Монголын Эмнести Интернэшнлээс үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойгоо тохиолдуулан “Хүний эрх, эрх чөлөө” сэдэвт шог зургийн үзэсгэлэн зохио байгуулж байна.
2019 оны 12-р сарын 10-17-ны хооронд Монголын Уран зургийн галерейд дэлгэгдэж байгаа тус үзэсгэлэнд олны танил Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Байды, Соёлын гавьяат зүтгэлтэн шог зураач С.Цогтбаяр болон шог зураач С.Алтангэрэл, Ц.Намжилдорж, Л.Өлзийбат, Д.Гансүх, А.Бат-Эрдэнэ, А.Амарсайхан, М.Амархүү, Ч.Цэцэгдарь, С.Болд, доктор М.Моломжамц нарын 100 гаруй бүтээл тавигджээ.

Жил бүрийн 12-р сарын 10 буюу Олон улсын хүний эрхийн өдрөөр олноо толилуулж байгаа уг үзэсгэлэнд ирсэн бүтээлүүд хүүхэд, эмэгтэйчүүд, орон байртай байх, эрүүдэн шүүхээс ангид байх, үл ялгаварлан гадуурхагдах, хөдөлмөрлөх, амрах эрх зэрэг хүний эрхийн олон асуудлыг толилуулж байна.
Монголын Эмнести Интернэшнлээс хүн бүр эрхээ мэдэн хариуцлагаа ухамсарладаг, бусдын эрхийг хүндэлдэг соёлыг бий болгоход хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү үзэсгэлэнг гаргаад байна.

Шог зургаар уран бүтээлээ туурвидаг хүмүүс хараа, сэтгэлгээ, өндөр мэдрэмж, ур чадвараараа асуудлыг харж, Монголын нийгэмд гарч буй хүний эрхийн зөрчлийг соргогоор олж харан, богино хугацаанд тайлбаргүйгээр шоглон зурж уншигчдад нэгийг бодогдуулж, сэтгэл, зүрхэнд нь хүрч чаддагаараа онцлог юм.

Өөрийн харах өнцөг, өнгө аяс, хэв маягаараа ялгарах зураачид маань уран бүтээлээ ирүүлж“Хүний эрх, эрх чөлөө” шог зургийн үзэсгэлэнд оролцсонд Монголын Эмнести Интернэшнл талархан, баяр хүргэж байна.
Та бүхнийг Монголын уран зургийн галерейд хүрэлцэн ирж, зурагбүхэннэгийгөгүүлэх “Хүний эрх, эрх чөлөө” шог зургийн үзэсгэлэнг үзэж сонирхохыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70004708 утсаар авах буюу Mongolia.amnesty@gmail хаягаар холбогдож авна уу.