Үр нөлөөтэй хуулийн төлөөлөл буюу өмгөөлөгчөөр хангагдах эрх
2003 оноос хойш жил бүрийн 10-р сарын 10-ны өдрийг Цаазаар авах ялын эсрэг Дэлхийн өдөр болгон тэмдэглэсээр ирсэн. Олон улсын хүний эрхийн байгууллагууд, хуульчдын холбооноос бүрдсэн Цаазаар авах ялын эсрэг Дэлхийн Эвслээс 18 дахь удаагийн энэ өдрөөр үр нөлөөтэй хуулийн төлөөлөл буюу өмгөөлөгчөөр хангагдах эрхийн асуудалд анхаарал хандуулж байна.
Баривчлагдах, хоригдох, шүүхийн бүх шатанд сайн, үр дүнтэй өмгөөлөгчгүй бол эрх зүйн зайлшгүй процесс хангагддаггүй. Ихэнх үндсэн хууль болон хүний эрхийн баримт бичигт чанартай хуулийн төлөөлөл, өмгөөлөгчөөр хангагдах эрхийг баталгаажуулсан байдаг ч харамсалтай нь олон улс орны шүүх тогтолцоо удаа дараа энэ эрхийг зөрчиж, тэдгээр гэмт хэрэгт холбогдогсдыг шаардлагатай өмгөөлөгчөөр хангахгүй байгааг онцоллоо.
Дэлхийн 142 улс цаазаар авах ялыг хуульдаа болон практикт халж, 2019 онд 20 улс цаазаар авах ял гүйцэтгэсэн ба энэ ялыг халсан улс орны тоо жилээс жилд нэмэгдэж байна.
Цаазаар авах ял нь жигшүүрт, хүнлэг бус ял шийтгэл бөгөөд хорих ял шийтгэлээс илүүтэй гэмт хэргийг зогсооно гэсэн нотолгоо байхгүй нь хүчирхийллийн гэмт хэрэгтэй бид илүү өргөн хүрээнд өөр арга замаар тэмцэх хэрэгтэйг харуулж байна. Гэвч цөөн тооны улс цаазаар авах ялаас татгалзах дэлхийн чиг хандлагыг үл тоомсорлон энэ ялыг гүйцэтгэсээр байна. Ирак улсад цаазаар авах ял гүйцэтгэх нь нэмэгдэж, Саудын Араб энэ ялыг өөрөөр сэтгэгчдийн эсрэг улс төрийн зэвсэг болгон хэрэглэсээр байна.
Нийгмийн тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт, ядуурал, орлогын тэгш бус байдал, хүний хөгжлийн төвшин бага байх, гэмт хэргийн илрүүлэлт сул, ял завшуулах зэрэг маш олон хүчин зүйл хүчирхийллийн гэмт хэргийн өсөлтөд нөлөөлдөг нь судалгаагаар батлагдсан. Эдгээр хүчин зүйлийг бууруулахын тулд нийгэмд эерэг соёлыг төлөвшүүлэх, шударга шүүх ажиллагааг бэхжүүлэх, гэмт хэргийн үндсэн шалтгааныг олж тогтоон урьдчилан сэргийлэх зэрэг бодлогыг хэрэгжүүлэх нь илүү чухал байдаг.
Хүчирхийллийн гэмт хэргийн дараа цаазаар авах ялыг сэргээхийг шаардаж байгаа нь ийм төрлийн гэмт хэргийг зогсоохоос илүү асуудлыг өөр зүгт хандуулдаг. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр ажилладаг байгуулагууд, идэвхтнүүд “Хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргийг ихэвчлэн гэр бүлийн хүрээнд, эсвэл хамаатан, төрөл садны зүгээс үйлддэг тул цаазаар авах ялыг сэргээснээр ийм төрлийн гэмт хэргийг зогсоох бус, харин далд хэлбэрт оруулах, цаашлаад хохирогч, гэрчийн амь насанд халдах аюултай”-г сануулсаар байна.
Ази Номхон далайн бүс нутагт олон хэрэг дээр цаазаар авах ялыг олон улсын хууль, хэм хэмжээг зөрчин шударга бусаар хэрэглэсээр байна. Цаазаар авах ялаар шийтгүүлж болзошгүй гэмт хэрэгт буруутгагдаж буй этгээд сонгосон өмгөөлөгчгүй бол улсаас өмгөөлөгч томилж шаардлагатай бол үнэ төлбөргүй өмгөөлөх ёстой. Өмгөөлөгчөөр хангагдах эрх нь мөрдөн шалгах, шүүхийн өмнөх болон шүүх ажиллагааны явц, давж заалдах шатанд гээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хамааралтай байдаг.