Нийгмийн эрүүл мэндийн хямралын үед засгийн газрууд алагчлалгүй, тэгш, нээлттэй, хүртээмжтэй байх зарчимд тулгуурлаж, иргэдийг аюулгүй нөхцөл байдал, боломжоор хангах үүрэгтэй. Монгол улс хорио цээрийн дэглэм сахиулах, Ковид-19 цар тахлын халдварт өртсөн иргэдийг зөөвөрлөх, тусгаарлах арга хэмжээ авахдаа хүний эрүүл, аюулгүй байх, нэр төр, эрхэм чанартай байх, эх орондоо эргэн ирэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдэх эрхэд халдаж, алдаагаа давтсаар байгаад Монголын Эмнести Интернэшнл харамсаж байна.
Цар тахлын эсрэг арга хэмжээ авах явцад хүний эрх зөрчсөн мэргэжлийн болоод ёс зүйн алдаа гарч байгаа нь төрийн албан хаагчдын хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэг, мэдрэмж, хандлага дутмаг байгаатай шууд холбоотой.
Гадуурхалт, доромжлол нь цар тахлаас илүүтэйгээр жирийн иргэдэд айдас, уур бухимдал үүсгэж байна. Иймд Коронавируст халдварт өртсөн болоод өртөж болзошгүй хэнийг ч зүй бус харьцаа, хандлагаас хамгаалах ёстой.
Төрийн Ковид-19 цар тахлын тархалтыг зогсоох хариу арга хэмжээ нь нэн шаардлагатай, тулгамдсан асуудалтай тэнцэхүйц, үл ялгаварласан зарчимд тулгуурласан байх ёстой.
Энэ үүргээ шударгаар биелүүлэхийн тулд Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний тэргүүн эгнээнд ажиллаж буй эмнэлэг, цагдаа, шүүх, нийгмийн халамж, боловсрол, хүргэлтийн үйлчилгээ үзүүлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүхий л байгууллага, албан хаагчдад хүний эрхийн боловсрол нэн тэргүүнд олгох нь цаашид төрийн зүгээс иргэнээ ялгаварлан гадуурхаж, нэр төрд нь хүндэтгэлгүй хандахаас урьдчилан сэргийлж, таслан зогсоох эхлэл болно.
Төрийн Ковид-19 цар тахлын тархалтыг зогсоох хариу арга хэмжээ нь нэн шаардлагатай, тулгамдсан асуудалтай тэнцэхүйц, үл ялгаварласан зарчимд тулгуурласан байх ёстой. Энэ үүргээ шударгаар биелүүлэхийн тулд Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний тэргүүн эгнээнд ажиллаж буй эмнэлэг, цагдаа, шүүх, нийгмийн халамж, боловсрол, хүргэлтийн үйлчилгээ үзүүлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүхий л байгууллага, албан хаагчдад хүний эрхийн боловсрол нэн тэргүүнд олгох нь цаашид төрийн зүгээс иргэнээ ялгаварлан гадуурхаж, нэр төрд нь хүндэтгэлгүй хандахаас урьдчилан сэргийлж, таслан зогсоох эхлэл болно.
Иймийн тулд Монгол Улсын шинээр бүрэлдэх Засгийн газарт дараах зөвлөмжийг хүргүүлж, үр дүнтэй арга хэмжээ авч ажиллахыг уриалж байна. Үүнд:
-
Цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж буй тушаал, дүрэм, журмыг хүний эрхийн суурь зарчимд нийцүүлэн батлах, хүртээмжтэй, ойлгомжтой байдлаар танилцуулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянах.
-
Цар тахлын эсрэг хариу арга хэмжээний бэлэн байдал, хэрэгжилтэд цогц, үр дүнтэй, хараат бус хяналт, шалгалт тогтмол хийх, зохих ёсоор хэрэгжүүлээгүй алдааг давтахгүй байх, сургамж авах.
-
Төрийн албан хаагчдад хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэг, хандлага төлөвшүүлэх тусгай хөтөлбөр баталж, төрийн өндөр албан тушаалд нэр дэвшигч нарт тус сургалтад хамрагдсан байх шалгуур тавих
-
Хүмүүс гадуурхагдахаас эмээхдээ өвчнөө нуун дарагдуулах, улмаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд яаралтай хамрагдаж чадахгүй байх эрсдэл байгааг онцгойлон анхаарч коронавурист халдвартай болон халдвар авах эрсдэлтэй хэн ч ялгаварлан гадуурхалт, үзэн ядалт, хүнлэг бус, зүй бус харьцаанаас ангид байх эрхийг баталгаажуулах, үзэл бодлоо илэрхийлсэн, шүгэл үлээсэн иргэд шийтгэгдэхээс хамгаалах.
-
Хорио цээрийн дэглэм хэрэгжүүлэхдээ хязгаарлалтыг аль болох хамгийн бага түвшинд, шаардлагат хэмжээнд дүйцэхүйц байлгаж, уг дэглэмийн нөлөөлөлд өртөж буй хүмүүст хүнлэг, энэрэнгүй байдлаар хандах, эх орондоо эргэн ирэх эрхийг дур мэдэн хязгаарлахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, үр дүнтэй хяналт шалгалтын систем бий болгох.
-
Төрөөс эрүүл мэндийн[1] болон зайлшгүй шаардлагатай ажилтнуудыг[2] гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах явдлын эсрэг үл тэвчих хандлага баримтлах, эрхэлж буй ажил үүргээс нь хамааран тэдэнд үүсэж болох эрсдэлийг тооцож, хариу арга хэмжээ авах.
-
Цар тахлын үед эрүүл мэндийн болон зайлшгүй шаардлагатай ажилтнуудын эрх зөрчигдсөн тохиолдол бүрд Засгийн газар бүрэн, найдвартай, ил тод, бие даасан, хараат бус мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хариуцлага тооцдог байх.
-
Эрүүл мэндийн болон тэргүүн шугамд ажиллаж байгаа бусад зайлшгүй шаардлагатай ажилтнуудыг хангалттай, хүрэлцээтэй, чанартай нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, мэдээлэл, сургалт, сэтгэлзүйн туслалцаа дэмжлэгээр хангах.
[1] Эрүүл мэндийн салбарт ажилладаг эмч, сувилагч, асрагч, түргэн тусламжийн жолооч, эмнэлгийн захиргааны ажилтан зэрэг бүх хүн.
[2] Ковид-19 цар тахлын үед ажиллаж, шаардлагатай төрийн үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс, тухайлбал нийтийн тээврийн үйлчилгээнд ажилладаг хүмүүс болон хот тохижилт, хог ачигч, мөн хүнсний дэлгүүр, хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүс зэрэг цар тахлын үед зөвшөөрөгдсөн бизнес эрхлэгчид гэх мэт.
Эмнести Интернэшнлээс 2020 оны 3 дугаар сард “Улс орнуудын Ковид-19 вирусын халдварт өвчний эсрэг авч буй арга хэмжээ болон хүний эрхийг хангах үүрэг, хариуцлага: Эхний ажиглалт” тайлангаараа нийгмийн эрүүл мэнд, эрсдэлтэй нөхцөлд байгаа хүмүүс, эмзэг бүлгийнхнийг хамгаалахын тулд халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах, халдварыг тогтоон барих, эмчлэх зэрэг бүхий л хүчин чармайлтын төвд хүний эрхийн асуудлыг тавих ёстой тухай, 7 дугаар сард гаргасан “Заналхийлэл хүчирхийллийн дор, дуугарах эрхгүй, нүцгэн гараар ковид-19 цар тахлын эсрэг тэмцэгсэд: Ковид-19 цар тахлын үед эрүүл мэндийн болон зайлшгүй шаардлагатай ажилтнуудыг хамгаалж чадахгүй байна” тайлангаараа Ковид-19-ийн эсрэг тэргүүн эгнээнд тэмцэж буй эрүүл мэндийн болон зайлшгүй шаардлагатай ажилтнуудад анхаарал хандуулж ажиллахыг зөвлөмжилсөн байна. Түүнчлэн бусад улс орны гаргасан алдааг давтуулахгүйн тулд Засгийн газар, Улсын Онцгой комисс /УОК/, Эрүүл мэнд яам /ЭМЯ/, болон бусад салбарын яамд, хууль, шүүх хүчний байгууллагад холбогдох зөвлөмжийг хүргүүлж, зарим байгууллагуудтай цахим болон биечилсэн уулзалт хийсэн.
Холбоосууд:
- “Улс орнуудын Ковид-19 вирусийн халдварт өвчний эсрэг авч буй арга хэмжээ болон хүний эрхийг хангах үүрэг, хариуцлага: Эхний ажиглалт”
- “Заналхийлэл хүчирхийллийн дор, дуугарах эрхгүй, нүцгэн гараар ковид-19 цар тахлын эсрэг тэмцэгсэд: Ковид-19 цар тахлын үед эрүүл мэндийн болон зайлшгүй шаардлагатай ажилтнуудыг хамгаалж чадахгүй байна”