Өнөөгийн COVID-19 хямралын үед дэлхийн улс орнууд Хүний Эрхийн Хамгаалагчдыг хамгаалах ёстой.
Нийтийн эрүүл мэндийн төлөөх арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор хүний зарим эрхийг хязгаарлаж буй энэ үед хэнийг ч орхигдуулалгүйгээр COVID-19 тахлыг даван туулахад чиглэсэн бидний тэмцэлд хүний эрхийг хамгаалагчид урьд өмнөхөөс илүү чухал үүрэг гүйцэтгэж байна.
Хүний эрхийг хамгаалагчид нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал болон бусад олон улсын баримт бичгүүдэд тусгагдсан эрхийг хамгаалж, эдгээр эрхийг хэрэгжүүлэхийг шаардан ажилладаг. 1998 онд муж улсуудын зөвшилцлөөр баталсан Хүний эрхийн хамгаалагчдын тухай тунхаглалд тэдний эрх үүргийг танилцуулсан ба хүний эрхийг хүндэтгэн хамгаалахад хүн бүрийн хүний эрхийг хамгаалах эрх нь үндсэн чухал зүйл болохыг хүлээн зөвшөөрчээ.
Ковид зэрэг хямралын үе нь улс орнуудын хүний эрхийн амлалтыг сорьж байна.
Цар тахлын үед ч хүний эрхийг хамгаалах арга хэмжээг бие даан эсвэл хамтдаа хэрэгжүүлж буй хүмүүсийг хамгаалах, тэднийг хүлээн зөвшөөрөхөө дэлхийн улс орнууд дахин амлах нь хамгийн чухал юм. Ялангуяа улс орнууд хүний эрхийг хамгаалах эрхийг хязгаарлаж буй бүх арга хэмжээнүүд нь, түүний дотор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, тайван цугларах эрхэд хязгаарлалт тавих зэрэг нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай байгаа гэдгийг батлах хэрэгтэй.
Цар тахлын үеэр тогтоосон аливаа хязгаарлалт нь шүүмжлэгчид болон хүний эрхийг хамгаалагчдыг зогсоох шалтаг хэлбэрээр эсвэл засгийн газарт тааламжгүй холбогдох мэдээллийг дарах байдлаар ашиглагдах ёсгүй. Онц байдлын үед хүний эрхийн хамгаалалт нь зайлшгүй чухал үйл ажиллагаа болохыг улс орнууд хүлээн зөвшөөрч, хүний эрхийг хамгаалагчдад ажлаа аливаа айлган сүрдүүлэг, аллага, заналхийлэлгүй орчинд гүйцэтгэх боломжийг олгох ёстой бөгөөд ингэснээр бид бүгдээрээ энэ хямралыг даван туулах болно.
ЦАР ТАХАЛЫН ҮЕД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ
Хүний эрхийг хамгаалагчид, түүний дотор судалгаа шинжилгээ, эрүүл мэнд, нийгмийн халамж, сэтгүүл зүй болон бусад чиглэлээр ажилладаг хүмүүс COVID-19-ийн хямралын бүхий л үе шатанд тулгарч буй бэрхшээл, сорилтуудын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх гол үүргийг гүйцэтгэж ирсэн. Тэдгээр хүмүүс нь улс орнуудад хүртээмжтэй бөгөөд найдвартай мэдээллийг шударга бөгөөд ил тод замаар хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд авч буй арга хэмжээнүүд нь хор хөнөөлтэй эсвэл хангалтгүй байгаа тохиолдолд түгшүүрийн дохиоллыг бий болгож өгдөг. Энэ үүргийг гүйцэтгэж байгаа тэдгээр хүмүүст ажлаа үргэлжлүүлэн хийх боломжийг засгийн газрууд олгох ёстой. Харин тэд хяналт шалгалтад хариуцлагатай, нээлттэй байхын зэрэгцээ цар тахлын шинж тэмдэг илрэх үед нотолгоонд суурилсан, үнэн зөв мэдээлэл өгөх замаар хариу барих ёстой.
Эмэгтэйчүүд болон ЛГБТИ хүний эрхийг хамгаалагчид, үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид, байгаль орчин, газрын эрх хамгаалагчид, дүрвэгсэд ба цагаачид, уугуул иргэдийн эрхийг хамгаалагчид зэрэг бусад идэвхтнүүд COVID 19-ийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар болон нийгмийн янз бүрийн бүлгүүдэд ялангуяа хамгийн гадуурхагдсан, эрсдэлт бүлэгт хэрхэн нөлөөлдөг болохыг олон нийтэд ойлгуулахад нь мөн тусалдаг.
Хүний эрхийг хамгаалагчид эрх бүхий байгууллагуудаас авч буй арга хэмжээ нь хүний эрхийг, жишээлбэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хувийн нууцтай байх, эрүүл мэнд, орон сууц, амьжиргааны зохих төвшний эрхийг зүй бусаар зөрчихгүй байхыг хянахад гол үүрэг гүйцэтгэдэг.
Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй хүмүүс, хоригдогсод, дүрвэгсэд, цагаачид гээд гадуурхагдсан бүлэг хүмүүс, хувь хүмүүст шинээр авч хэрэгжүүлж байгаа аливаа арга хэмжээ харилцан адилгүй нөлөөлөх, эсвэл гадуурхагдан үлдэх үед хүний эрхийг хамгаалагчид олон нийтэд мэдэгдэж, арга хэмжээ авахыг шаарддаг.
Хүний эрхийг хамгаалагчид төрийн бус оролцогчид эрх мэдлээ зүй бусаар ашигласан эсэхийг хянадаг. Тухайлбал тэд цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахдаа хөдөлмөрийн болон хүний эрхийн стандартыг мөрдөж ажиллаагүй, эсвэл ажилчдад үзүүлэх эдийн засгийн үр нөлөөг өөрчилсөн, эсвэл эрсдэлтэй үед ажилчдад халдварын хамгаалалтыг хангалттай хийж чадаагүй гэх мэт бизнес эрхлэгчид болон корпорацуудын хүний эрхийг зөрчсөн үйл ажиллагааны эсрэг дуу хоолойгоо өргөдөг.
Эрүүл мэнд, нийгмийн халамжийн ажилтнууд энэхүү тахлын тэргүүн шугамд ажиллаж байгаа бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа, мөн олон цагаар ажиллахдаа сэтгэлзүйн хямрал, ядаргаагаа тэвчиж COVID19-тэй харьцан өөрсдийгөө болон гэр бүлийнхэндээ учруулж буй эрсдэлийг үл харгалзан үйлчилгээгээ үргэлжлүүлэн явуулсаар байгаа. Үүний зэрэгцээ олон мянган хүмүүс тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслах, нэн чухал үйлчилгээ үзүүлэх сайн дурын үйлсэд нэгдэж байна. Хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл, эрүүл ахуй, цэвэрлэгээ, хоол хүнсний үйлдвэрлэл болон өөр бусад чухал салбарт ажиллаж буй ажилчид, бусад хүмүүс ч зарим үед хангалттай хамгаалалтгүйгээр шаардлагатай үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр бүх хүмүүс зөвхөн ажил үүргээ гүйцэтгэдэг төдийгүй ноцтой бэрхшээл, эрсдэлийг үл харгалзан хүн бүрийн эрүүл байх эрхийг хамгаалж байдаг. Тэд ажлаа аюулгүй явуулахад нь шаардагдах яаралтай бөгөөд чанартай хэрэгслүүд, хамгаалалтын арга хэмжээ болон өөр бусад дэмжлэгүүдээр хангагдсан байх хэрэгтэй.
Дэлхий даяарх хүний эрхийг хамгаалагч хувь хүн, бүлэг хүмүүсгүйгээр бид COVID 19-ийг даван туулж, аль болох олон хүний амь насыг аварч, олон айлын амьжиргааг авч үлдэх боломжгүй юм. Тиймээс энэ нь зөвхөн улс орнуудын үүрэг биш бөгөөд хүний эрхийг хамгаалагчдад үйл ажиллагаагаа явуулахыг нь хүлээн зөвшөөрөх, хамгаалах, тэдэнд боломж олгох нь нийгмийн ашиг сонирхолд нийцэж, ингэснээрээ хямралын сөрөг үр дагаврыг бууруулж, хэн ч гадна үлдэж орхигдохгүй юм.
ЗӨВЛӨМЖ
COVID-19 цар тахлаас хойш олон нийтийн санаачилгууд үүсэж, өөртөө туслах бүлгүүд бий болж, хэрэгцээтэй болон хамгийн их эрсдэлт бүлэг уруу хандсан эв санааны нэгдэл идэвхжиж байгааг бид харлаа. Цар тахлын эсрэг хүчин чармайлтад нийгмийн бүхий л салбарыг хэрхэн хамруулахыг харуулж буй арга хэрэгслийг манлайлан удирдаж байгаа хүмүүс болох хүний эрхийг хамгаалагчдыг хүлээн зөвшөөрч, хамгаалах цаг нь болжээ. Хүний эрхийг хамгаалагчид аливаа зүйлийг ялгаварлан гадуурхахгүйгээр шударга байдал, тэгш байдал, эрхийг хангахад өөрсдийн эрмэлзэл, идэвх зүтгэл, хүсэл тэмүүлэл, итгэл найдвараараа тэргүүлж ирсэн. Тэднийг хамгаалах ёстой!
Улс орны эрх баригчид бүх харилцаандаа тодорхой, хоёрдмол утгагүй мессежийг түгээх ёстой:

Хүний эрхийг хамгаалагчид нь COVID-19 тахлын улмаас тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх гол хүчин тул тэд ямар ч үед ялгаварлалгүйгээр хүлээн зөвшөөрөгдөж, хамгаалагдсан байна.
Хүний эрхийг хамгаалагчдын бие махбодод халдах, нэр төрийг гутаахыг тэвчихгүй бөгөөд зохих тохиолдолд буруутай этгээдийг шударга шүүхээр шүүнэ.


Хүний эрхийг хамгаалагчид нь хүний эрхийг хүндэтгэх арга замаар цар тахлыг даван туулах гол түлхүүр тул тэднийг шийдвэрлэх аливаа хамтын үйл ажиллагаанд оруулах шаардлагатай.
Цар тахлын гол шугамд ажиллаж буй хүний эрхийг хамгаалагчдыг хүний эрхийн үйл ажиллагаагаа аюулгүй явуулахад нь шаардлагатай мэдээлэл, багаж хэрэгсэл, хамгаалалтын хэрэгслээр хангах ёстой.
