байх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ хамгаалуулах, энэ эрхээр дамжин хэрэгжих бусад эрхийн асуудал хөсөр хаягдаж байна. 

 

Эдийн засгийн бодлогууд хүний эрх, эрх чөлөөг дэмжихэд чиглэхгүй, уул уурхай, олборлолтын компаниудыг бүрэн хянаж хариуцлага тооцож чаддаггүйгээс орон нутгийн иргэд, малчдын амьдралын чанарыг улам ихээр дордуулж, байгаль эхийг эргэн сэргэхийн аргагүйгээр доройтуулж, нүүдэлч өв соёлыг устгаж байна. 

 

Монгол Улсыг дэлхийд таниулсан нүүдэлч ахуй соёлыг тээгчид бол малчид. Гэтэл хэдэн зууны туршид нүүдэллэн ирсэн бэлчээрийн эрх нь баталгаажаагүйгээс уул уурхай, дэд бүтцийн төсөл хөтөлбөрийн хүрээнд эрх нь зөрчигдсөөр байна. 

 

Хяналтгүй, хариуцлагагүй уул уурхайгаас үүдэлтэй байгаль эх доройтож, агаар, хөрсний бохирдол, ундны цэвэр усны хомсдол, хүнсний аюулгүй байдал алдагдан хүн, малгүй өвчилсөөр байхад бодитой, үр нөлөөтэй арга хэмжээ авахгүй, буруутай этгээдэд хариуцлага тооцохгүй ял завшуулсаар байна.

 

Манай улсын хөгжлийн бодлого орон нутагт хүртээмжгүй, салбар хоорондоо уялддаггүй, зөрчилддөг байдлыг халахгүй бол тогтолцооны чанартай хүний эрхийн зөрчил огт арилахгүй байсаар байхаас гадна хүний эрхийн шинэ шинэ зөрчил үүсгэсээр байх болно.

 

3. Илтгэлийн төгсгөл хэсэгт цаашид хүний эрхийг хүндэтгэн, хангах, хэрэгжүүлэхдээ анхаарвал зохих саналуудыг хэлье.

  • Монгол Улс хүний эрхийг хангахад гаргаж байгаа ахиц дэвшлээ ямагт бататгаж, ухардаггүй, урагшилдаг байх ёстой. Энэ илтгэлд дурдагдсан хүний эрхийн чиглэлээр гарч буй ухралт, алдаагаа засч залруулах алхмыг нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх, шинэчилэн батлах Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөртөө тусган оруулах шаардлагатай байна.

 

  • Хүний эрхийн зөрчил үйлдэгч, эрүүдэн шүүгчдэд хариуцлага тооцож, ял завшуулахгүй байх нь чухал. Иймээс ял завшуулахаас сэргийлсэн бодлого боловсруулж, эрүүдэн шүүх гэмт хэргийг хараат бусаар мөрдөх алба байгуулах, цаашлаад эрүүдэн шүүхийг таслан зогсоох болоод хүүхэд хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж буй алхмаа улам бүр идэвхижүүлэх, үр нөлөөтэй зөв арга замаар ажиллах шаардлагатай байна.

 

  • Хүний эрхийг хэтрүүлэн зүй бусаар хязгаарлах үр дагавартай хууль тогтоомжийн заалтуудыг хүчингүй болгож, шинээр батлахгүй байх, тийм хуулийн төслүүд өргөн баригдаж байгаад үнэлгээ шинжилгээ хийн, засаж залруулах арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна.

 

  • Хөгжлийн бодлого стратеги, төлөвлөгөө төсөв, хэрэгжилтийн үнэлгээ тайланг ил тод болгож, хариуцлага тооцдог болох, иргэдийн оролцоо хяналтыг нэмэгдүүлэх, иргэний нийгмийн түншлэлийг дэмжих хэрэгтэй байна.

 

  • Хүний эрхийн зөрчлийн суурь үндсэн шалтгаан болсон төрийн эрх бүхий албан тушаалтан, төрийн алба хаагчдын хүний эрхийн хандлага, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж, төрийн бүх алба хаагчид, албан тушаалтнуудад хүний эрхийн боловсрол олгох ажлыг чанартай зохион байгуулах шаардлагатай байна.

 

  • Монгол Улсад шударга ёсыг алдагдуулж, олон нийтийн бухимдлыг төрүүлж, эсэргүүцэн жагсахад хүргэж байгаа авлигал, албан тушаалын гэмт хэргийг таслан зогсоох, цаашид урьдчилан сэргийлэх, дахин гаргахгүй байхын төлөө баттай зогсох ашиг сонирхлын зөрчилгүй, шударгаар ажиллах нөхцөл боломжийг УИХ, ЗГ, Шүүх засаглал хамтдаа бүрдүүлж, үр дүнг нь нийтэд ил тод тайлагнадаг болохыг зөвлөмжилж байна. 

Хүний эрхийн төлөө бүх талуудтай хамтарч ажиллахдаа бид таатай байх болно. 

 

Харин хүний эрхийг зөрчигчид, хүний эрхийн мэдрэмжгүй эрх мэдэлтэн, хоосон амлалт, хүний эрхийн ухралт, иргэдийн дуу хоолойг нухчин дарах оролдлогыг бид үл тэвчих бөгөөд эрхээ хамгаалахын төлөө хамтдаа, тууштай зогсох болно

 

Энэ удаагийн үндэсний форумаас хүний төлөө бодитой, үнэтэй санал, санаачилга гарч, цаашид үр дүнтэй хэрэгжүүлнэ хэмээн итгэж байна.