СУРАГГҮЙ АЛГА БОЛГОСОН ХЭРГИЙГ ИЛЧИЛЖ ӨӨРӨӨ АЛГА БОЛЖЭЭ
Охидууд нь “зоригтой боловч муухан” тогооч гэж тодорхойлдог Идрис Хаттак олон зүйл сонирхдог нэгэн. Идрис оросоор ярьж, байнга ном уншиж, тахиа тэжээн, тэдэнтэйгээ ярилцах дуртай байв. Тэрээр сураггүй алга болгох хэргийн шинжээч байсан бөгөөд Эмнести Интернэшнл, Хүний эрхийн ажиглагч байгууллагын хамт олон улсын хууль тогтоомжийн дагуу энэхүү гэмт хэргийг олон жилийн турш судалж, баримтжуулж байсан юм. Гэвч Идрис ч мөн сураггүй алга болчихоод байна.

2019 оны 11-р сарын 13-нд Идрисийг нийслэл хот Исламабадаас гэр рүүгээ харих замд машиныг нь зогсоосон ба түүнээс хойш огт харагдаагүй аж. Пакистаны эрх баригчид Идрисийн адил хүний эрхийн төлөө тэмцэгчид, бусад шүүмжлэгчдийг дуугүй болгохын тулд хүчээр сураггүй болгосоор байна.
Идрисийн 20 настай охин Талиа Эмнестигийн дэмжлэгээр эцгээ эргүүлэн авчрахын төлөө тэмцлээ эхлүүлжээ. Түүний тэмцэл үр дүнгээ өгч, 6-р сард эрх баригчид Идрисийг цагдан хорьж байгаа ба Албаны нууцын тухай хуулиар хэрэгт татсан болохоо хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч хаана хорьж байгаа нь одоог хүртэл тодорхойгүй байна.
Идрисийн гэр бүлийнхэн түүнийг тагнуулын хэрэгт буруутгаж магадгүй гэж түгшиж байгаа бөгөөд хэрэв гэм буруутайд тооцвол 14 жил хорих ял эсвэл бүр цаазаар авах ял оногдуулж болзошгүй байна.
“Би аавынхаа зургуудыг харах бүрт бидэнтэй хамт байна гэж мөрөөддөг. Аав минь хуулиар хамгаалагдах ёстой.” хэмээн охин Талиа хэлсэн юм.
Пакистаны эрх баригчдаас Идрисийг суллахыг шаардацгаая.