Хүн бүрийг вакцинд тэгш хамруулах боломж олгохыг эмийн үйлдвэрүүдээс шаардацгаая.
Эм үйлдвэрлэгч компаниуд мэдлэг, технологио хуваалцвал бусад компани Ковид-19-ийн эсрэг вакцин үйлдвэрлэх боломжтой болно. Ингэснээр нэг ч хүнийг үлдээлгүй дархлаажуулалтад хамруулж цар тахлыг давж чадна. Хүн бүрийг Ковид-19-ийн вакцинд хүртээмжтэй хамруулахын тулд эм үйлдвэрлэгчдийг мэдлэг, технологио хуваалцахыг уриалцгаая.
Дэлхийн хаана байх, хэн байхаас үл хамааран хүн бүр Ковид-19-ийн вакцинд хамрагдах боломжтой байх ёстой. Вакцинд хамрагдах боломж нь ирэх жилүүдэд үхэх, амьдрахын дэнслүүр байж болох юм. Гэсэн ч өнөөгийн байдлаар эмийн тэргүүлэгч компаниуд дэлхийн хүн амын нэг хувьд ч хүрэхгүй хэмжээний вакцин үйлдвэрлэж байна. Ядуу буурай орнууд вакцин нийлүүлэх дарааллын төгсгөлд жагсаж байна.
Татвар төлөгчдийн олон тэрбум долларыг Астра Зенека /AstraZeneca/, Модерна /Moderna/, Пфайзер БиоН Тех /PfizerBioNTech/ зэрэг компаниудад вакцин бүтээж, үйлдвэрлэхэд нь хандивласан. Тиймээс эдгээр вакцин ард түмэнд хамаарч, вакцин үйлдвэрлэлийн технологийг бусадтай хуваалцах нь зүйтэй.
Хуваалцах нэг арга нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын “Ковид-19 Технологийн Хандалтын сан” (C-TAP)-д нэгдэх юм. Гэвч, одоогийн байдлаар нэг ч компани үүнд нэгдээгүй байна.
Одоо бол хүний амь нас нэн тэргүүний асуудал. Тиймд эм үйлдвэрлэгч компаниудыг мэдлэг, технологио хуваалцаж, “Ковид-19 Технологийн Хандалтын сан” /C-TAP/-д нэгдэж, хүний эрхийн үүргээ биелүүлэхийг олноороо уриалж, олуулаа байхын давуу талаа гаргацгаая.
Эмийн үйлдвэрүүдээс хүн бүрийг вакцинд тэгш хамруулах боломж олгохыг шаардаж буй дэлхий нийтийн хөдөлгөөнд нэгдэцгээе.
Хорин жилийн өмнө эмийн тэргүүлэгч компаниуд хямд үнээр ХДХВ/ДОХ-ын эсрэг эмийг үйлдвэрлэх боломжийг бусад компаниудад олгосноор олон сая хүний амийг аврах эмчилгээ хийх боломжтой болсон. Эмийн үйлдвэрүүд мэдлэг, технологио нууцлах уу эсвэл хуваалцах уу гэдгээс хэзээ, хэрхэн Ковид-19-ийг давж гарах нь хамаарах юм.