ЖИГҮҮРЭЭ ДЭЛГЭ АЯН
ЭРХ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЖИГҮҮРЭЭ ДЭЛГЭ
“Хүний эрхийн хамгаалагч” залуусын туршлага: Монголын Эмнести Интернэшнл

ТОВЧ
“Хүний эрхийн хамгаалагч” зуны сургалтад хамрагдсан манлайлагч гишүүдийн санаачилгаар олон нийтэд хандсан хүний эрх, эрх чөлөөний “Жигүүрээ дэлгэ” аяныг Монголын Эмнести Интернэшнл байгууллага, Нээлттэй Нийгэм хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа.

Аяны тухай мэдээлэл
Хүний эрх, эрх чөлөөний “Жигүүрээ дэлгэ” аян нь Монголын нийгэм дэх хүний эрхийг үгүйсгэдэг хэвшмэл ойлголтуудыг эвдэхийн төлөө эвлэлдэн нэгдсэн хүний эрх хамгаалагч залуусын хөдөлгөөн бөгөөд аяны үеэр хүний эрх хамгаалагч залуучууд хаалттай зам, олон нийт цугласан цэгүүдэд мэдээллийн өртөөнүүд байршуулж 2017 онд батлагдсан “Эрүүгийн хууль”-ийн шинэчилсэн найруулга, “Гэр бүлийн хүчирхийллийн тухай” хуулийн дэвшилтэт талууд, хүний эрхийг хамгаалах салбарт гаргаж буй эерэг өөрчлөлтийг олон нийтэд чөлөөтэй ярилцлага өрнүүлэх хэлбэрээр таниулан ажиллажээ.Уг аяны хүрээнд дөрвөн өртөөнд 33 идэвхтэн гишүүн баг болон хуваагдаж мэдээллээ хүргэсэн. Үүнд:
- Жаргалтай гэр бүл өртөө нь гэр бүлийн хүчирхийллийг ахуйн соёл биш гэмт хэргийн зүйл анги гэдэг ойлголтыг олон нийтэд хүргэж “Гэр бүлийн хүчирхийллийн тухай” хуулийн дэвшилтэд талыг танилцуулсан.
- Хүмүүнлэг Монголд тавтай морил өртөөнд Цаазаар авах ялын эсрэг кампанит ажлыг өрнүүлжээ.
- Хүний эрхэд ээлтэй сургуулийн өртөөнд Шоглох, дарамтлах, дээрэлхэхийн эсрэг кампанит ажлыг өрнүүлсэн. Түүнчлэн хүүхдүүдэд “Эрхүүлэй”, “Нугасны муухай дэгдээхий” зэрэг үлгэрээр дамжуулж бусдын эрхийг хүндэтгэх тухай үлгэрчилсэн яриа хүргэсэн байна.
- Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын давуу талууд өртөөнд 2019 оноос хэрэгжиж эхлэх “Зорчих эрхийг хязгаарлах ял”-ын тухай танилцуулга хийж “зорчих эрхийг хязгаарлах ял”-ын тухай номын хавчуургыг хүмүүст тараасан нь кампанит ажлын үр дүнтэй сурталчилгаа болжээ.
Аяны үр нөлөө
- Нийт 33 идэвхтэн гишүүд хүний эрхийг хамгаалах талаар мэдлэг ойлголттой болж, хүний эрхийг хамгаалах талаар шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаарх мэдээлэлтэй болсон.
- Зохион байгуулагч, хүний эрхийн хамгаалагч залуус хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлээр тодорхой сэдвүүдийг нарийвчлан судлах болжээ. Тухайлбал Сэтгүүлчдийн эрх, аюулгүй байдал, Зорчих эрхийг хязгаарлах ял, Гэр бүлийн хүчирхийлэл, аргагүй хамгаалалтын асуудал, Цаазын ялын асуудал, Шоглон дарамтлахын эсрэг үйл ажиллагаа, Хүний эрхийн хамгаалагчийн эрх, аюулгүй байдал зэрэг сэдвийг сонирхон судлахад уг аян нөлөөлжээ.
- Эмнестигийн хүний эрхийг хамгаалах кампанит ажлын талаарх мэдээллийг олон нийтэд таниулах хөгжилтэй, сонирхолтой бүтээлч арга замыг бий болгосон. Тус аяны хүрээнд 1) Эмнести лого бүхий автобусны картын наалт тараах 2) Нүдний баг хийх 3) Уучлалын захиа буюу Оригами шувуу тараах 4) 3D Далавч хийх зэргээр мэдээллийг олон нийтэд хүргэх шинэ арга, санаанууд гарсан бөгөөд идэвхтэн гишүүд маань өөрсдөө эдгээр хэрэглэгдэхүүний загвар, өнгө төрхийг гаргажээ.
- Уучлалын захиа болох Оригами шувуу нь шоглох, дарамтлах, дээрэлхэхийн эсрэг кампанит ажлын нэг хэсэг болсон бөгөөд тусгай загварын дагуу 200 хүүхэд өөрсдийн гомдоосон хүмүүстээ зориулж уучлал хүссэн захиа бичиж уг захиагаараа цаасан шувуу урласан байна.
- Давхардсан тоогоор 1000 хүнд хүний эрхийг хамгаалах талаар мэдээлэл хүрсэн байна.
- Аяны хүрээнд гишүүд маань хүний эрхийн боловсролыг гэр бүл, найз нөхдөдөө хүргэсээр байгаа бөгөөд ойролцоогоор 400 орчим хүнд мэдээлэл хүрсэн байна.
- Түүнчлэн өөрийн гэр бүл, найз нөхдийн хүрээллээс 150 орчим хүмүүст Монголын Эмнести Интернэшнлийн үйл ажиллагааг танилцуулж, дэмжигч бүлэг үүсгэсэн байна.
Хамтрагч байгууллага
Монголын Нээлттэй Нийгэм Форум
Эмнести бол асуудлыг өөр нүдээр харах, өсөх, хийх бүтээх талбар юм.
Р.Очирбал
Аяны зорилго
- Хүний эрхийн хамгаалагч залуу үеийг идэвхжүүлэх, залуу үед хүний эрх, эрх чөлөөний талаарх өөрсдийн үзэл бодлоо олон нийтэд илэрхийлэх арга барил суулгах,
- Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл хүргэх, хүний эрхийг хамгаалах талаар батлагдсан Монгол улсын хууль тогтоомжийн дэвшилтэд зүйл заалтыг олон нийтэд сурталчлахад нь залуу үед дэмжих,
- Монголын Эмнестигийн Хүний эрхийн хамгаалагч манлайлагч гишүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдний шинэ санал, санаачлагыг дэмжин урамшуулах,
- Монголын Эмнести Интернэшнлийн үйл ажиллагааг олон нийтэд өргөжүүлэн сурталчлах, залуу үеэр дамжуулан олон нийтэд дэмжлэгийн хүрээлэл үүсгэх,
Онцлох идэвхтэн гишүүн
Уг аяны тайлан хурлаар шинийг санаачлагч, идэвхтэн зохион байгуулагчаар Э.Баясгалан, Б.Бүжинлхам, Б.Баярмаа нар шалгарчээ. Тэд бол өөрсдийн шинэ санаагаа өөрсдөө урлаж, бодит болгон үеийн залуучуудыгаа манлайлан, урам өгч ажилладаг бидний мянга мянган идэвхтэн гишүүдийн төлөөлөл юм.
Миний хувьд Нээлттэй нийгэм форумын залуучуудын хөтөлбөрийн хүрээнд Эмнести Интернэшнлтэй хамтран уг аяныг зохион байгуулсан. Монголын Эмнестигийн сайн дурын залуучууд нь бүгд шилдэг санаа дэвшүүлж түүнийгээ хэрэгжүүлэхээр тууштай зүтгэж, тавьсан зорилгодоо хүрдэг, ажилсаг, бүтээлч залуучууд байдаг нь надад маш их таалагдаж би өөрөө ч гэсэн уг хамт олны нэг байж, хүний эрхийн төлөө кампанит ажлуудыг хийхээр Эмнести Интернэшнлд орсон юм. Монголын Эмнестигийн идэвхтэн гишүүд бид “Жигүүрээ дэлгэ” аянаа улам өргөжүүлэн олон олон үйл ажиллагаа хийхээр төлөвлөөд байна.
Хүний эрхийг хамгаалагч идэвхтэн гишүүн
Э.Баясгалан
Анх үзэл бодол, санаа нэгтэй Эмнестигийн залуучууд нийгэмд хандсан ямар нэг үйл ажиллагаа явуулах талаар ярилцаж, тал талаасаа шинэ санаагаа уралдуулан нэгтгэсээр байгаад төслийнхөө ерөнхий санааг гаргаж байлаа. Бид эхэндээ уг санааг ийм өргөн хүрээнд бодитой хэрэгжинэ гэж төсөөлж байгаагүй. Гэхдээ санаа нийлсэн хамт олон, бие биенээ дэмжсэн, хурцалсан хүмүүсийн дундаас бүтээлч санаа ундарсаар байдаг юм байна. Тиймээс бидний зүгээр л ширээ тойрон ярьж байсан санаанууд өнөөдөр бодит болон амжилттай хэрэгжсэнд би маш их баяртай байгаа бөгөөд уг аянаас манай залуучууд маш их урам, эрч хүч авсан.
Хүний эрхийн хамгаалагч манлайлагч гишүүн
Б.Баярмаа
ЖИГҮҮРЭЭ ДЭЛГЭ АЯН
ЭРХ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЖИГҮҮРЭЭ ДЭЛГЭ