Нийт хүн амаа 3 ба түүнээс дээш удаа дархлаажуулах тунг өндөр хөгжилтэй орнууд хуримтлуулжээ.
Нийт хүн амаа 3 ба түүнээс дээш удаа дархлаажуулах тунг өндөр хөгжилтэй орнууд хуримтлуулжээ.
Засгийн газар болон эмийн үйлдвэрүүд яаралтай арга хэмжээ авч, тунг хангалттай хэмжээгээр үйлдвэрлэхгүй бол ядуу буурай 70 орчим орны арван хүний нэг нь COVID-19 цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамрагдах нөхцөл үүсээд байгааг хүний эрхийн байгууллагууд анхаарууллаа.
Хэрэв эмнэлзүйн туршилтад байгаа вакцинууд бүгд батлагдвал, 2021 оны эцэс гэхэд чинээлэг орнууд бүх хүн амдаа зориулж 3 ба түүнээс дээш удаа дархлаажуулалтад хамруулж болохоор хангалттай тунг худалдаж авахаар байна. Канад улс нь иргэн бүрдээ таван удаа вакцин хийлгэх хэмжээний вакцин нөөцөлснөөрөө уг жагсаалтыг тэргүүлсэн. Шинэчлэгдсэн мэдээллээс харахад дэлхийн хүн амын дөнгөж 14 хувийг төлөөлж буй баян улс орнууд одоогийн байдлаар хамгийн ирээдүйтэй байгаа вакцины 53 хувийг аль хэдийнээ худалдаж авсан байна.
Эмнести Интернэшнл, Тэргүүн шугамын тусламж (Frontline AIDS), Даян дэлхийн шударга ёс яг одоо (Global Justice Now), Оксфам (Oxfam) зэрэг байгууллагуудын нэгдсэн “Ард түмний вакцин” эвсэл шинжлэх ухааны мэдээ, дүн шинжилгээний "Эйрфинити (Airfinity)" компанийн цуглуулсан мэдээлэлд тулгуурлан тэргүүлэгч найман вакцин нийлүүлэгчтэй улс орнуудын хийсэн хэлэлцээрт дүн шинжилгээ хийжээ. Энэхүү цар тахлаас зайлсхийх өөрсдийн арга зам уруу баян орнууд шилжсэнээр ядуу буурай 67 улс вакцинаас орхигдох эрсдэлтэй болохыг олж тогтоосон байна.
Оксфам байгууллагын Эрүүл мэндийн бодлогын менежер Анна Марриотт “Аль улсад амьдардаг, эсвэл халаасандаа хэр их мөнгөтэй зэргээсээ болж хэн ч адлагдаж, амь аврагдах боломжоо алдаж болохгүй. Гэхдээ ямар нэгэн гэнэтийн өөрчлөлт тохиолдохгүй л бол дэлхийн олон тэрбум хүн COVID-19 цар тахлын эсрэг үр дүнтэй үйлчлэх, аюулгүй вакциныг ирэх жилүүдэд олж авч чадахааргүй байна" гэж өгүүлсэн юм.
“Даян дэлхийн шударга ёс яг одоо” байгууллагын ажилтан Хайди Чоу “Вакцин дээр ажиллаж буй бүх эм үйлдвэрлэгч корпорац, эрдэм шинжилгээний байгууллагууд вакциныхаа технологийн ноу-хау, оюуны өмчийг бусадтай хуваалцах ёстой. Ингэвэл дэлхий даяар хангалттай хэмжээний аюулгүй, үр дүнтэй үйлчлэх тунг үйлдвэрлэх боломжтой болно. Засгийн газрууд эмийн үйлдвэрүүддээ ашиг орлогоосоо илүүтэйгээр хүний амийг чухалчлахыг даалгах ёстой." гэв.
Pfizer, BioNTech вакциныг Их Британи улс хэдийнээ баталж хүлээн зөвшөөрсөн бөгөөд дархлаажуулалт энэ долоо хоногоос эхэлж байна. Хэд хоногоос АНУ зэрэг орнууд уг вакциныг хүлээн зөвшөөрөх төлөвтэй байна. Цаашид Moderna болон AstraZeneca нар вакцинаа гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд хууль ёсны зөвшөөрлөө хүлээж байна. Оросын вакцин болох Спутникийн хувьд туршилт эерэг үр дүнтэй болсныг зарласан. Бусад дөрвөн вакцин эмнэлзүйн 3-р шатны туршилтандаа хамрагдаж байна.
Одоогийн байдлаар Moderna-ийн бүх тун болон Pfizer, BioNTech-ийн 96 хувийг баян улс орнууд худалдаж аваад байна. AstraZeneca тунгийнхаа 64 хувийг хөгжиж буй орнуудад өгөхөөр амласан нь харин таатай мэдээ юм. Нийлүүлэлт нэмэгдлээ ч тэд ирэх онд дэлхийн хүн амын зөвхөн 18 хувьд л хүрч чадах юм.
Хөгжиж буй орнуудын дийлэнхтэй нь гэрээ хийгдээгүй, вакцины нөөцийг хуваах COVAX хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байгаа энэ үед AstraZeneca нь Хятад, Энэтхэг зэрэг хөгжиж буй том орнуудтай хэлэлцээр хийсэн байна.
Эндээс нэг компани дангаараа бүх дэлхийг хангаж чадна гэж найдах боломжгүй, харин технологийг вакцин үйлдвэрлэгчдийн хооронд нээлттэй хуваалцах нь л боломжийг бий болгоно гэдгийг харуулж байна.
“Ард түмний вакцин” эвслээс COVID-19 цар тахлын эсрэг вакцин дээр ажиллаж буй бүх эмийн корпорацыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын COVID-19 технологийн сангаар дамжуулан технологи, оюуны өмчөө нээлттэй хуваалцахыг уриалж байгаа бөгөөд ингэснээр олон тэрбум тунгаар вакциныг үйлдвэрлэх, хэрэгцээтэй үр дүнтэй үйлчлэх аюулгүй дархлаажуулалтад хамрагдах боломжийг бүх хүнд бий болгох юм.
Мөн түүнчлэн COVID-19 цар тахлын эсрэг вакциныг дэлхий нийтийн сайн сайхны төлөө үйлдвэрлэж, олон нийтэд үнэ төлбөргүйгээр, хэрэгцээнд нь үндэслэн, шударгаар нийлүүлэхийн төлөө засгийн газрууд бүх хүчээ дайчлан ажиллахыг тус эвслээс уриалав. Эхний алхам бол хүн бүр аюулт цар тахлаас хамгаалагдах хүртэл COVID-19 вакцин, туршилт, эмчилгээнд оюуны өмчийн эрх олгохоос татгалзах тухай Дэлхийн Худалдааны Байгууллагын Зөвлөлд тавьсан Өмнөд Африк болон Энэтхэгийн саналыг дэмжих явдал юм.
Эмнести Интернэшнлийн Эдийн засаг, нийгмийн соёлын эрх хариуцсан хэлтсийн дарга Стив Кокберн “Вакцин хуримтлуулах үзэгдэл нь хүн бүрийг, хаана ч COVID-19-оос хамгаалах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн дэлхийн нийтийн хүчин чармайлтыг сулруулж байна. Баян орнууд хүний эрхийн талаар тодорхой үүрэг хүлээдэг тул бусад улсад вакцины хүртээмжгүй болохоос зайлсхийх үйлдэл хийх, шаардлагатай байгаа улс орнуудтай хамтран ажиллаж, тусламж үзүүлэх явдал. Дэлхийн вакцины нийлүүлэлтийн ихэнхийг худалдаж авснаар баян орнууд хүний эрхийн үүргээ зөрчсөн хэрэг болох бөгөөд үүнийхээ оронд бусадтай мэдлэгээ хуваалцаж, нийлүүлэлтийг өргөжүүлбэл COVID-19 хямралыг зогсооход тус болно ” хэмээн өгүүлсэн юм.
“Ард түмний вакцин” эвслээс AstraZeneca, Pfizer, BioNTech-ийн боловсруулсан вакцинуудад таван тэрбум гаруй долларын санхүүжилт олгоод байгаа нь дэлхий нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн ажиллах үүргийг хүлээлгэж байгаа хэрэг. Баян орнууд хүн бүрийг бараг 3 ба түүнээс дээш дархлаажуулах хангалттай тунтай байна. Харин ядуу орнуудын хувьд эрүүл мэндийн ажилтнууд болон эрсдэлд өртсөн хүмүүст хүрч ажилладаг ажилтнууддаа ч хүрэлцэх вакцингүй байна. Эм үйлдвэрлэгч корпорацууд засгийн газрын санхүүжилтийг судалгаандаа ашиглаж, онцгой эрхээ өөртөө хадгалдаг, ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд технологийнхоо нууцыг задруулдаггүй одоогийн энэ тогтолцоо олон хүний амь насыг хохироож болзошгүй." гэж мэдэгдлээ.
“Тэргүүн шугамын тусламж” хэмээх байгууллагын захирал Луис Чинганду “Цар тахал нь дэлхийн хэмжээнд тулгамдсан асуудал болж, дэлхийн хэмжээний шийдлийг шаардаж байна. Вакцин гаргаж авах боломжгүй тохиолдолд дэлхийн эдийн засаг цаашид хүндэрсээр байна. Хүн төрөлхтөн, эдийн засгийг аврахын тулд цар тахлын үед эмийн үйлдвэрлэл ашиг харахаа тавих хэрэгтэй" гэв.
Кирилл Рамафоса, Имран Хан, Эллен Жонсон Сирлиф, Гордон Браун, Хелен Кларк, Мэри Робинсон, Жозеф Стиглиц, Жон Нкенгасонг, Томас Пикетти зэрэг COVID-оос амьд үлдсэн хүмүүс, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, идэвхтнүүд, өнгөрсөн болон өнөө цагийн дэлхийн удирдагчид, шашны тэргүүнүүд, эдийн засагчид аль хэдийн “Ард түмний вакцин” эвслийг дэмжиж, эрч хүч нэмж байна.
Өнгөрсөн сард АНУ-д хөдөлмөрийн, нийгмийн эрүүл мэнд, шүтлэг бишрэл, арьс өнгөөр алагчлахын эсрэг, шударга ёсны төлөөх байгууллагуудын 100 гаруй удирдагч Конгрессын гишүүд асан, эдийн засагч, уран бүтээлчидтэй нэгдэн, шинээр сонгогдсон ерөнхийлөгч Байденыг энэ онцгой цаг үед АНУ-ын ерөнхийлөгчийнхөө эрх мэдлийн хүрээнд “Ард түмний вакцин”-ыг дэмжихийг уриалав.
ТӨГСГӨЛ
Ард түмний вакцин нь нийтлэг зорилгын дор нэгдсэн үндэсний болон олон улсын байгууллага, идэвхтнүүдээс бүрдсэн нэгдэл юм. Ард түмний вакцин хийх уриалгыг дэлхийн удирдагчид, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, шашны тэргүүнүүд, эдийн засагчид дэмжиж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://peoplevaccine.org хаягаас авна уу.
Мэдээллийн эх сурвалж: www.amnesty.org