COVID-19 цар тахлын улмаас бизнесүүд болон ажил олгогчид томоохон эрсдэлүүдтэй нүүр тулж байгаа ч хүний эрхийг хүндэтгэх ёстой. Эдийн засгаа үргэлжлүүлэх, хүний эрхийг хүндэтгэх асуудал нь наймаалцах зүйл биш бөгөөд хямрал, гамшгийн үед ч мөн адил билээ.
Дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн том, жижиг, салбар нь үйл ажиллагааны төрөл, эзэмшил, бүтэц зохион байгуулалтаасаа үл хамааран хүний эрхийг хүндэтгэх үүргийг “НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн талаарх удирдах зарчмууд”-д маш тодорхой заасан. Энэ нь хөл хорионы дараа бизнесийн байгууллага үйл ажиллагаагаа дахин эхлүүлэхдээ ажилтнуудаа хамгаалах ёстой гэсэн үг юм. Тодорхой компанид шууд харьяалагдахгүй боловч тухайн компанид гүйцэтгэгчээр ажилладаг ажилтныг ч үүнд мөн хамааруулан анхаарвал зохино.
Энэ нь мөн ажил олгогчид COVID-19-ийн халдварын эрсдэлийг багасгах зорилгоор ажилтнуудыг хангалттай хамгаалж, урьдчилан сэргийлж, мөрдөн биелүүлж болохуйц дүрэм, журам, бололцоогоор хангасан байна гэсэн үг юм. Үүнд, хувийн хамгаалах хэрэгслээр үнэгүй хангах, ариутгал, хүн хоорондын зай барих болон бусад хамгаалах хэлбэрүүдийг багтаасан арга хэмжээг авах, халдварын эрсдэлийн талаар ажилтнууддаа тодорхой сургалт явуулж, мэдээллээр бүрэн хангах зэрэг багтана.
Мөн эрүүл мэндэд нь болоод аюулгүй байдалд нь нөлөөлөх эрсдэлүүдийн талаар удирдлагууддаа мэдэгдэх боломжийг ажил олгогчид бүрдүүлэх нь зүйтэй. Тухайлан ажилтнуудын санаа бодлыг сонсож хариу арга хэмжээ авах шаардлагатай. Өөрсдийнх нь эрүүл мэндэд эрсдэл учирч байна гэж үзсэн ажилтан бүр ажлын тухайн ажлын байрнаас холдох эрхтэй.
Амь нас, эрүүл мэндэд аюул нэн даруй учруулах зүйлүүдийг авч хэлэлцэж, аюулгүйн хангалттай арга хэмжээ авах хүртэл ажил олгогч ажилтныг эрсдэлтэй нөхцөлд ажиллахыг үүрэг болгож болохгүй. Энэ нь ажлын байран дээр нь амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулах орчинд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудад хамаарна.
Ажилтнууд өвдөх, эсхүл өөрийгөө тусгаарлах, дотнын хүнээ асрах, гэрээсээ ажиллах зэрэг нөхцөл үүсэж болзошгүй учраас энэ үед нь аль болох уян хатан зохицуулалт хийж, өвчний чөлөө, түр болон ээлжийн амралт олгох, бусад боломжит зохицуулалт, цалин хөлсний асуудлыг шийдвэрлэсэн дээрх хэрэгцээ шаардлагыг дэмжсэн бодлого хэрэгжүүлбэл зохино. Мөн бизнесийн байгууллагууд бага насны хүүхдээ асрах чөлөөг эмэгтэй гэлтгүй шаардлагатай эрэгтэй ажилтанд ч олгох шаардлагатай. Ажилтан халдвар авснаас болж түр хугацаагаар ажиллаагүйг ажлаас нь чөлөөлөх үндэслэл болгох ёсгүй.
Ажил олгогчид ажилтныхаа эрүүл мэндийн даатгалыг хариуцахаас гадна хэрэв цагаач ажилтантай бол амьдрах байрыг ч мөн хариуцна. Ажилтныхаа COVID-19-ийн халдвараас сэргийлэх, эрүүл мэндийн үйлчилгээ авах зэрэгт нь саад учруулах ёсгүй.
Компаниуд ажилтнуудаа ажлын байран дээр нь хангалттай ус, ариутгалын бодисоор хангах шаардлагатай. Ажлын аюулгүй орчин бүрдүүлж чадаагүй тохиолдолд цаашлаад хэрвээ ажилтан ажлын байрандаа Covid-19-ийн халдвар авсан тохиолдолд ажил олгогчид хүний эрхийг хамгаалах үүргийнхээ хүрээнд ажилтнуудад тодорхой хэмжээний эмчилгээний тэтгэмж олгох ёстой. Уг тэтгэмжид санхүүгийн ба санхүүгийн бус нөхөн олговор, үүнд ажлын байранд буцаан ажиллуулах, цаашид гарч болох нэмэлт эрсдэлүүдээс урьдчилан сэргийлж, дам халдваруудыг тогтоох явцын мөнгөн болон мөнгөн бус тусламж зэрэг багтаж болно.
Цаашлаад, бизнесийн байгууллагын явуулж буй үйл ажиллагаагаа нь бусдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа эсэхийг сайтар бодолцох ёстой. Эдгээрт үйлчлүүлэгчид, тухайн бизнестэй ажил хэргийн харилцаатай хүмүүс болон үйл ажиллагаанаас шалтгаалж хохирсон бусад хүн хамаарна. Тухайлбал уул уурхайн компаниуд, тухайн компанийн байршил, үйл ажиллагааны онцлог, ялангуяа ажлын талбар, барилга байгууламж нь вирусыг улам тараах нөхцөлд, вирусыг устгахуйц хангалттай ариутгал, халдваргүйжүүлэлт хийгдээгүй тохиолдолд тухайн компанид ойр байрлах оршин суугчдын эрүүл мэндэд учруулж болох эрсдлүүдийг авч хэлэлцэх шаардлагатай. Хэрвээ компани ажилтнуудаа болон ойр орчмын оршин суугчдын эрүүл мэндийг хангалттай хамгаалах боломжгүй гэж үзвэл мөн үйл ажиллагаанд нь хүний эрхийн зөрчил илэрвэл, хохирсон оршин суугчидтай зөвлөлдсөний эцэст шаардлагатай арга хэмжээ авах хүртэл нь тухайн компаний үйл ажиллагааг зогсоовол зохино.
___________________________________
1 НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн талаарх удирдах зарчмуудад компанийн үйл ажиллагаа болон түүний бизнесийн харилцаа холбооны ялгааг тайлбарласан.
2 НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн талаарх удирдах зарчмууд, 14 дүгээр зарчим.