
Монголын Эмнести Интернэшнлийн үүсэл, санаачлага
Монголын Эмнести Интернэшнлийн түүх бол миний ярих дуртай сэдвүүдийн нэг. Монголын Эмнести Интернэшнлийн тухайд, миний хувьд хамтран ажиллаж байхад минь тохиолдсон олон зүйлс, тухайлбал хэрхэн амжилттай ажиллаж байсан, ямар саад тотгорыг туулж байсан зэрэг олон зүйлсийг ярих хэрэгтэй болно.
1992 онд би анх удаа Монгол оронд хөл тавьсан юм. Тэнд хүний эрхийн салбарт ажиллаж, энэхүү үйл хэргийн төлөө явдаг олон байгууллага, хувь хүмүүстэй уулзсан юм. Аялал эхлэхээс өмнө би бэлтгэлийнхээ явцад аялал ямар болох талаар аль хэдийнээ мэдэж сэтгэл хөдөлсөн байж билээ. Надтай хамт АНУ-ын Эмнести Интернэшнлийн гүйцэтгэх захирал ноён Курт Герин явсан бөгөөд ажлын арвин баян туршлагатай, ухаалаг тэр хүн ихээхэн тусалж байв. Бид Монгол улсад ирснээр хүний эрхийн нэрт зүтгэлтэн Я.Цэвэгмид нарын хүний эрхийн төлөө ажиллаж, зүтгэдэг 90 гаруй хүмүүстэй уулзсан юм.
Ноён Цэвэгмид тэр үед Монголын хүний эрхийн байгууллагын тэргүүн байв. Тус байгууллагын гишүүд хуучин Орос улсын дэглэмийн дор улс төрийн үзэл санааны улмаас хоригдож байсан хүмүүсээс бүрдэж байлаа. Тэдгээр хүмүүст тулгарч байсан бэрхшээлүүдийг сонсоод шууд яаж, хэрхэн Эмнести Интернэшнл хүний эрхийн нөхцөл байдлыг өөрчлөхөд тусалж болох талаар бид ярилцсан юм.
Радиогоор мэдээлэл сурталчилгаа явуулсны дараа мэргэжлийн залуу хүмүүс болон оюутнууд ихээр нэмэгдлээ. Бид удалгүй Эмнести Интернэшнлд Залуучууд, Эмэгтэйчүүд, Багш нар, Хуульчдын бүлгийг байгуулав. Ноён Цэвэгмид Монголын Эмнести Интернэшлийн анхны дарга болсон бөгөөд 1994 он гэхэд чадварлаг залуу улс төрч, бизнес эрхлэгч Л.Болд Монголын Эмнести Интернэшнлийг тэргүүлэх болсон байна. Ноён Болдын хувьд тэрээр оюутан байх цагийн идэвхтэн байжээ. Түүнийг дэмждэг олон хүмүүсийн хамтаар Монголын Эмнести Интернэшнл өсч хөгжиж, нэлээд амжилтад хүрчээ. Гэвч тэрээр удалгүй улс төрийн зам мөрөө дагаж Парламентын гишүүн болсон юм. Хэдий тийм боловч тэрээр шилжилтийн үеийг хянамгай ажиглаж, Эмнести Интернэшнлийн Монголын Үндэсний Зохицуулах Хороонд зөвлөх хийхийг зөвшөөрсөн юм. Харамсалтай нь дараагийн жилүүдэд дотоодын зөрчлөөс үүдэж байгууллагад хямрал үүсэн, үйл ажиллагаа суларсан билээ.
Иргэний нийгмийн байгууллагын болон оюутны хөдөлгөөний идэвхтэн М.Гэрэлзул богино боловч тодорхой хугацаанд Эмнести Интернэшнлийг тэргүүлж байсан анхны эмэгтэй дарга болов. Тэрээр Английн сайн дурын байгууллагаас ажилтан авч ажиллуулсан нь байгууллагын хувьд амжилт олох томоохон алхам байлаа. Анхны сайн дурын ажилтан нь хатагтай Белинда Райн байсан бөгөөд тэрээр хүний эрхийн боловсролын төслүүд, удирдлагын ажилд ихээхэн тусалж бас хэлний багшийн ажлыг гүйцэтгэж байв. Тус секцийн хувьд Белиндагийн оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй билээ. Харамсалтай нь тэрээр 2008 оны 11 дүгээр сард Англид нас барсан юм.
Секцийн дотор ахиад л дотоодын зөрчил, үл хүлээн зөвшөөрсөн байдал зэргээс болж 2 жил гаруй хугацаанд үйл ажиллагааны тогтвортой байдал алдагдсан юм. Харин 1999 онд байгууллагын Ерөнхий Чуулганд би оролцсон тэр үеэс Эмнести Интернэшнлийн даргаар профессор С.Нарангэрэл, дэд даргаар С.Эрдэнэ нар удирдах зөвлөлд сонгогдсоор нөхцөл байдал эерэгээр эргэж, сэргэж эхэлсэн юм.
Өндөр чадвартай шинэ удирдлагуудын дор үйл ажиллагаа идэвхжин Монголын Эмнести Интернэшлийн шинэ үе ирсэн.
Энэхүү амжилтад хүрэхэд ажилсаг, чадварлаг гүйцэтгэх захирал Б.Алтантуяа ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Түүний багийханы үйл ажиллагааны үрээр хүний эрхийг хүндэтгэн хамгаалах ажил улам өргөжин тэлсэн билээ. Б.Алтантуяа болон А.Отгончимэг нарын кампанит ажлын зохицуулагчид зорилгоо үр дүнтэйгээр, үр нөлөөтэйгөөр гүйцэтгэж байсан. Чухамдаа Монголын Эмнести Интернэшнл Олон улсын Эмнести Интернэшнлийн нэг үлгэр, загвар болж чадсан юм. Аливаа зүйлийг цагийг нь олж хийх нь амжилт олох эх үндэс ажээ.
Монголын Эмнести Интернэшнл бол зөв хүмүүсээр зөв шийдвэр гаргуулж ажиллан амжилтад хүрэхийн нэг жишээ болсон юм. Секцийг амжилтад хүргэхэд шударга байдал, нэгдмэл үзэл санаа, бүтээлч идэвхийлэл, түүний зэрэгцээ сэтгэл зүрхээ гарган ажиллах нь хамгийн чухал билээ.